“UB town” орчмын барилгуудын бохир хальж Туулын эргийг бузартуулсаар байна ХОТЫН ДАРГАА!!!

4-16-8hБогдхан уул буюу Зайсан орчим бол төрийн тусгай хамгаалалттай бүс нутаг. Гэтэл тэнд  сүүлийн жилүүдэд олон  арван орон сууцны барилга цаг хугацаатай уралдан сүндэрлэж  байна. Энэхүү дархан цаазат бүс нутагт аялал жуулчлалын зориулалтаар гэж  зөвшөөрөл аваад зориулалтыг нь өөрчилсөн, огт зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгууд олон. Ийнхүү ил далд боссон барилгуудад тулгамддаг нэг чухал асуудал байдаг. Тэр бол бохирын шугам. Зайсан орчимд баригдаж байгаа буюу хэдэн сарын дотор ашиглалтад орох барилгууд төвийн бохирын шугамтай хэрхэн холбогддог талаар Ус сувгийн удирдах газраас тодруулсан юм.

Одоогоор Зайсангийн айлуудын бохирын 300 мм диаметртэй шугамны хүчин чадал нь хэтэрсэн бөгөөд  дахиад нэг ч байрыг  холбох боломжгүй болжээ. Тэр тусмаа сүүлд баригдсан барилгуудад техникийн нөхцөл байхгүйг албаны хүн хэллээ. Зайсанд 600 мм диамертэй  шугам барих зураг төслийг боловсруулаад 2008 онд Нийслэлийн Засаг даргын тамгын газарт өгсөн ч одоогоор хөрөнгө мөнгө нь шийдэгдээгүй гэнэ. Тиймээс Зайсанд баригдаж байгаа барилгууд 600 мм диаметртэй шугам баригдах хүртэл техникийн нөхцөл авах ямар ч боломж байхгүй гэсэн үг юм. Үүний нэг тод жишээ бол  дөрвөн жилийн өмнө баригдсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “UB town” орчмын барилгууд.Одоо болтол төвийн бохирын шугамд  холбогдож чадахгүй бохиртоо автан, оршин суугчид нь аргаа барж сууна.

“UB town” орчмын 20 гаруй айлын орон сууцны бохир хальж, өвлийн улирлыг бохир усан дунд өнгөрөөжээ. Биднийг очиход байрнуудын дунд хальсан бохирыг тойруулан элсээр далан хийсэн харагдлаа. Оршин суугчдын хэлж буйгаар айлуудын бохирыг төвийн шугам руу насосоор шахаж өгдөг “Визард” компанийн мэргэжлийн бус үйл  ажиллагаа, хүчин чадалтай муутай насосоос болж өвлөөс хойш өдийг хүртэл  бохир  дундаа амьдарч байгаа гэнэ. “Хавай” хотхоны оршин суугч “Байрнуудын бохир хальснаас болж  хүн явах аргагүй муухай үнэртдэг. Мөн хүүхдийн  эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна. Заримдаа барилгын ажилчдад мөнгө өгөөд үүрүүлж бохир усан дээгүүр гардаг. Агаарыг нь бодоод Зайсанд байр авсан ч бүр дордлоо. Энэ хавийн Богинын ам зэрэг чөлөөт цагаа өнгөрөөдөг байсан газруудад барилга баригдаад чөлөөтэй газаргүй болж байна” гэсэн юм.

“Визард”  компани айлуудын бохирыг төв шугам руу шахах ажил хийж байгаа ч насосын хүчин чадал нь хоёр дахин хэтэрснээс бохир хальсаар байгаа аж. Энэ талаар Ус сувгийн удирдах газрын цэвэрлэх байгууламж, ариутгал татуургын горим тооцоо хэтийн төлвийн инженер Х.Чимгээгээс тодруулахад  “Өнгөрсөн сард Хан-Уул дүүргийн “UB town” орчмын барилгуудын бохирын худаг, шугамыг  долоо хоног цэвэрлэж гурван тонн хог ачсан. Тухайн айлуудын бохирыг соруулдаг “Визард” компанийн насосын хүчин чадал хүрэхгүй, мэргэжлийн бус хүмүүс ажиллуулж байснаас бохир хальсан. Тиймээс бид Хан-Уул  дүүргийн Засаг даргын тамгын газраас өндөр хүчин чадалтай нэг насос гаргуулсан. Мөн дахиад нэгийг нэмж өгөхөөр болсон. Мөн бохирын асуудлыг мэргэжлийн компанид хариуцуулах хүсэлтийг  Нийслэлийн засаг даргын тамгын газарт өгсөн” гэв.

С.САРУУЛ

Эх сурвалж: Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих