Шүүгчийн туслахуудын зөвшөөрлийг хүчингүй болгохгүй
Өнгөрсөн долоо хоногт зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Зарим хуульчийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэсэн агуулгатай мэдээлэл гарсан. Энэ нь ташаа мэдээлэл бөгөөд туслахуудын зөвшөөрлөлийг хүчингүй болгохгүй юм.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хүрээнд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу хуульчийн гэрчилгээ авсан “хуульч”-ийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг баталгаажуулах үүднээс шинэ хуулийн дагуу хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг эрхлээгүй байгаа этгээдүүдийг хуульчдын нэгдсэн бүртгэлд хамруулсан.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэдэг ойлголтыг тайлбарлаж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны төрлийг нарийвчлан зохицуулсан тул одоо шүүхийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа болон бусад байдлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хараат бусаар бие даан явуулах боломжгүй байгаа хуульчдын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх асуудал яригдаж байгаа. Хуульчдын холбоо нь энэ асуудлыг шийдвэрлэхдээ зохих судалгааг хийж, дээрх хуульчдын зөвшөөрлийг түдгэлзүүлэх ажиллагааг нэгдсэн журмаар зохион байгуулана.
Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлууд нь өөр өөр утга санааг илэрхийлэхийн зэрэгцээ өөр, өөр хууль зүйн үр дагаврыг үүсгэдэг бөгөөд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тохиолдолд тухайн хуульч нь зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй боловч түдгэлзүүлсэн нөхцөл, шалтгаан арилсны дараа мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө шууд сэргээлгэх боломжтой. Харин хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосноор тухайн хуульч нь дахин хуульчийн шалгалт өгч байж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах шаардлагатай юм.
URL: