Торонтод очиж Монголын нэрийг шороотой хутгасан Д.Ганхуягын балагаар Монгол улс хөрөнгө оруулагчдын анхаарлаас мултрав

IMGL9756_-_Copy

Америкийн нэгэн сэтгүүлч Мексикийн Ерөнхийлөгчөөс “Хойд Америк хөгжөөд байхад Өмнөд нь яагаад хөгжихгүй байгаа юм бэ” гэж асуухад тэрбээр “Хойд Америкт хүмүүс мөрөөдлөө биелүүлэх гэж очсон. Харин Өмнөд Америкт хүмүүс алт ухах гэж л ирсэн” хэмээн хариулжээ. Үүнтэй адил монголчууд эх орноо хөгжүүлэх мөрөөдлөөр улстөрчдийг сонгодог. Харин улстөрчид нь зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө төрийн албанаас “алт ухах” гэж сонгогддог бололтой. Төр түшилцэнэ гэдгийг төсвийн хөрөнгийг хувааж иднэ, тендер будлиантуулна гэж ойлгосон хүмүүст улсын жолоо атгуулсан нь ард түмнийг аймшигтай харанхуй ангалын ирмэгт авчраад байгаа. Удахгүй Монгол орон дэлхийн хаанаас ч хайгаад олдохгүй замхарч алга болохыг үгүйсгэхгүй. Яг л сар гаруйн өмнө сураггүй алга болсон Малайзын онгоц шиг…
Үнэндээ бидний хувь заяа төрд шургалсан луйварчдын гарт “бэлэг” болоод орчихсон. Тийм ч учраас салбараа мэддэг сайд гэж алга. Үүнд нэг л жишээ дурьдахад хангалттай.
Өнгөрөгч гуравдугаар сард Канадын Торонтод болсон “PDAC 2014” олон улсын чуулга уулзалтад дэлхийн 125 орны 30 мянга гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд Манай улсаас уул уурхайн сайд Д.Ганхуяг тэргүүтэй 50 орчим компаний төлөөллүүд оролцсон. Уг уулзалтад сайд Д.Ганхуяг англи хэл дээр танилцуулга /presentation/ тавьсан бөгөөд үүгээрээ Монголын уул уурхайд хөрөнгө оруулагчдыг татах биш харин ч эсрэгээрээ хамгийн ихээр түлхэж орхисон. Ажлаа мэддэггүй сайдын алдаа мадагаар дүүрэн танилцуулгыг харсан гадныхан байтугай англи хэл гадарладаг Монголчууд нь хүртэл халаглаж, өмнөөс нь ичиж суув. Үүнээс үзэхэд бүхэл бүтэн яаманд жилд ганцхан болдог олон улсын хуралд танилцуулах материалыг англиар алдаа мадаггүй бэлдчих хүн байхгүй байна гэдэг дэндүү эмгэнэлтэй. Үнэндээ энэ нь тэдний эх орноо гэсэн сэтгэл, ажлын дадлага туршлага, хариуцлагаа ямар түвшинд ухарласныг л харуулж байгаа хэрэг юм. Угтаа бол улс эх орноо гадныханд сурталчилж, тэдний нүд, чихийг Монгол тийш хандуулах ховор боломж энэ байсан. Харамсалтай нь тэд уг чуулганд оролцсоноор Монгол гэдэг нэрийг шороотой хутгасан нь ганц энэ танилцуулгаар зогсоогүй юм. Үүнээс гадна чуулганд оролцох гэж очсон хэд хоногтоо Д.Ганхуяг сайдаар тэргүүлсэн хэсэг нөхөд нүдээ улайж, нүүрээ хавдтал архидаж, эцэс сүүлд нь эх орныхоо нэрийг олон улсын өмнө унагааж, шившигээ хутгасныг чуулганд оролцохоор хамт явсан хүмүүс бүгд гэрчилнэ.
Монголын эдийн засгийн тулах цэг болсон Уул уурхайн сайд Д.Ганхуяг гэх энэ хүн хими технологийн инженер мэргэжилтэй. Тэрбээр 1984 онд Улсын багшийн дээд сургууль, 1985 онд Япон улсын Токио хотын Гадаад хэлний дээд сургууль, 1989 онд Япон улсын Киото хотын Политехникийн дээд сургууль, 1990 онд Удирдлагын хөгжлийн институт, 1996 онд АНУ-ын Колорадо мужийн Денверийн их сургуулийн Эдийн засаг менежментийн институт зэргийг тус тус дүүргэсэн. Хэдийгээр мэдлэг боловсролын хувьд өндөр ч Уул уурхайн яам удирдах туршлага хомс.
Дэд сайд О.Эрдэнэбулган нь 1995 онд ШУТИС-ийг инженер мэргэжлээр суралцаж төгссөн. Үүний дараа 1999-2001 онд Итали улсад Олон улсын бизнесийн сургуулийг дүүргэсэн. Урьд нь МСS холдингид менежерээр ажиллаж байсан. Мөн Төрийн өмчийн хороо, Сангийн яаманд ажиллаж байснаас гадна Анод банкны газрын даргын үүрэгт ажлыг хашиж байсан.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид нь 1980 онд МУИС, 1985 онд Япон улсад Нэхмэлийн дээд сургуулийг төгссөн.
Ингээд уул уурхайн яам гэх Монгол улсын тулгуур эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа гол салбарын гурван дарга нь гэхэд л дадлага, туршлага байхгүй, эзэмшсэн мэргэжил нь ажиллаж буй салбараасаа хол хөндий хүмүүс байх жишээтэй.
Ийм л хүмүүс эх орны минь жолоог гартаа атгаж явна. Ардчилал нэрийн доор албан тушаалаа ханцуйн дотроо наймаалцаж, ард иргэдийнхээ гэрэлт ирээдүйг үгүй хийж байгаа сайд дарга нар ард түмнээ бодоод, ажлаа мэддэг хүнд нь өгөх ёстой баймаар. Харамсалтай нь тэдэнд чаддаг ч бай чаддаггүй ч бай албан тушаалдаа л удаан тогтож, ахиухан мөнгө халааслахаас өөр хүсэл даанч алга.
Үргэлжлэл бий…
Н.Мөнх-Өлзий www.secret.mn

URL:

Сэтгэгдэл бичих