Хар цагаан сүлд шүтлэг ба (Дуудлага)

1394258727_medee2Дундад зууны үеийн Монголын байлдан дагуулалыг судалсан өрнөд Европынхон монгол цэргийн шүтээн болсон хар сүлдийг их сонирхдог юм. Энэ тухай үеэс үе дамжин өнөөг хүртэл ярьсаар байгаа. Тэр сүлд эх оронч уриа дуудлагын ердийн билэг тэмдэг байсан уу? Эсхүл шашин мөргөлийн учир холбогдолтой юу гэдэг асуудал байдаг.

Чингис хааны алдарт тугийг сарлагийн сүүлээр хийдэг байсан гэж үргэлж бичдэг Өрнө зүгт ихэд түгсэн домог оргүй ташаа зүйл шүү, азраганы хөхөл дэлээр хийдэг байсан. “Их Монгол улс” ын үес үндэсний ухамсар, шашины ухамсар харилцан хутгалдаж байсан болохоор эх орончийн билэг тэмдэг мөн л шашины билэг тэмдэг болдог байжээ. Чингээд Монголд газар сайгүй дэлгэрсэн мухар сүсгийг ерөнхийд нь шашин гэх нь бий. Тийм үсэг бишрэлийн үүднээс, хүнийг салахгүй дагадаг өвөг дээдсийн цагаан сүлд дайсантай тулалдахад монгол цэргийг ивээж ялуулдаг хар сүлд гэдэг өршөөн тэтгэгч хоёр сахиус хүн бүрт оршдог гэнэ. Чингис хаан айван тайван үес чачир өргөөнийхөө орой дээр цагаан тугаа залж, хэрэвзээ дайн тулаан болох гэж буй бол хар тугаа залахад хэзээ мөдгүй дайн тулаан болох нь гэдгийг, цагаан туг эхлэх нь гэж хүн болгон мэддэг байжээ.

Адууны хөхөл дэлээр үйлдсэн дайн энхийн бэлэг тэмдэг, үндэсний туг сүлдийн мөн тийм хийц маяг нь цагаан хар хоёр адууг хүч чадлын жинхэнэ хэрэгсэл гэж үздэг тэр үеийн итгэл үнэмшилтэй яв цав зохицжээ.

Хараа ихт тугаа тахиж
Хар бухын арьсаар бүрсэн
Харгих дуут хэнгэрэгээ дэлдэж
Үзэмжит сайхан тугаа тахиж
Үхрийн арьсан хэнгэрэгээ дэлдэж хэмээн бөөгийн дуудлагыг дуудан туг сүлдээ тахиж иржээ.

Дуудлага

Бөөгийн онгодын дуудлага бол монгол нүүдэлчдийн аман зохиолын сор нь юм. Үйл дүрслэл үгийн гоё сайхан нь гайхамшигтай. Монгол бөө нь нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэл ба гүн ухааны сонгомол үзэл болдогын хувьд дуудлага шүлэг аялгуу дуулал нь энэ гүн ухаан бүрэн шингэсэн байдаг. Бөөгийн гүн ухааны үзэл онол нь барагцаалбал дөрвөөс таван мянган жилийн өмнө буй болсон гэдэг. Монгол аман зохиолын гурван сор оргил болсон “Монголын нууц товчоо” , “Гэсэр” , “Жангарын тууж” нь бөөгийн дуудлага тамлага, үлгэр домог, ерөөл магтаал, тууль зэргийн хэлбэр агуулгыг өөртөө нэвт шингээсэн үзэгдэнэ. Бөөгийн дуудлагыг аман сурвалжаас гадна бичгээр үлдээсэн зүйл тоймгүй их бөгөөд тэр бүү хэл есөн эрдэнээр бүтээж бичсэн дуудлага тамлага ч байжээ. Энэ тухай Б.Ринчен “Монгол бөөгийн судалгааны хэрэглэгдэхүүн” номондоо тэмдэглэсэн байна. Бөөгийн аман зохиолын төрөл болох ерөөл магтаал, өчил, дуудлага тамлага, шившлэг, сэвлэгийн үг мэт олон төрөл зүйлийг тоймгүй олныг бичиж үлдээсэн байгаа нь бөөг номгүй бичиггүй шүтлэг гэж мэдэхгүйн гайгаар хэлж бичдэг зарим хүн ухан ойлгож ухаарах биз ээ. Бөөгийн дуудлага нь мөнх тэнгэр газар дэлхий уул ус сүнс зэргийн эзэнд зориулагдсан байдаг. Тухайлбал, дархан бөөгийн ерэн хоёр дуудлага нь мөн л ерэн хоёр эзэнд зориулагдсан байдаг. Алтайн уулын дуудлага нь алтайн эздэд хан хэнтийн дуудлага нь мөн л энэ уулын эзэнд зориулагдсан байдаг. Тэр эздийг гайхам сайхнаар магтан дуулдаг.

Богд хан уулын дуудлага

Хар гөрөөс ханьтангууд
Халтар халиун буган хүлэгтэнгүүд
Гучин гурван шарга морин хүлгээн
Хүлүглэнхэн ирдэг
Богд Далха
Дүнжин гарва минь
Шүтээн минь хайрхаан
Ариун ариун ариун!
Хан Хэнтий уулын эзний дуудлага
….Минжин сайхан согоо
Мэхэлзүүлэнхэн ирдэг
Мэгжин сайхан гахай
Мэлтэгнүүлэнхэн ирдэг
Наран эхэтэй наадаастай
Саран эхтэй гарвалтай
Халдан модон шошиготой
Хан Хэнтэйн сахиус
Өвөр наран биендээн
Өвгөдийн Алтан өлгийтэй
Ару хөвчийн биендээн
Албат олон омогтой
Хамаг Монголын шүтээн
Хан Хэнтийн эзэн сахиус
Шүтээн минь хайрхаан
Ариун ариус
Гээд бөө арцаар ариулмуй


URL:

Сэтгэгдэл бичих