Мянган угалзат нурууны домог
Ховд аймгийн Цэцэг сумын нутагт орших энэхүү мянган угалзтын нуруу нь Монгол Алтайн нурууны гол ноён оргилуудын нэг юм. Дөрвөн талаас нь гол горхи шоржигнон урсаж, өвс ургамал жигдэрсэн үзэсгэлэнтэй сайхан энэ нутагт аргаль, янгир, үнэг, чоно, тарвага, зурам гээд төрөл бүрийн ан амьтан элбэг билээ.
Дээр үед Мянган угалзатын нурууны нэгэн салаанд ядуу зүдүү амьдралтай анчин өвгөн бяцхан хүүгийн хамт амьдардаг байжээ.
Тэр үед Мянган угалзтын нуруунд аргаль үгүй тул тарвага зурмын махаар гол зогоон амьдардаг байсан юмсанжээ. Нэгэн өдөр анчин өвгөн бяцхан хүүгээ дагуулан Мянган угалзтын нуруунд гарч удаан гөрөөлсөн боловч юу ч эс агнажээ. Өдөржин явж ядарсан аав хүү хоёр нэгэн жижиг горхины дэргэд ирж цангаагаа тайлан амарч суутал хүүгийн гэдэс өлсөж
-Ааваа өнөөдөр бид хоёрт Алтай хишгээ хайрласангүй хоосон хонох нь юм байна даа гэж санаа алдаж хэлэхэд аав нь хүүгээ харан өлсөж байгааг нь өрөвдөвч:
-Алтайн хишгийг бид хоёр зөндөө хүртлээ заавал өдөр бүр хүртэж байх албагүй шүү дээ миний хүү гэжээ. Гэтэл хүү нь өөрийн өсөж төрсөн нутгийн ан гөрөө элбэггүйг голонгуй:
–Манай энэ ууланд тарвага зурамнаас өөр даанч амьтан үгүй юм даа гэж хэлэн ярилцаж суутал тэр хоёрын доох нь горхины уснаас нэгэн аргалын бол хурга ундаалж харагдав гэнэ. Аргалийн хурга тэр хоёроос ер айж цочсон шинжгүй ус ханатал ууж аваад унтав гэнэ. Хүү нь баярлан гүйж аргалийн хургыг бариад авч
-Ааваа, ааваа бид хоёрт Алтай хишгээ хайрлалаа. Энэ ямар хөөрхөн амьтан бэ? юу гэдэг юм бэ? гэж гэнэ. Аав нь хүү болон аргалийн хурганы толгойг илж
–Миний хүү, яг чам шиг нялх амьтан юм, эхээсээ төөрсөн аргалийн хурга байна. Энэ нутагт идээшин дасаж мянга болох болтугай гэж хэлээд тавиад явуулж гэнэ. Хүү нь ч баярлан мянга болох болтугай хэмээн хашгирчээ. Аргалийн хурга нэг эргэн харж уулын буурал орой өөд дэгдэн одов. Аав, хүү хоёр ан хийгээгүй ч аль алины сэтгэл өөдрөг гэрлүүгээ зүглэжээ. Тэр цагаас хойш энэ уул аргаль угалз элбэгтэй болж Мянган угалзат нэр авчээ. Аав хүү хоёрын амьдрал ч дээшилж жаргалтай сайхан аж төрсөн гэдэг.
URL: