Д.Сугарыг ердөө цалингийн 30 хувиар торгоод л өнгөрөв үү?

4935Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарт хариуцлага тооцох тухай хүсэлтийг АТГ-аас энэ сарын 7-ны өдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болоод Үндсэн хуулийн цэцэд хүргүүлжээ.  УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ асуудлыг хэлэлцэхээр товлосон ч УИХ-ын дарга З.Энхболдын санаачлагаар энэ асуудлыг түр хугацаагаар хойшлуулах санал гарлаа.  Шалтгаан нь МАН-ынхан “Д.Сугарт Үндсэн хуулийн цэцийнхэн өөрсдөө цалин бууруулж хариуцлага тооцсон байхад хэлэлцээд хэрэггүй.

Бүр мөсөн хаая” гэсэн санал гаргасан. Харин УИХ-ын дарга З.Энхболд үүнд дургүйцэж “Хууль хяналтын байгууллагаас гэм буруутайг нь тогтоогоод хариуцлага тооцохыг шаардсан байхад МАН-ынхан үгүйсгэж болохгүй. Хаах биш харин хэлэлцэхээс түр хугацаагаар хойшлуулж болох юм”  гэсэн санал гаргаснаар нийт гишүүд дэмжсэн юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа очсон шаардлагын дагуу Д.Сугарын цалинг 30 хувиар бууруулсан гэнэ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар Японы Токио хотын Адачи дүүргийн Шиндэн хороололд 535 сая төгрөгийн үнэтэй байр авсан ч 2008, 2009 оны хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй.Уг байраа 2010 онд зарсан ч орлого болох 535 сая төгрөгийг мөн л хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй.

Хонгконгийн “Эйч Эс Би Си” банкин дахь оффшор данс болон МИАТ-ийн захирал асан Ч.Хоролсүрэнгийн нэр дээр хадгалуулсан мөнгөний талаар 2007 оноос хойш мэдүүлээгүй.  2011 онд Солонгосын Чэжүд 600 сая вонноор худалдаж авсан байраа 2012 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй зэрэг нь тодорхой болсон талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Д.Болор

Эх сурвалж: Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих