Хан Хэнтийг хамгаалахад Иргэний нисэхийнхэн хамтарч ажиллана

2a3e0b4d3ca926edc80d6bb3f45fd529_LМонгол орны төдийгүй бүс нутгийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалахад чухал үүрэгтэй Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих ажилд иргэний нисэхийн салбарынхан хамтран ажиллахаар боллоо.

ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Лхагвасүрэн, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад нар хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурсан байна. Санамж бичигт тусгаснаар Тусгай хамгаалалттай газар нутагт гарч болзошгүй ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх болон түймэр гарсан тохиолдолд талууд хамтран ажиллахаар болжээ. Хамгаалалтын захиргааны зүгээс Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг гаргаж өгөх ба энэ дагуу нь ИНЕГ-аас түймрийн мэдээг цаг алдалгүй Хамгаалалтын захиргаанд мэдэгдэж байх юм.
Мөн Тусгай хамгаалалттай газар нутагт нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчдээс Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанаас авсан зөвшөөрөл байгаа эсэхэд хяналт тавих, нислэг үйлдэх зөвшөөрөл хүссэн хүсэлтийг нь хянан үзэж зохих зөвшөөрөл олгох, эсвэл татгалзах хариуг ажлын 1 хоногт багтаан шийдвэрлэж байх, нислэгийн үйл ажиллагаанд хяналт тавих зэргээр хамтран ажиллахаар болжээ. Байгалийн гамшиг болон гал түймэр гарсан, хүний амь нас аврах, эсвэл гэмт хэрэгтэнг илрүүлэх, эрэн сурвалжлах зэрэг гүйцэтгэх ажиллагаа яаралтай явуулах зайлшгүй шаардлагатай үед урьдчилсан зөвшөөрөлгүй нислэг үйлдэж болох ба эдгээрээс бусад тохиолдолд тухайн газрын хамгаалалтын захиргаанаас урьдчилан авсан зөвшөөрөлгүйгээр агаарын хөлгөөр буулт хийх, хэт нам өндрөөр нислэг үйлдэхийг хориглох талаар санамж бичигт тусгасан байна.

Н.Туяа

 


URL:

Сэтгэгдэл бичих