Өндгөнөөс өргөс ургасан юм байна л даа Д.Сугар дарга аа

2 naizЛ.Оюунгэрэл

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар ямар ч буруугүй гэнэ.
Бүх насаараа төрд үнэнчээр зүтгэж, эхнэр хүүхдээ тэжээхийн тулд  төрийн их ажлын хажуугаар халтуур олж хийгээд амьдралаа болгож байтал хууль хяналтынхан түүнийг нь илүү харж “улсын хөрөнгөнөөс идсэн, уусан” гэх нэр хоч өгөөд байгаа гэнэ.  Иймээс тэрбээр иргэний зориг гарган шалгуулахад бэлэн байгаагаа өчигдрийн өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлж, “АТГ-ынхан намайг шалгаж, өнгөрсөн баларсан буюу Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байх үеийн юм сөхөөд байна. Өө хайх юм бол нарнаас хүртэл толбо олж харна” хэмээн тун хэгжүүн өгүүлсэн байна билээ. Өөрийгөө өндөг шиг өөгүй гэж бодож яван түүнээс АТГ-ынхан яаж ийж байгаад л өргөс ургуулаад байгаа юм байх. Учир нь мань эрхмийн ярианаас АТГ цаанаасаа бэлтгэлтэй, тусгай даалгавраар энэ бүхнийг зохион байгуулаад байгаа юм гэсэн.

 

Тэгвэл өчигдрийн бас нэг дуулианы эзэн нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн экс захирал Б.Энэбиш байв. Уг нь өнгөрсөн баасан гаригт АТГ-аас мэдээлэл хийж мөрдөн байцаалтын үеэр зугтсан оргуул, босуул. Интерполоор хайж байгаа хэмээн мэдээлж байсан энэ эрхэм өчигдөр гэв гэнэт сонины нүүр хуудсаар дамжуулан “Би оргоогүй, бизнесээ хийгээд явж байна. АТГ намайг огт дуудаж байцаагаагүй атлаа яагаад ингэснийг мэдэхгүй байна” хэмээжээ. Ингэснээр нийгэмд дуулиан тариад байсан хоёр  эрхэм АТГ-ынхны яриад байгаа шиг үнэхээр гэм буруутай юу, эсвэл тэднийг улс төрийн золиос болгох гээд байна уу гэсэн хэлэлцүүлгийг хаа сайгүй өрнөхөд хүргэв. Яагаад гэвэл яг ийм утгатай үг төрд нэг үе алба хашиж байсан хоёр эрхэм зэрэг шахам амнаасаа унагасан болохоор.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Б.Энэбишийн хувьд АТГ-ынхан түүнийг шалгана гэдгээ санаатай, санамсаргүй байдлаар мэдэгдээгүй байж болох талтай л юм. Үүнийгээ ч тэрбээр тун тодорхой ярьж гадаад дотоодод байсан гэдгээ хэлсэн байсан. Эндээс нэг зүйл анзаарагдсан нь хэрэв мань хүн үнэхээр  оргон зайлсан, зайлах гэж байсан бол өнөөдрийн нийгэм, эдийн засгийн талаар бас “Эрдэнэс Тавантолгой”-г удирдаж байхдаа хийж байсан ажлынхаа талаар дэлгэрэнгүй ярилцлага өгөх зэргээр өөрийгөө барьж өгөх нь юу л бол.

Харин Д.Сугарын тухайд АТГ-аас түүнийг дуудаагүй, шалгаагүй, нотлоогүй байж өөрийнх нь эсрэг тусгай ажиллагаа зохион байгуулсан гэж байгаа бол үнэнээс хол зөрнө. Учир нь АТГ-аас энэ тухай маш тодорхой мэдээлж, баримтыг нь УИХ-ын даргад хүртэл өгсөн байсан.
Тэрхүү баримтан дунд Д.Сугарын АТГ-т өгсөн мэдүүлэг байгаа бөгөөд уншаад үзвэл анхаарал татах зүйл маш олон байгаа юм. Түүний заримаас сийрүүлбэл:  

Мөрдөн байцаагч: Та Хөрөнгө орлогын мэдүүлгийн “орон сууц, барилга байгууламж” хэсэгт өөрийн болон гэр бүлийн гишүүний хамтран өмчилдөг, эрхийн улсын бүртгэлийн Ү-220415134 дүгээрт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн XIII хороо, “Алтантэвш” хороололд байрлах 30 ам метр талбайтай хувийн сууцыг мэдүүлээгүй байна.
Д.Сугар: Тэр хувийн сууц бол Баянзүрх дүүргийн III хороо Алтантэвш  хороолол дахь 372 ам.метр талбайтай хувийн орон сууцны хамт 2003 онд барьсан манаачийн байр. Энэ барилгыг өөрийн хувийн орон сууцны хамт гэж үзээд  мэдүүлээгүй. 2003 онд 70 сая төгрөгийн зээл аваад манаачийн байр, хашаа зэргийг барьсан.
Мөрдөн байцаагч: Хөрөнгө орлогын мэдүүлгийн “зээл” хэсэгт 2012 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр “Транс Трейд Би Би Эс Би” ББСБ-аас авсан 273,6 сая төгрөгийн, 2012 оны тавдугаар сарын 31-ний өдөр авсан 113 сая төгрөгийн зээлийг, 2012 онд хөрөнгө орлогодоо орсон их хэмжээний өөрчлөлтийн талаар ямар тайлбар өгөх вэ.
Д.Сугар: Би “Транс Трейд БИ Би Эс Би” ББСБ-аас зээл авч байсан. Гэхдээ тэр хэдэн төгрөгийн зээлийг ямар зориулалтаар авсныг санахгүй байна. Би тэр ББСБ-аас мөнгө хэрэг болсон үед зээл авдаг. Түр зээлээд буцаагаад өгсөн учраас хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй. “Транс Трейд БИ Би Эс Би” ББСБ-аас олгож байгаа зээлд би хүү төлдөггүй. Уг компанитай би огт хамааралгүй. Гэхдээ миний нэг тэрбум төгрөгийг хадгалж байгаа Ч.Хоролсүрэн гэдэг хүн дээрх ББСБ-тай холбоотой байдаг. Тэр хүнээс би шаардлагатай үедээ хэлээд мөнгө авдаг. Тэр хүн мөнгийг хаанаас зохицуулж өгдгийг би мэдэхгүй. Зарим үед баримт бүрдүүлэх шаардлагатай гээд санхүүгийн болон зээлийн баримт дээр надаар гарын үсэг зуруулж байсан. Дээрх зээл түр зуурын шинж чанартай байсан учраас хөрөнгө, орлогод орсон их хэмжээний өөрчлөлт гэж Шүүхийн ерөнхий зөвлөлд мэдэгдэж бүртгүүлээгүй.

Мөрдөн байцаагч: Та Хувийн ашиг сонирхлын мэдүүлгийн “гишүүнчлэл, хуулийн этгээдийн удирдах зөвлөлийн гишүүн” хэсэгт 2010 оны арваннэгдүгээр сараас “Хууль зүйн сургалт, судалгаа, төслийн төв” ТББ-ын гишүүнээр бүртгэлтэйг мэдүүлээгүй байна.

-Д.Сугар: Би тэр ТББ-ын талаар санахгүй байна. Тус төвийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцоогүй учраас мэдэхгүй.

-Мөрдөн байцаагч: Та Хөрөнгө орлогын мэдүүлгийн “компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт” хэсэгт мэдүүлсэн “Ай даблью” ХХК, “Даблью даблью” ХХК улсын бүртгэлийн лавлагаагаар гараагүй бөгөөд таны болон эхнэр Д.Цогзолмаагийн нэр дээр бүртгэлгүй байна.

Д.Сугар: Би эдгээр хувьцаат компаниудын хувьцааг худалдаж авсан. Одоо нэр нь өөрчлөгдөөд “Ай даблью Эн” ХК /Айвенхоу майнз/ Turquis Hills”,  “Даблью даблью” ХХК нь “Wins Way” нэртэй болсон. Эдгээр компанийн хувьцаанаас нийт 290 сая төгрөгийн хувьцааг Олон улсын үнэт цаасны биржээс худалдаж авсан. Энэ талаар сүүлийн хоёр жил мэдүүлэгтээ өгсөн. Ногдол ашиг огт аваагүй. Би өөрийгөө “Ай даблью” ХХК, “Даблью даблью” ХХК-тай нэгдмэл ашиг сонирхолтой гэж үзэхгүй байна. Яагаад гэвэл миний авсан хувьцаа дээрх компаниудын нийт хувьцааны маш бага хувийг эзэлдэг.

Тэрбээр АТГ-ынханд ийн ярьж, мэдүүлэг өгч байжээ. Гэхдээ энэ бол түүнийг холбогдуулан шалгаж буй хэргийн дөнгөж эхлэл. Учир нь Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах газрын 2014 оны 10а/2-1613, 1474 дүгээр албан бичгээр тус газарт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа эрүүгийн 201301000163 дугаар хэрэгт Д.Сугарын хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй, “Транс трейд Би Би Си Би” ББСБ-аас авсан зээл, Япон, Солонгос улс дахь орон сууц, Хонгконгийн “Эйч Эс Би Си” банкин дахь оффшор дансных нь талаарх мэдээллийг Авлигын эсрэг хуулийн наймдугаар зүйлд заасныг үндэслэн илрүүлсэн  тухай бичсэн байгаа юм.
Эндээс харахад Д.Сугар энхийн цагаан тагтаа биш гэдэг нь харагдаж буй. Нөгөө талаар яг энэ асуудлаар өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдсан ч намынх нь нөхөд өмөөрч хойшлуулсан, тэр ч бүү хэл зарим нь “Энэ асуудлыг УИХ-аар ярих шаардлага байхгүй. Үндсэн хуулийн цэц бидэнтэй бидэнгүй энэ асуудлыг шийдээд Д.Сугарыг цалингийн  30 хувиар торгоод хохироочихсон байна” гээд бөөн маргаан дэгдээсэн юм. Ингэснээр түүнтэй холбоотой асуудлыг хэлэлцүүлэхийг хойшлуулсан бөгөөд Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржоос энэ талаар тодруулахад “Үндсэн хуулийн цэцийн гишүүний асуудлаар АТГ-аас манай байгууллагад хандсан. Одоогийн хуулиар бол гишүүнийхээ асуудлаар Цэц өөрөө шийдвэр гаргах ёстой. Аливаа байгууллагад ажиллаж байгаа хүн хөрөнгө орлогын мэдүүлгээ хожимдуулсан, мэдүүлэлгүй орхигдуулсан тохиолдолд зохих шийтгэл оногдуулдаг.

ч утгаараа ҮХЦ асуудлыг шийдвэрлэсэн. Д.Сугар гишүүн УИХ-аас нэр дэвшиж томилогдсон учраас энэ хүний асуудлыг нэр дэвшүүлсэн байгууллага нь хэлэлцэх ёстой гэдэг үүднээс манайх хэлэлцсэн. Өнөөдөр Байнгын хорооны гишүүдийн зүгээс энэ асуудлыг эргэн тодруулж, аль нь зөв, яаж шийдвэрлэх зэргийг МАН-ын бүлгээс санал оруулж, хойшлуулахаар боллоо. Цэцийн гишүүнийг эргүүлэн татах нь анх удаа болж байгаа учраас хуулийн дагуу зөв зүйтэй хийх ёстой гэж үзсэн” хэмээнэ билээ. Түүнчлэн Үндсэн хуулийн цэц мөн л энэ асуудлыг хэлэлцэж, Д.Сугарыг хөрөнгө орлогын мэдүүлгээ нуун дарагдуулсан хэмээн үзсэн учраас цалингийн 30 хувиар торгох шийтгэл ногдуулсан нь гадуур бас нэг наргианы сэдэв болж л байна. Гэхдээ хуульд зааснаар болж төрийн албан хаагч ийм зөрчил гаргасан тохиолдолд цалингийн 30 хувиар торгох, албан тушаал бууруулах, ажлаас халах гэсэн заалт байдаг бөгөөд Үндсэн хуулийн цэц ч энэ будлианы хүрээнд дээрх асуудлыг шийдвэрлэсэн бололтой гэдгийг эх сурвалж байсан.
Дашрамд дуулгахад ҮХЦ Д.Сугарын асуудлыг ингэж шийдвэрлэсэн учраас одоо  Төрийн байгуулалтын байнгын хороо асуудлыг хэлэлцэж шийдвэр гарсны дараа Хууль зүйн байнгын хороо хуралдах юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих