Иргэдийн жагсаал “Жиргээ”-нд шилжив

social_networkingИргэдэд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь цахим ертөнцөд нээлттэй болж, цаг үе орчин өөрчлөгдөж, нийгмийн сүлжээ ашиглагчид дуртай сэдвээрээ үгээ хэлж, хэлэлцэж, хэрэлдэж суудаг нийгмийн үзэгдэл болжээ.

Тэдний хувьд улс оронд хэрэгтэй хэрэггүй бүх л зүйлээр маргаан өрнүүлж, хувь хүний ахуй амьдрал, соёл, заншлын тухай чөлөөт үзэл бодлыг уралдуулж байна. Харин ийм нийгмийн бүлэг бий болсонтой холбоотойгоор хуучин шиг гудамжинд жагсаж, олныг уриалан үзэл бодлоо илэрхийлэх моод нь тэдний дунд үгүй болж, Твиитерээр жиргэхийг илүүд үзэх болсныг харуулсан гудамжны жагсаалыг шүүмжлэх, егөөдөх, бусдын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нь доромжлох, өөрсдийн дураар аашилж эхлэснийг харуулсан зүйлс сүүлийн өдрүүдэд өрнөв.

Монголчууд эсэргүүцлийн жагсаалыг баруун солгойгүй хийж, тэргүүн эгнээнд нь явсан нөхдүүд төр түшилцэж, олонд танигдаж байв. Хэн ч мэдэхгүй нөхдүүд жагсаалд идэвхтэй явснаар олон нийтэд таалагдаж, улс төрд орж, заримынх нь мөрөөдөөд ч хүрдэггүй УИХ-ын хаалга татаж, гишүүн болж байсан цаг саяхан даа. Гэтэл энэ байдал олонд таалагдахаа больж, гудамжинд гарч лоозон барьж хашгирч, хэдэн телевизээр гарсан болсноос цахим сүлжээнд үгээ хэлж, эсэргүүцлээ илэрхийлэх нь хялбар болжээ. Дэлхийн өнцөг булан бүрт хувьсгал хөдөлгөөнүүд ч олон нийтийн сүлжээгээр эхэлж, өргөн хүрээг хамарсан эсэргүүцлийн жагсаал, улс орныг бүхэлд нь өөрчилсөн хувьсгал болж хувирсныг та бүхэн санаж байгаа байх. Үзэл бодлоо илэрхийлэх нээлттэй талбар болсон цахим сүлжээ орчин үеийн эсэргүүцлийн жагсаал цуглааныг орлож, бүр тэсвэр алдаж тэсрэхээрээ гудамжинд гардаг болоод байгааг анзаарч болно.

Манайд ч гэсэн нийгмийн сүлжээ, цахим хуудас, жиргээгээр хүмүүсийн үзэл бодол секунд тутам хөвөрч, уур бухимдлаа гаргадаг болсныг өнгөрсөн пүрэв гаригт болон өчигдөр зохион байгуулагдсан жагсаал, цуглаанаас тодорхой харагдана.

МАН-ын жагсаал, цуглаан цахим хуудсаар нэг “онигоо” болов. Үнэхээр тэмцлийн хэлбэрээ буруу сонгосон уу, иргэдийн ухамсар дээшилсэн үү, ямар ч байсан талбай дүүргэн жагсаж, олон нийт бухимдлаа илэрхийлдэг цаг өнгөрч, хувьсаж байгааг харуулав. Учир нь МАН-ыхан талбайд жагсаж байхад нийгмийн сүлжээ буюу Жиргээгээр түүнийг эсэргүүцсэн, шоолсон, жуумалзсан, даадаалсан өнгө аяс бүхий жиргээ голлов. МАН-ын идэвхтэй жиргээчид ч энэ талаар амаа хамхиж, олон нийтийн дургүй байгааг мэдсэн ч мэдээгүй дүр эсгэв.

Жиргээнд байсан хүмүүсийн дийлэнх нь уг намынхны хийсэн жагсаалыг “Үнэгүй хошин шог” гэж нэрлэж, мөнгөгүй ядарсан нөхдүүд очиж үнэгүй хошин шог үзсэн нь дээр гэж даапаалав.

Зарим нь бүр Ж.Мөнхбатаар хошин шогийн продакшнууд тоглолтоо найруулуулах нь дээр гэж ч тохуурхав. Мөн У.Хүрэлсүхийн байхад сүртэй жагсаал болдог, цөс нь хөөрдөг, жинхэнэ жагсаал болдог байсныг ч санагалзах нэгэн байв. Сүхбаатараар жагсаал удирдуулвал жинхэнэ гоё болох байлаа гэх мэтээр цахим ертөнцийнхөн талбайд очихоосоо илүүтэй үзэл бодлоо уралдуулж, дийлэнх нь л “Давхар дээл тайлах” жагсаалыг шүүмжлэв. Харин уг жагсаалыг дэмжигчид нь зохион байгуулсан арга нь буруу болохыг хэлж, энэ засгийн зарим сайдыг огцруулах нь уг нь зөв гэдэгтэй дуу хоолойгоо нэгтгэжээ.

Ийм байдлаар МАН-ын “Давхар дээлээ тайлах” тухай жагсаалыг гудамжнаас илүүтэйгээр жиргээчид онцолж, дийлэнх нь “Үнэгүй хошин шог” гэж хүлээн авч, өмнөх хойдохыг нь сануулж, өөрсдийг нь ихээр баалав. Жагсагчдын зорилгыг үгүй хийсэн “Шударга ёс” эсвлэлхний УИХ-ын чуулганаас завсарлага авсан нь даарин дээр давс нэмэв. Тэднийг буруутгасан үгийг Ж.Мөнхбат хэлж, түүнийг дэмжиж Баярсайхан ч тус эвслийг, МАХН-ыг улс төрийн наймаа хийдэг луйварчид гэснээр бухимдлаа тайлж, тэд шаардлагаа УИХ, Засгийн газарт хүргүүлж, УИХ-ын ТГ-ын дарга Болдбаатар шаардлагыг хүлээж авснаар өндөрлөв.

Жагсаал цуглаан хийх эрх нь хэнд ч нээлттэй хэдий ч сүүлийн жилүүдэд улс төрийн намууд элдэв арга сүвэгчилж, мөнгө төгрөгөөр жагсагчдыг хөлсөлж, талбайг дүүргэдэг, иргэний хөдөлгөөнүүд нь идэвхтэй оролцдог байсан бол өнөөдөр тийм байдал алга болж байна. Иргэний хөдөлгөөнийхөн ч гэсэн жагсах эрч нь суларч, үгүй дээ л хэдэн хүн цугласан болоод тардаг жишиг тогтож байгаа ч цахим ертөнцөөр үзэл бодлоо илэрхийлэх хандлага давамгайлж, жагсаал жиргээнд шилжиж байна.

Жиргээчдийн цөөнгүй нь МАН нь сөрөг хүчин шиг байж, бодлогоо шинэчилж, үзэл бодол, монголын эдийн засгийг аврах, хөгжүүлэх бодлогоо тавьж, ирэх сонгуульд дорвитойхон шиг бэлтгэхийг сануулав.

Өчигдөр УИХ-ын гишүүн Г.Уянга сандалтай цуглаан, жагсаал хийв. Тэрээр энэ жагсаал хийх мөнгөө УИХ-ын гишүүний төсвөөс гаргуулна гэсэн нь цахим ертөнцийнхийг алмайруулав. Уг цуглаанд иргэний хөдөлгөөнийхөн, хөгшин настай голдуу ядарсан улсуудыг цугласан байгааг харсан зарим жиргээч Г.Уянга дандаа ядуу хүмүүсийн хүсэл дээр улс төр хийж, нэр хүндээ өсгөж байна гэж шүүмжлэв.

Нийгмийн нэгэн бүлэг болтлоо өргөжин тэлж байгаа цахим ертөнцийн жиргээчид нийгмийн талаарх үзэл бодлоо ийнхүү илэрхийлж, гудамжинд биш “цахим ертөнц”-д жагсах болов. Тэд жагсагчдаас илүүтэйгээр олон нийтэд нөлөөлж, заримдаа чухал шийдвэр гаргахад нь ч төр засагт шахалт үзүүлэх хэмжээнд хүрч байна. Өвлийн олимпийн үеэр манай цахим ертөнцийнхөн хамгийн идэвхтэй байж, монгол нэгд жагсахад хүргэж байв. Ийм идэвх цахим ертөнцөд, жиргээнд байгааг хэн бүхэн мартах ёсгүй.

Хэдэн жилийн өмнө монголчууд гудамжиндаа тугаа бариад жагсах нь илүү хялбар байсан бол өнөөдөр залуучууд маань ихэвчлэн интернэт, цахим хуудсаар дамжуулж, үгээ хэлж, жагсаал цуглааныг дэмжсэн, эсэргүүцсэн байр сууриа чөлөөтэй илэрхийлж, өөрсдийн бухимдлыг тайлж байна. Энэ байдлыг ашиглан олон нийтийн үзэл бодлыг залуурдах, нэг зүйлд төвлөрүүлэх, зориудаар яс хаяж уралцуулан дундаас нь улс төрийн ашиг хонжоо хайгчид ч байгааг сүүлийн үеийн жагсаалын тухай олны санаа сэтгэл, үзэл бодлоос харагдана.

Эрх баригчид Чингисийн талбайд цугласан хэдхэн хүнийг хараад л байдлыг дүгнэж болохгүй бөгөөд цахим ертөнцөд байршиж, өрөөнөөсөө та бүхнийг эсэргүүцэж, дэмжиж байгаа хүмүүсийг аль алиныг нь тооцож үзэх хэрэгтэй болжээ. Нийгмийн уур бухимдлыг гудамжинд жагсаж, үгээ хэлж байгаа хэдхэн настнаар биш нийгмийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүстэй хамтатган харахгүй бол биднийг эсэргүүцэгчид цөөхөн байна гэж харах хэрэггүй л болов уу.

Өнөөдөр өрнөж байгаа эсэргүүцлийн цуглаан, жагсаал, нийгмийн сүлжээнд санал бодлоо уралдуулж, жагсаалд нэгдэж, эсэргүүцэж байгаа хүмүүсийн үйлдэл гудамжинд жагсах нь сонин биш болж, жинхэнэ эсэргүүцлийн хөдөлгөөн, үг хэлэх эрх чөлөө жиргээнд, цахим ертөнцөд шилжсэнийг харуулав.

Ингэж болсон болоогүй жагсаал хийж нэрээ барснаас цахим ертөнцөд, тэр дундаа Твийтер, Фээсбүүкийг эсэргүүцлийн жагсаалдаа нэгтгэж, зангидаж, олон нийтийн саналыг цуглуулвал бараг дээр байх нь.

tentsver.mn

О.Төрөө


URL:

Нэр: Hadas Reales Огноо: 23 December 2018

Thanks a lot; from all of us.

Сэтгэгдэл бичих