МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ
Үйлдвэрлэл, бусад хэрэгцээт салбаруудыг үр ашигтай байлгах үүднээс, мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэдэг. Нөгөө талдаа мөнгөний нийлүүлэлт хэт их байх нь үнийг өсгөж байдаг. Тийм ч учраас мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх үү, багасгах уу гэдгийг тухайн цаг үеийн нөхцөл байдалд тохируулан бодлого боловсруулан хэрэгжүүлдэг билээ. Монгол улсын хувьд 2010 онд мөнгөний нийлүүлэлт өмнөх оныхоос 61.6 хувийн маш өндөр өсөлттэй байсан. Яагаад тэгэж их өндөр өсөлтийг бий болгов гэхээр 2008-2009 оны хямралаас үүдсэн эдийн засгийг сэргээх зорилгоор мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэсэн.
Монгол банк нь мөнгөний бодлогыг боловсруулж хэрэгжүүлдэг бөгөөд мөнгөний бодлогын арга хэрэгслүүдэд заавал байлгах нөөц, нээлттэй захын үйл ажиллагаа буюу ТБҮЦ-ны арилжаа, төв банкны санхүүжилт буюу байнгын хэрэгслүүд мөн бодлогын хүү орох юм.
Монголбанкны бодлогын хүү хөдлөхөд түүнийг дагаад арилжааны банкуудын хадгаламжийн хүү, улмаар зээлийн хүүнд өөрчлөлт орохоор хүлээгддэг. Монголбанкны бодлогын хүүний өсөлт нь инфляцийн хөөрөгдлийг бууруулах, мөнгө зээлийн агрегатуудын хурдацтай өсөлтийг сааруулж зохистой төвшинд байлгах, эдийн засгийн хэт халалтаас зайлсхийхэд чиглэгддэг билээ. Харин эдийн засгийн өсөлт саарах шинж тэмдэг ажиглагдвал Төв банк бодлогын хүүгээ бууруулж мөнгөний үнэ цэнийг хямдруулдаг. Ингэснээр зээл олголт, хэрэглээг хөхүүлэн дэмжиж эдийн засгийг сэргээх бодлогыг баримталдаг.
Монголбанк бодлогын хүүг анх нэвтрүүлэхдээ жилийн 6.4 хувиар тогтоож, 2009 онд 10, 2010 онд 11, 2011 онд 12.25, 2012 онд 13.25 байсан бол 2013 онд 2.75 хувиар буулгаж 11.5 хувь болгосон. Ингэж бодлогын хүүг өсгөж бууруулдагийн шалтгаан нь тухайн эдийн засаг хэт халалттай үед мөнгөний нийлүүлэлтийн хумих бодлогыг баримталж бодлогын хүүг өндөрсгөх, эдийн засаг уналттай үед сэргээх гэж бодлогын хүүг багасгадаг. Өнөөдөр 2014 онд бодлогын хүү 10.5 хувьтай байгаа билээ. Мөн л бодлогын хүү өмнөх оноосоо 1 хувиар буурсан байна. Энэ нь манай улсын эдийн засагт мөнгө хэрэгцээтэй байгаа учраас, эдийн засгийг сэргээх шаардлагатай байгаа учраас ийнхүү бодлогын хүүнд өөрчлөлт орсон. Манай улсын эдийн засаг сайнгүй байгаа нь бодит ДНБ-ий өсөлтөөс харж болно. Бодит ДНБ-ийн өсөлт муу байгаа нь эдийн засгийн үнэн дүр төрхийг харуулж байна.
Монгол улсын эдийн засагт мөнгө дутагдаж, үйлдвэрлэлийн салбар хөгжихгүй байгаа нь харагдаж байгаа. Тэгэхээр эдийн засгийн өсөлтийг дарж байдаг мөнгөний хатуу бодлогоос илүүтэйгээр зөөлөн бодлогыг энэ цагт үед зөв хэрэглэж, зөв хэрэгжүүлж чадвал эдийн засаг сэргэнэ.
Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөл 2014 оны 2-р сард хуралдсан бөгөөд макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлын зорилтыг хангах хүрээнд бодлогын хүүг 10.5 хувьд хэвээр үлдээх, Олон улсын зах зээл дээрээс 3 болон түүнээс дээш жилийн хугацаатай бонд болон зээл хэлбэрээр банкны татсан гадаад валютын эх үүсвэрийг заавал байлгах нөөцийн шаардлагаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна.
Э.ҮҮРЦОЛМОН
URL: