“Хангарьд-2014″ уралдаан боллоо

өвөлНийслэлийн морин спорт уяачдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Нийслэлийн хурд” даага, шүдлэн, хязаалан гэсэн бага гурван уралдаан энэ жил нэрээ өөрчилж, “Хангарьд” нэртэйгээр зохион байгуулагдлаа. Тус уралдаан “Дүнжингарав-2014″ хаврын бүсийн уралдааны маргааш буюу даваа гаригт Цагаан хөтөлд болж, 20 гаруй аймгийн уяачийн 300 гаруй хүлэг тоосоо өргөсөн юм.

Хязаалангийн уралдаанд 100 гаруй шандаст хүлэг гарааны зурхайгаас хөдөлснөөс Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы чонон саарал торгон жолоо өргүүлэв. Тус үрээ өнгөрсөн жил улсын баяр наадамд айрагдаж, давхар уяагаар Архангай аймгийн түүхт 90 жилийн ойд түрүүлсэн юм. Аман хүзүүнд Дундговь аймгийн Хулд сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Эрболдын амин хонгор орж, гуравт Дундговь аймгийн Хулд сумын харьяат, Монгол Улсын алдарт уяач Б.Баярсайханы хул алаг, дөрөвт Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уяач Д.Баярсайханы хээр, айргийн тавд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уяач Ж.Мөнх-Эрдэнийн хар хурдаллаа.

Шүдлэнгийн уралдаанд 80 гаруй морьд гараанаас гарч, Дорноговь аймгийн Сайншанд сумьш уяач Нямбаатарын шарга магнайдаа тоос хүргэлгүй ирж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Т.Төмөр-Очирын хээр аман хүзүүдэв, Гуравт Төв аймгийн Цээл сумын харьяат, Монгол Улсын алдарт уяач П.Баяраагийн зээрд халзан, дөрөвт мөн Баяраагийн хонгор, тавд Дархан-Уул аймгийн харьяат Бат-Эрдэнийн хар бор оров. Шүдлэнгийн уралдаанд 20 гаруй морьд эрлийз гэсэн шалтгаанаар хасагдсан бөгөөд айргийн таван үрээний гурав нь барианд орсны дараа хасагдсан. Тодруулбал, түрүүлсэн алдарт уяач Л.Батмөнхийн сартай зээрд, гуравт орсон тод манлай уяач Г.Сандуйжавын цавьдар халзан, дөрөвт хурдалсан Монгол Улсын алдарт уяач Н.Хүрлээгийн хулыг эрлийз хэмээн үзсэн.

90 гаруй даага гарааны зурхайгаас хөдөлснөөс Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Нэргүйн саарал түрүүлж, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Амарсанаагийн хар аман хүзүүдэв. Гуравт Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат, Монгол Улсын алдарт уяач Л.Батмөнхийн хээр, Дундговь аймгийн Луус сумын харьяат, Э.Пүрэвдоржийн хул, тавд Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уяач Амарсанаагийн сартай хонгор орсон.

Мөн энэ үеэр эрлийз дааганы уралдааныг зохион байгуулсан бөгөөд Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр түрүүлж, уяасан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баярлууллаа. Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Нямсүрэнгийн өсгий цагаан хээр аман хүзүүдэж, Ховд аймгийн Дарви сумын харьяат, ҮАтарсайханы сартай хар гуравт, Төв аймгийн Баянцогт сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач ДМөнхбатын хээр дөрөвт, Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат, алдарт уяач Л.Батмөнхийн хүрэн халзан тавд хурдаллаа.

 

Б.ЗҮЧИ


URL:

Сэтгэгдэл бичих