Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга С.Туул яг юу хийчих нь энэ вэ?
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга С.Туул хатагтайн гаргасан 2014 оны 01-р сарын 30 ны А/11 тоот ‘ Тусламж үйлчилгээг зохицуулах тухай ‘ гэсэн тушаал иргэдийг чирэгдүүлж хэдэн хувийн эмнэлгүүдийн дунд бөөн бантан болгож орхижээ.
Энэ оны нэг сарын 30-ны өдөр Эрүүл мэндийн сайд А31 тоот нийгмийн даатгалын сангаас санхүүжих 2014 оны эмнэлэгүүдийн сонгон шалгаруулалтын дүн гаргасан байна. Үүнд улсын хэмжээний төр хувийн хэвшлийн бүх төрлийн эмнэлгүүд оролцжээ. Сонгон шалгаруултын эцсийн шиийдвэрийг улсын хэмжээнд эрүүл мэндийн сайдаас гаргаж байхад түүнтэй өрсөлдүүлэн сайдын тушаалыг эсэргүүцсэн дутуу дулимаг тушаалыг нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга яг энэ өдөр гаргасан байдаг. “Бушуу туулай борвиндоо баастай” гэдэгийн үлгэрээр гэв гэнэт бодлогогүй хандаж, ямарч судалгаа хийлгүйгээр эрх мэдлээ хэтрүүлсэн хууль бус тушаал гаргасан байх юм. Энэ тушаал нь нийслэлийн хэмжээнд хэвийн явагдаж байсан мэс заслын тусламж үйлчилгээг доголдуулахад хүргэж байна.
“Мишээл” эмнэлэгт сүрьеэтэй хүмүүсийг авч эхэллээ, халдвар улам тархах бус уу?
Уушгины мэс заслаар үйл ажиллагаа үзүүлнэ гэж сонгон шалгаруулалтад орсон “Мишээл” эмнэлэгт шууд хэвлийн хөндийн яаралтай мэс заслын тусламж үзүүлэх тушаал гаргасан. Эмнэлэгийн онцлогийг сонирхвол уушигны сүрьеэтэй хүмүүст мэс засал хийдэг эмнэлэг гэж байгаа. Гэтэл нөгөө агаар дуслаар дамждаг сүрьеэ одоо хэвлийн хөндийгөөр тарна гэсэн үг болж таарч байна. Угтаа бол уушигны эмнэлэг тусгайдаа хүн ам суурьшсан газраас зайдуу оршдог. Сүрьеэ өвчтэй хүмүүстэй нэг байшинд ерөнхий мэс заслын эмчилгээ явуулна гээд бодохоор байж боломгүй. Нөгөө халдвар хамгаалал стандарт хаа байна вэ?
Энэ эмнэлгийн хувьд яаралтай тусламж үзүүлэх тушаал гарсан өдөр ямар ч бэлтгэлгүй байсан гэх. Ингээд гурван өдрийн дотор бэлд гэснээр эмч сувилагчийн эрэлд гарсан байх юм. Хүний амь ийм хямд гэж үү? Цаашлаад ямар ч бэлтгэлгүй байсан эмнэлэг хүн бүрийг зоосны нүдээр харж эхэлж байна. Зовиурлаад ирсэн хүн бүрийг шууд хэвтүүлэн истори нээж 2-3 өдөр ажиглах нэрээр хугацаа алдуулан дараагийн шатны эмнэлэгт шилжүүлэх үйлдэл хийх болжээ. Ингээд нээсэн историо хааж даатгалаас мөнгө нэхэмжилж хүний амь насаар ашиг хонжоо хийж эхэлж байгааг нэрээ нууцлахыгг хүссэн эмч бидэнд мэдэгдсэн. Бас нэг асуудал нь “Мишээл” эмнэлгийн эмч нар туршлага гээд байх зүйлгүй хэрнээ хэвлийн хөндийн яаралтай хагалгаа хийдгийг мэргэжлийн хүмүүс гайхаж байна.
“Гранд мед” эмнэлэг ч яаралтай тусламж үзүүлэх эрх авчээ
“Гранд мед” эмнэлгийн хувьд ямар ч тусгай зөвшөөрөл болон магадлан итгэмжлэл аваагүй гэдэг. Хамгийн гол нь сонгон шалгаруулалтад ороогүй хэрнээ мөн л дээрх тусламж үйлчилгээг үзүүлэх эрх авсан гэх. Ингэхдээ Хан-Уул дүүргийн 1-3, 11,15 дугаар хорооны иргэдэд үйлчлэх үүрэгтэй. Энэ байдлаас харахад байшин л барьсан бол ямар нэгэн тусгай зөвшөөрөл магадлан итгэмлэлгүй ч гэсэн эмнэлэг нээгээд, бүр тэр дотроо яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх эрх авч болж байна. Энэ ямар гээчийн хууль дүрэм бэ?
“Мангут” эмнэлэг яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж чадахгүйгээ мэдэгдэн больжээ
Хүүхэд, дотор, эмэгтэйчүүд, чих хамар хоолойн тусламж үйлчилгээ мэс заслын үзлэг хийдэг “Мангут” эмнэлэгт мөн л мэс заслын яаралтай тусламж хуваарилжээ.
Дээрх тушаал гарсан өдөр уг эмнэлэг хэвлийн хөндийн яаралтай тусламж үзүүлэх болсоноо мэдэж баг бүрдүүлэхээр эмч ажилтаны эрэлд гарсан гэж байгаа. Ганц нэг эмчтэй болж яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх гэж оролдсон байдаг. Гэхдээ эцэст нь Нийслэлийн эрүүл мэндийн газарт тусламж үйлчилгээ үзүүлж чадахгүй гэдгээ мэдэгдэн больжээ. Ингээд Баянгол дүүргийнхэнд “Мангут” эмнэлэг мэс залын тусламж үзүүлж чадахгүй болсон тул хуваарлагдсан дүүргийн иргэд хаана очихоо мэдэхгүй чирэгдэж байна. Энэ эмнэлэгт Сонгинохайрхан дүүргийн 22-32 дугаар хорооны иргэд болон Баянгол дүүргийн 1-11, 16, 17, 20-23 хорооны иргэд хуваарилагдсан байжээ. Одоо тэд хаана хандах бэ?
Дүүргийн нэгдсэн эмнэлэгт ийм ачаалал өгсөн нь бас л алдаа байлаа
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт дээрх тусламжийг хуваарилснаар бас нэг алдаа хийжээ. Учир нь дүүргийн эмнэлэг ямар ч хүний нөөц бэлэн байдал байхгүй. Дүүргийн эмнэлэгийг ийм ачаалалд дарснаар иргэд одоог хүртэл цаг хугацаа алдаж, хаана үзүүлэхээ мэдэхээ больжээ. Тэр дундаа Яармаг, Био ,Шувуу ,Өлзийт зэрэг хотын захын хорооны иргэд ийм зовлонд унаж байна.
С.Туул дарга өөр ашиг сонирхолтой байсан юм биш биз!
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга С.Туулын гаргасан бодолгүй бас бодлогогүй тушаалаас болж жирийн ард хөлд нь чирэгдэж байна.
Магадгүй С.Туул даргын гаргасан энэ тушаалийн цаана ашиг сонирхолын зөрчил байгаа юм биш биз гэх хардалт төрж байна.
Учир нь энэ жилээс эхлэн хувийн эмнэлгүүдэд эрүүл мэндийн даатгалаас олгох мөнгөний хэмжээ нэмэгдсэн. Энэ нь өнөө эмнэлгүүдийн истори бичиж даатгалаас мөнгө авах гэсэн сонирхолыг нь өдөөж байгаа юм биш биз Н.Удвал сайдаа!
С.Туул дарга ямарч бэлтгэлгүй, өөр үйлчилгээ үзүүлдэг хувийн эмнэлгүүдэд мэс заслын, тэр дундаа яаралтай мэс засал хийх эрх олгож байгааг юу гэж ойлгох бэ?
Тэгээд бүр өөрийн тушаалаар хэрэгжүүлж эхэлсэн нь ямар нэг эрх ашгийн сонирхолтой байх гэсэн хардлагыг төрүүлж байгааг хэлмээр байна.
Энэ асуудлыг Авилгалтай тэмцэх газар ч анхааралдаа авч шалгах учиртай.
Мэс заслын яаралтай тусламж гэдэг бол яаралтай хагалгаа хийж амь насыг нь аврах тухай асуудал. Мэс заслын яаралтай тусламжийг мэрэгжсэн эмнэлэг, чадвартай ямар ч хүнд тохиолдолд шийдвэр гаргах туршлагатай эмч нарын үзүүлдэг тусламж гэж би ойлгож байгаа.
Ийм байтал Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга С. Туул өөрт байхгүй эрх мэдлээр улсын тодотголтой 3-р эмнэлэг , улсын нэгдсэн 2-р эмнэлгүүдийг яаралтай тусламж үзүүлэх хуваарьт оруулаагүй юм билээ.
Энэ байдлаас болоод эдгээр эмнэлгүүдийн олон жил нийслэлийн иргэдэд яаралтай мэс заслын эмчилгээ хийж ирсэн туршлагатай эмч нар сул зогсоход хүрчээ.
Улсын бүрэн тоноглогдсон эмнэлэг байсаар байхад бэлтгэлгүй оношлогооны чадавхи сул хувийн эмнэлгүүдээр иргэд үйлчлүүлэх гэж бэдэрч явна.
Тун удахгүй өндөр насныхаа тэтгэвэрт суух гэж байгаа С.Туул дарга яг юу хийчих нь энэ вэ? Ийм тушаал шийдвэр гараад байхад салбарын сайд яагаад таг дуугүй суув? Гэх мэт олон асуулт хариу нэхэн үлдлээ.
Ж.Батхишиг
http://www.hunnu.mn/content/40047.htm
URL: