ХАР ТАМХИ ГАЗАР АВЧИХ ВИЙ
МАН-ынхан засгийн эрхийг барьж дарга хийсээр байгаад цуглаан, жагсаал хийж чаддаггүйгээ өнгерсөн хоёр жилд өчнөөн баталлаа. Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн дарга агсан Ж.Самбуу нэгэнтээ “Төрийн хүн амнаас гарч байгаа хийгээ анхаарах хэрэгтэй” гэсэн байдаг. Харин тэдэнд анхаарч байгаа юм ер алга. Өнгөрсөн жил нэгэн жагсаал дээр тухайн үед МАН-ын дарга байсан Ө.Энхтүвшин “Махны үнэ 1200 боллоо” боллоо гэчихэж билээ. Иргэд ч “Хэзээ 1200 байсан юм” гэж хашгиралдаад л “МАН-ын дарга нар амьдралаас тасарчихсан байна” гэж шүүмжилсэн. Сүүлд нь махны үнэ 12 мянган төгрөг гэж хэлэх гэж байгаад алдаа гаргачихлаа гэсэн яриа гарсан. Харин түүнээс нь үүдээд махны үнэ 10 мянгыг давсан даа.
Амныхаа хийг анхаарахгүй бол гарсан сөрөг үр дагаварыг нь “хайртай ард түмэн” нь үүрдэг аж. Өөрсдөө эрх барьж байхдаа давхар дээл гэгчийг үүсгэсэн атлаа саяхан жагсаал хийж тэр шийдвэрээ эсэргүүцсэн явдал боллоо. Түүн дээрээ нөмгөн дээлтэй гарч ирээд тайлж үзүүлсэн нь хэлмэгдэж явсан хүмүүст арай өөр өнцгөөр харагдсан гэж байгаа. Тэр нь яахав. Харин давхар дээл тайлуулах жагсаал дээрээ “Өсвөр үеийнхний 40,6 хувь нь хар тамхинд живлээ” гэсэн лоозон барьсан болон “Айл бүрт нэг архичин, нэг янхан байна” гэж хашгирсан нь иргэдийн эгдүүцлийг хүргэлээ.
Хүн бүр “Манайд янхан байтугай архичин байхгүй” гэлцэж байна. Төрийн эрхийг олон жил барьсан нам ийм үгээр иргэдээ доромжлох эрхгүй. Түүний дээр бодлогогүй хэлсэн энэ үгийг чинь гадныхан харж байгаа. Өрсөлдөгчөө хараар будахын тулд улсаа муухай харагдуулах нь даанч хуншгүй байна.
Өмнө нь махны үнэ өслөө гээд үнэхээр өсгөчихсөн шиг явдал дахиад гарах вий. Учир нь өсвөрийн залуусын 40,6 хувь нь хар тамхичин гээд хэлчихээр “Энэ оронд хар тамхины зах зээл байна” гээд наймаачид нь анхаараад эхэлбэл яах вэ. Тооцоо судалгаагүй ийм үг хэлснийх нь төлөө хариуцлага хүлээлгэх эрхзүй байна уу. Эрх дураараа, эсэргүүцэгч гэхэд энэ арай хэтэрлээ.
Ж.БАЯР
URL: