Төсвийн мөнгөөр сургууль нэртэй “балгас” барьжээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 32 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга уг нь шинэ. 2008 онд ашиглалтад орж тууз хайчилсан. Гэвч өнөөдөр хүн сууж тэсэхийн аргагүй өмхий, чийгтэй, бас мөөгөнцөртэй болчихож. Юм мэдэхгүй, хүүхдүүд тулдаа л мөөгөнцөр дунд сууж байх шиг байна. Хамгийн аймаар нь сургуульд таван төрлийн мөөгөнцөр ургаж байгаагаас, хоёр нь хорт хавдар үүсгэдэг байх юм. Ийм орчинд хүүхдүүд өсч, хүмүүжиж байхад хүүхдүүд хорт хавдар тусаад байна гэж гайхаад хэрэггүй баймаар.

 

32 дугаар сургуулийн спорт заалны өргөтгөл барилгад зориулж анх 639 сая төгрөг өгчээ. Гэтэл энэ мөнгөөр арай л дуусгахгүй нь гээд 170 сая төгрөг нэмж авсан байна. Уг барилгын тендерт “Аганист” ХХК ялсан байдаг. Гэхдээ тендерээ “Нэмүт” ХХК-д зарж, тус компани уг ажлыг гүйцэтгэжээ. Тендерийн наймааны жишээ энэ.

“Нэмүт”-ийн хулхи барилга ашиглалтад орсноос жилийн дараа Улсын комисс хүлээж авсан байдаг. Яаж харахаараа болно, бүтнэ гээд ашиглалтад оруулах зөвшөөрөл өгдөг юм. Өнөөдрийн байдлыг харвал яавч улсын комисс хүлээж авах байшин биш. Хананд нь цууралт гарсан, шалны плита нь бас байшин нэг тийшээ сууж байгааг харуулж хагарч бутарсан. Дээрээс нь дусаал гоожсоноос болж бүх далд монтаж нь шатсан. Дахиад хийсэн ил монтаж нь бас л масслаад шатсан байх жишээтэй.

 

Өмхий үнэртдэгийн учир

Зундаа саун шиг бөгчим, өвөл нь хөлдөөчихмөөр хүйтэн байдаг шалтгаан нь ерөөсөө агааржуулалттай холбоотой. Даруй дөрвөн төрлийн агааржуулалт хийгээд нэмэр алга гэж сургуулийн захирал Мөнхбат халаглаж сууна. Эхлээд бидний мэдэх сараалжин агааржуулалт хийсэн, дараа нь PVC хоолойгоор агааржуулж, бүр болохгүй байхаар нь цахилгаан агааржуулалт тавьж, сүүлдээ бүр болхи аргаар ханыг нь цөм өрөмдөөд агаар салхи үзье гэжээ. Гэвч нэмэргүй.

Хоёрдахь шалтгаан нь “Нойл”-той холбоотой. Дөрвөн төрлийн агааржуулалттай нойлын өрөө нь цэвэрхэн байхад хүртэл “нэг л юм” үнэртээстэй. Тэр нь анги, ангиар тархаастай. Хар ухаанаар сэтгэвэл доогуур нь явдаг хоолой, холболтод нь л учир байдаг байх.

 

Мөөгөнцөрддөгийн учир

32-ийнхан хамгийн сүүлд сурагчдын өвлийн амралтаар мөөгөнцөрөө хусч цэвэрлэсэн. Гэтэл хаврын урь ороод ирэхийн цагт өнөө мөөгөнцөр нь идэвхийлэн ургаал эхэлчихэж. Мөөгөнцөр чийглэг орчинд ургадгийг бодоод үзэхэд хана, таазанд нь учир байна гээд сургуулийн дээврийг нь хуулаад үзжээ. Гэтэл шороо ч юм уу, хайрга ч юм уу мэдэхгүй дэвссэн юм нь новь нойтон байж. Үүнийгээ “Нэмүт” ХХК-ийнхан засч байна гэж дахиад давхарлахдаа ус зайлуулах хоолойг нь дарчихаж. Ингээд муу дээр муухай, муухай дээр улцан болж, мөөгөнцөрддөг бас, дусаал гоождог болжээ.

Өвөлдөө бол сурагчид ангидаа гадуур хувцастайгаа суудаг байна. Өвлийн хувцасныхаа нэг ханцуйг сугалдаргалаж үзэг барих гараа гаргадаг гэнэ. Цонх нь төө зузаан мөстэй. Салаа дундуур нэмэлт халаалт тавихгүй бол хөлдчих гээд хэцүү байдаг гэж багш нь хэлж байна. Уг нь дулааны шугам сүлжээгээс ирж байгаа халаалт хэвийн хэмжээндээ. Гэхдээ хана, цонх, хаа хаанаасаа дулаан алддаг болохоор тийм хүйтэн байдаг байх юм. Хананаасаа сийгээд байхаар нь гурван салаагаа эсрэг тал руу шахдагаа ч  учирлалаа. Спорт заал нь хөгц, мөөгөнцөрдөө идэгдэж, хөлсний үнэртэй нийлж, толгой мансуурам.

 

Сурвалжлагаар очиж, сургуулийн байдлыг харвал би ч энэ зэргийн байшинг ядах юмгүй босгочих байсан гэж санагдмаар. Ямар ч тооцоо судалгаагүй. “Сургуулийн зориулалттай” гэж барьсан мөртлөө захирлын тусгай өрөө ч байхгүй. “Хангай нар” гэдэг компани зураг төслийн нь боловсруулж өгсөн ч “Нэмүт” нь яг зургийн дагуу бариагүй юм байна.

 

Энэ “балгас”-ыг өөд татах гэж 32 дугаар сургуулийн багш ажилчид жил бүр их засварын дайтай ажил хийнэ. Тэрэнд улсаас мөнгө урсана. Анги бүрт нэмэлт халаалт тавихад хэчнээн төгрөгийн цахилгаан “залгихав”, мэдээж мөнгө. Энэ мэтчилэн дутуу хийсэн ажлаас болж арчилгаа засварт өчнөөн төгрөг зүгээр урсаж байна.  Улаанбаатар даяар сургууль хомс байхад хамгийн ашигтай байрлалтай зайсангийн энэ сургууль анги дүүргэлтгүй. Эцэг эхчүүд ийм орчинд хүүхдээ суулгахгүй гээд шилжүүлчихдэг байна. Тэгээд энэ барилга нь өргөтгөлийн барилга гэж байгаа. Үндсэн барилга нь бүр анктлагдсан. Өмнө нь шавьж, ургамал судалдаг лаборатори байж байгаад сургууль болсон юм билээ. Сургууль нь хүүхэд дарж алж болзошгүй гэж хаагаад ахлах, дунд ангийнхныг нь багштай юутай хийтэй нь Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль руу шилжүүлж. Манай хэд айлын хаяанд байгаа юм шиг л хэцүү байдаг юм билээ гэж өргөтгөлдөө үлдсэн хэд нь хэлж байна. Тараан байрлагдсан сургуулийнхан шинэ байртай болвол уг нь ирнэ. Гэхдээ шинэ байрны мөрөөдлийн зураг л байгаагаас өөр бодит зураг, төлөвлөгөө, төсөв энэ тэр нь бол байхгүй. Хардахад, 32-ийг ингээд л үлгэн салган байлгаад байх нь хэн нэгэнд ашигтай гэмээр. Учир нь Зайсангийн энэ газар их үнэд орно. Их ч талбайтай газартай юм байна. Өмнөх захирал Балган нь ажилчдын орон сууц барих нэрийдлээр арын газартаа барилгын компани оруулж ухуулсан ч удаа байна. Өнөө барилгын компанийн ажлыг зогсооход сургуультай юутай хийтэй нь түрчихье л дээ гэсэн санал хүртэл гаргаж байсан байх юм. Хүмүүс ээ, энэ чинь хүүхдийн сургууль шүү дээ.

 

Арга ядсан сургуулийн удирдлагууд 2010 оны тавдугаар сараас хойш харьяа дүүргийнхээ барилгын хэлтэс, нийслэлийн удирдлага, боловсролын газар, боловсролын хэлтэс гээд хэл хүрэх газартаа хэлж, хөл хүрэх газраараа явж 37 удаагийн албан тоот илгээсэн байна. Харамсалтай нь өнөөг хүртэл асуудал шийдэгдээгүй. 32 дугаар сургуулийн хүүхдүүд мөөгөнцөрт идэгдсэн, хорт хавдар үүсгэх хор ялгаруулсан, өмхий, чийглэг орчинд суралцсаар байна.

 

Л.Энхдэлгэр

Eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих