МАН-ын дарга М.Энхболд ахмад тариаланчидтай уулзлаа

DSC_0065

Атар газар эзэмшсэний 55 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд Монгол оронд өрнөсөн атрын их аяны анхны шанг таталцаж явсан 38 ахмад тариаланчтай уулзлаа.

Уулзалтад УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, МАН-ын Дотоод асуудал, хамтын ажиллагаа, ТББ хариуцсан нарийн бичгийн дарга Х.Булгантуяа нар оролцсон юм. Энэ үеэр “Монголын ард түмэнд үр өгөөжөө өгсөн 1959-1970, 1970-1980, 2008-2012 оны Атрын I, II, III аяныг Монгол Ардын Нам эхлүүлж, эх орныхоо хөрсөнд ургасан тариа будаагаар өөрсдийн хэрэгцээг бүрэн хангаж байсан. Энэ бүхэн атрын их аяны анхны шанг татаж байсан ахмад тариаланчдын хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой”-г МАН-ын дарга М.Энхболд онцоллоо. Түүнчлэн 1969 онд улсын агрономичдын анхдугаар зөвлөгөөн, 1974 оны нэгдүгээр сард улсын тэргүүний тариаланчдын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж, намын Төв хороо, Сайд нарын зөвлөлөөс 1979 онд 19, 20 дугаар тогтоол гаргасан нь атар газрыг эзэмшихэд чухал үүрэг гүйцэтгэснийг тодотгосон юм.

Харин ахмад тариаланчид шинэ ажил эхлүүлэхэд газар тариалангийн техник технологитой болох, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, тариаланг төрөлжүүлэх, удирдахуйн арга барилыг хөгжүүлэх гэх мэт олон хүндрэл бэрхшээл тулгарч байсан. Гэхдээ энэ хүндрэл бэрхшээлийг тэр үеийн залуус чадна гэсэн итгэл, сэтгэл, оргилуун хүсэл эрмэлзлээр туулж, монголчуудын хүнсний хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж чадсаныг дурсан ярилаа. Гэвч сүүлийн жилүүдэд газар тариалангийн салбар, ялангуяа улаанбуудайн тариалалт буурч, гаднаас импортоор авах хэмжээнд хүрч байгаа нь тэдний 50 гаруй жилийн нөр их хөдөлмөрийн үр шим алдагдаж байгаа хэрэг хэмээн тэд үзэж байгаа аж. Үүнд сэтгэл эмзэглэж явдгаа тариаланчид намын удирдлагуудад дуулгалаа. Мөн тариаланчдыг хүлээн авч уулзан, 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх болсонд талархаж буйн ялдамд засгийн эрх барьж буй нам ч үүнд анхаарах ёстойг сануулсан юм.

МАН-ын зүгээс Атрын III аяныг эхлүүлж, энэ хүрээнд 22,5 тэрбум төгрөгийн техникийн шинэчлэл хийсэн нь газар тариалангийн салбарын салбарт оруулсан том хувь нэмэр болсон. Ингэснээр 2012 онд улсын хэмжээнд 306,1 мянган га талбайд үр тариа, 16,2 мянган га талбайд төмс, 7,1 мянган га талбайд хүнсний  ногоо, 32,3 мянган га талбайд тосны ургамал, 11,1 мянган га талбайд тэжээлийн ургамал, 712 га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 373,5 мянган га-д тариалалт хийж амжилттай ажиллаж байсан. 2011 онд 350 мяган тонн үр тариа хурааж байсан бол 2013 онд 280 мянган тонн болж, 70 мянган тонноор буурсан үзүүлэлттэй гарчээ. 2013 онд тодорхой хэмжээний ургац алдсаны улмаас ОХУ-аас 100 мянган тонн буудай оруулж ирээд байгаа. Ингэж өмнөх үеийнхний хийж бүтээж байсан ололтыг жил гаруй хугацаанд хүнд байдалд оруулсан нь төрийн алдаатай бодлогын уршиг. Тухайлбал, “Тариалан эрхлэлтийн сан”-гаас үрийн будаа зээлээр өгдөг байсан тогтолцоог үгүй хийж, тариаланчдад зээлийн зөрүү тонн тутамд 50000 төгрөг олгодог байсан асуудлыг бүрэн зогсоосон нь тариалангийн үйлдвэрлэлийн хөгжилд тээг тушаа болсон” гэж МАН-ын дарга М.Энхболд хэлж байлаа.

Атар газар эзэмшсэний 55 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах тариаланчдын баярын хурал энэ сарын 17-нд Тусгаар тогтнолын ордонд болно. Дараа нь ахмад тариаланчид Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөх юм.


URL:

Сэтгэгдэл бичих