Эдийн засгийг идэвхжүүлэх тухай тогтоолоор дахин мэдээлэл сонсох болжээ
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монголын банкуудын холбооны төлөөллийг хүлээн авч мэдээллийг нь сонсчээ.
Бүлгийн хуралдааны мэдээллийг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Оюунхорол нар өгөв. Монголын банкуудын холбоо бүлгийн хурлын үеэр Засгийн газраас өргөн барьсан “Эдийн засгийг идэвхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгагдсан зарим заалт эдийн засгийг тэтгэж байгаа арилжааны банкуудыг элгээр нь хэвтүүлэх эрсдэл дагуулж буйг мэдээлсэн аж. Мөн чанаргүй зээл их хэмжээгээр өсч байгаа энэ цаг үед дээрх тогтоолын төслийг хэлэлцэхдээ тал бүрээс нь нухацтай хандах шаардлагатайг арилжааны банкуудын төлөөлөл хэлж байв. Мөн улсын эдийн засаг хямрах бүх нөхцөл бүрдсэн, төр засгийн бодлогогүй үйл ажиллагаа үүнд нөлөөлж байгааг онцолсон гэв. Үүнтэй холбогдуулж МАН-ын бүлэг “Эдийн засгийг идэвхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан хууль санаачлагчид болон Монголбанкны удирдлагуудын мэдээллийг бас сонсож, асуудлыг тал бүрээс нь сайн судалж байж шийдвэр гаргах ёстой гэж үзжээ. Мөн баялаг бүтээгчид, томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь дахин сонсохоор төлөвлөж байгааг бүлгийн дарга С.Бямбацогт хэлэв.
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол царцаасан 243 объектын талаарх аудитын дүгнэлтийг өнгөрөгч баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед МАН-ын бүлгээс завсарлага авсан шалтгааныг тайлбарлав. Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг боловсруулж хуулийн хугацаанд өргөн мэдүүлээгүй, 2014 оны төсвийн хуульд “0″ дүнтэй тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, хугацаа удааширсан шалтгааныг тогтоож дөрөвдүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүл гэсэн үүргийг биелүүлээгүй гэж үзсэн аж. Өөрөөр хэлбэл, Төсвийн байнгын хороо энэ асуудлыг санаачлан УИХ-д оруулж ирж байгаа нь Төсвийн хууль зөрчиж байна гэж үзсэн учир МАН-ын бүлэг энэ асуудлаар завсарлага авсан гэлээ.
Мэдээллийн дараа бүлгийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Сайд нарын “Давхар дээл”-ийг тайлах хуулийн төслөөс “Шударга ёс” эвслийн бүлгийн авсан завсарлагыг юу гэж дүгнэж байгаа вэ?
Д.Оюунхорол: Манай бүлгийн хувьд хуулийг 2014 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэсэн байр суурьтай байгаа. Ер нь УИХ-ын гишүүд хуулийг 90 хоног уншаад шийдэлд хүрэхгүй байна гэж байхгүй. АН-ын бүлгээс 65 хоног завсарлага авсны дараа орж ирж байгаа хуулийн төсөл дээр эвслийн бүлэг тодорхой эрх ашгийн үүднээс завсарлага авсан гэж бид харж байгаа. Засаглалын хямрал улс орны эдийн засгийн хямралд хүргэж байгааг бид цаг алдалгүй засч залруулах ёстой.
-Хэрвээ Засгийн газар огцрохгүй бол УИХ-ыг тараана гэж ярьж байсан. Энэ асуудал бүлэг дээр яригдсан уу?
С.Бямбацогт: Улс орны эдийн засгийг доройтуулсан албан тушаалтнуудад хариуцлага ярих эрх нь нээлттэй байгаа. Энэ асуудлыг үе шаттай ярина. Эхний ээлжинд хууль эрх зүйн асуудлаа шийднэ, цаашлаад Монголбанк, УИХ-ын асуудал яригдана. УИХ ажлаа хуулийн дагуу явуулах чадамж байна уу, үгүй юу гэдэг дээр гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа. “Давхар дээл”-тэй, ажлаа хийж чадахгүй түүртэж яваа Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцож чадахгүй байгаа УИХ байх уу, үгүй юу гэдэг асуудал аяндаа яригдана.
Н.Туяа
URL: