А.Саранзаяагийн хэрэг яагаад гэнэт сөхөгдөв!

140414saranzayaНоровын хүү Алтанхуяг анх Монгол Улсын Ерөнхий сайдын сэнтийд залрахдаа хууль бус үйл ажиллагааг “үзэн ядна” гэдгээ хэлсэн. Эвлэрч ч чадахгүй шударга хүн гэдгээ ч тунхагласан. Гэтэл түүний хэлсэн үг, тунхаглал нь тийм ч хол явалгүй өөрийнх нь үнэн нүүр царайг олны өмнө ил болгосон. Үүнд үнэтэй гавьяа байгуулсан хүн бол хүргэн хүү н.Дэнзэн нь.

 

Хуулиа биелүүлэхгүй байгаа аж ахуй нэгж, төрийн байгууллага, албан хаагчдад хатуухан шиг арга хэмжээ авна. Төрийн мөнгөөр гадаад дотоодоор зугаалж, галуу шувууны мах иддэг сайд дарга нарын хөлийг “чөдөрлөнө”, тэгж давраахгүй гэж байсан нь одоо ч чихэнд тодхон сонсогдоно. Гэвч энэ бүх хэлсэн үгээ Ерөнхий сайд хэдийнэ мартсан бололтой юм. Хэд хэдэн удаа хууль зөрчсөн гэх үндэслэлээр үндсэн хуулийн цэцэд дуудагдаж, эцэстээ буруутай үйлдлээ засаж залруулж, өөрийн гаргасан тушаал шийдвэрээ өөрчилж байсан удаатай. Сөрөг хүчинд байцаагдаж байхдаа “Та нар ясан сайн хууль мэддэг юм. Би тэр хуулиудыг чинь мэдэхгүй” гэж хүртэл цайсан янзтай хэлээд л авсан. Эцэстээ тэр Ерөнхий сайдын үүргээ зөвлөгөө өгөх, ПР хийх зэргээр л гүйцэлдүүлж байх шиг. Танхимын гишүүдийнх нь гадаад явах лимит нь аль хэдийн хэтэрч, одоо бүр зах замбараагаа алдсан гэдэг нь хүн бүхний нүдний өмнө ил бий.

 

Шинэчлэлийн засгийн газрыг толгойлж байгаа Н.Алтанхуягийн танхимын сайд нар нь дураараа дурьгаж, дунд чөмгөөрөө жиргэж байхад хатуухан үг хэлж, засаж, залруулахынхаа оронд өмөөрч хамгаалж л сууна. Ийм нигүүлсэнгүй ерөнхий сайдтай танхим жил гарангийн хугацаанд өлзийтэй сайхан үгсийг хангалттай л давтлаа.

 

Хамгийн сүүлд Ерөнхий сайдын охин А.Саранзаяа нь “Цэвэр агаар сан”-гаас мөнгө завшсан хэргээр шалгагдаж байна. Түүнийг шалгагдаж байгаа гэдгийг ч АТГ-аас өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт баталлаа. А.Саранзаяа яаж хэргээс мултарч үлдээд, ямар учраас одоо гэнэт гараад ирэв гэдэг бас л сонин. Хэрвээ тэр Хулангийн ах нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дэлгэрэнгүй ярилцлага өгч, хэргийн учир начрыг тайлбарлаагүйсэн бол А.Саранзаяа гэх мэргэжилтний хэрэг дарагдаад өнгөрөх байсан юм биш байгаа.

 

М.Хулангийн ах М.Цолмон нь Өдрийн сонины 2014 оны дөрөвдүгээр сарын 4-ны өдрийн дугаарт өгсөн ярилцагаараа хэд хэдэн ноцтой баримтыг дурьдсан байдаг. Тэрээр хэлэхдээ “Үнэндээ Цэцгээ “Төрийн санд найдвартай хүн байгаа. Олон юм асуухгүй мөнгө шилжүүлчихнэ. Тийшээ оч” гэж зааж өгдөг байж. Төрийн сангийн төлбөр тооцоо хийдэг хүн нь А.Саранзаяа гэдэг хүн байсан. Түүнийг нялх хүүхэдтэй гэх үндэслэлээр “Цэвэр агаар” сангийнхны хэргээс тусгаарласан байна лээ. Гэтэл тэр хүн нь Н.Алтанхуягийн охин гэдгийг шүүх хурал дээр мэдэж байгаа юм. Том хүний охин болохоор хэргийг нь тусгаарласан юм уу, мэдэхгүй байна. Миний ойлгосоноор энэ хэрэг эхнээсээ л зохион байгуулалттай юм билээ. Дүүг минь ятгаж ажилд оруулсан нь ч зорилготой байж. Гарын доор байх хүн хайж байж л дээ. Ерөөсөө л “А” дарга мэдэж байгаа, “Г” дарга зохицуулна. Битгий ай гэдэг байсан гэсэн. Дээрээсээ хамгаалалттай, тэр мэднэ, энэ зохицуулна гээд байхаар хүн айхаа больчихдог юм байж. Тухайлбал 2011 оны санхүүгийн шалгалтыг асуудалгүй аргалах үүргийг Д.Цэцгээ хүлээсэн байгаа юм. Үнэхээр ч шалгалтаар ямар ч асуудал гараагүй болохоор Хулан тайвширчихсан бололтой.

 

… Н.Хүрэлсүх миний дүүд “Чи хэргээ даачих. Том мөнгө компани руу чихчих. Би 2016 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ. Танай хүүхдэд байр, машин, сургалтын төлбөр 250 сая төгрөг өгье” гэсэн байгаа юм. Дүү маань “Та өөрөө яагаад хэргээ үнэнээр нь хүлээхгүй байгаа юм бэ” гэхэд “Би хүлээж болохгүй байна. Гансүх дарга, Н.Алтанхуяг сайд толгой хяргах гээд байна. Прокурор дүү нар ч нэг ч хэрэг хүлээж болохгүй гээд байна” гэсэн байдаг. Хулан саналыг нь хүлээж авахгүй гэхээр “Чи миний саналыг хүлээж авахгүйгээр миний тухай янз бүрээр ярих юм бол чи л хохирно шүү” гэж заналхийлсэн. Үнэндээ ч тэр заналхийлэл нь анхан шатны шүүх хурлаар нотлогдлоо шүү дээ. Прокурор Н.Хүрэлсүхэд 15 жилийн ял төлөвлөхөд шүүх найман жил, Хуланд есөн жилийн ял төлөвлөхөд долоон жил өгсөн шүү дээ” гэсэн байдаг.

 

Өнөөдөр Шүүхийн багц хууль батлагдаж, шүүх байгууллагын үйл ажиллагаа хэний ч нөлөөнд автахгүйгээр шударга шийдвэр гаргадаг болгохоор ажиллаж байгаа. Уг ажил эхлээд явж байгаа боловч эхнээсээ шүүхийн шийдвэр нь шударга биш, хууль хяналтын байгууллага нь ямар нэгэн эрх мэдэл, албан тушаалтай хүмүүсийн нөлөөнд автаад байгаа нь энэ мэтээр харагдаж буй юм. Шүүх өнөөдөр шударга ажиллаж, ямарваа хэрэг маргааныг үнэн зөвөөр нь шийдвэрлэж байгаа эсэх нь дээрх хэргээс маш тодорхой харагдана. Тиймээс МУ-ын Ерөнхий сайдын охин А.Саранзаяад холбогдох хэргийг АТГ хэрхэн шалгаж, шүүхээр хэрхэн шийдвэрлэхийг харах үлдэж байх шиг байна.

 

Ерөнхий сайд охин нь улсын мөнгө завшуулсан хэрэгт холбогдоод байгаа тал дээр ямар нэгэн тайлбарыг өдий хүртэл өгөөгүй байгаа. Ямартай ч долоо хоног бүр сэтгүүлчидтэй уулзаж, “тайлангаа” тавих үеэрээ учир начрыг эрх биш тайлбарлах биз ээ.

 

Н.Чинзориг

http://new.mn/News/Detail?news_code=18730


URL:

Сэтгэгдэл бичих