Давхар дээлтэй 16 сайд УИХ-ын дарга З.Энхболдыг үл тоож албан бичигт нь хариу өгөлгүй 83 хоножээ

1767de20d01397faoriginalДавхар дээлтэй сайд, гишүүд хэний ч үгэнд орохгүй нь. Тэдэнд эцэстээ хуульч үйлчлэхээ болив. УИХ-ын даргыг ч хууль тогтоох байгууллагын тэргүүн, энэ улсын хоёрдугаар хүн гэж тоож байгаа ч юм алга. 17 сайдыг санал хураалтад оролцвол хууль зөрчсөн болохыг сануулсан сөрөг хүчнийхээ даргыг Халдашгүй байдлын дэд хороонд өгч шалгуулахаар “дарамталж” байна. Давхар албатай болохоороо л ингэж хуулийг ч, УИХ-ын даргыгаа ч, сөрөг хүчнээ ч үл тоомсорлодог бололтой.

Учир нь  энэ оны нэгдүгээр сарын 22 өдөр УИХ дахь сөрөг хүчний дарга С.Бямбацогт УИХ-ын дарга З.Энхболдод хандаж давхар дээлтэй сайд нарыг санал хураалтад оролцуулах эрхгүйг сануулжээ. Харин УИХ-ын дарга З.Энхболд уг албан бичигт нэг хоногийн дараа буюу маргааш нь хариу өгчээ. Гэхдээ УИХ-ын дарга шууд сайд нарыг оролцуулахгүй гэж хэлэх эрхгүй. Тиймээс давхар дээлтэй сайд нарт санал хураалтад оролцох эсэх талаараа бичгээр тайлбар ирүүлнэ үү гэж албан тоот илгээжээ. Ийм бичиг илгээгээд 83 хоножээ. Гэтэл давхар дээлтэй сайд нараас ганцхан Ц.Баярсайхан л хариу өгчээ. Бусад нь УИХ-ын даргын албан тоотод хариу өгсөнгүй. Сөрөг хүчнийхэн сайд нар бидний асуулгад хариу өгдөггүй гээд их гомдоллодог. УИХ-ын даргынхаа албан тоотод хариу өгөхгүй байгаа давхар дээлтнүүд сөрөг хүчний асуулгад хариу өгөхгүй байна гэдэг энүүхэнд л дээ.

Тэгээд ч Монгол Улс хуулиараа албан тушаалтнууд аливаа албан тоотод 30 хоногийн дотор хариу өгөх ёстой. Тэр хуулийг ч давхар дээлтнүүд үл тоож байна. 30 хоногийн дотор хариу өгсөнгүй гээд хариуцлага тооцож байгаа ч юм алга. Энэ улсын хууль хийгээд хариуцлагын систем дампуурч байгаагийн л илэрхийлэл байх. Эсвэл хууль давхар дээлтэй сайдуудад үйлчлэхгүй байгаагийн шинж ч юм уу?

alban toot

Уг нь УИХ-ын дарга бол энэ улсын хоёрдугаар хүн. Засгийн газрын давхар дээлтнүүдийг хянаж чичрүүлж байх ёстой албан тушаал. Ийм хүний албан тоотод хариу өгөлгүй 83 хонож байгаа хүмүүс жирийн иргэдийн захидал санал хүсэлтэд хариу өгөлгүй 4 жилээ дуусгадаг байх. Тэгээд ч УИХ-ын дарга хариу өгөөгүй давхар дээлтнүүдтэй хариуцлага ярихгүй байгаа нь Засгийн газар УИХ-ынхаа дээр гарч суучихаад байгаа засаглалын хямралтай л холбоотой.

Ийнхүү УИХ-ын даргаа үл тоож албан тоотод нь хариу өгөлгүй 83 хоносон сайд нарын давхар дээлийг тайлах эсэхийг маргааш шийднэ. Олон нийт тайлах ёстойг сануулсаар байна. Сөрөг хүчин ч үүргээ сайн гүйцэтгэх болсон. Харин давхар дээлтнүүд тайлахгүй, санал хураалтад оролцоно, ашиг сонирхолын хуулийг зөрчсөн болохгүй гэж ээлж дараалан мэдэгдэж эхлэв.

Тэд ийм сонирхолгүй байсан бол намрын чуулганаар Ерөнхийлөгчийн санаачилсан энэ асуудлыг шийдвэрлэчих байсан юм. Учир нь намрын чуулганаар АН-ын бүлэг завсарлага аваад дараа нь УИХ-ын хуралдааныг хаачихсан. Тэгээд хаврын чуулган нээлтээ хийгээд ярьтал “Шударга ёс” бүлэглэл завсарлага авчихсан. Одоо сунгуулахаар хуулийн гарц хайж байгаа гэнэ. Давхар дээлтнүүд нэг өдөр ч гэсэн хоёр албыг зэрэг хашихийн төлөө улайрч байгаа учир энэ асуудал завсарлага хэлбэрээр хойшилсоор өнөөг хүрлээ.


URL:

Сэтгэгдэл бичих