Сансарт анх хүн нисгэсэн нууц түүх
1961 оны дөрөвдүгээр сарын 12 бол дэлхийгээс анх удаа хүн сансарт ниссэн өдөр. Энэ амжилтанд хүрэхийн тулд хөшигний ард юу болж өнгөрсөн талаар тухайн үед сансрын судалгаанд оролцож байсан хүний дурсамжыг товчлон хүргэж байна.
Сансарт хүн нисгэж болох эсэх туршилт эхлэх засгийн газрын тушаал 1952-1953 онуудад Сталины гарын үсэгтэй гарч байжээ. Тушаал ёсоор Агаарын Хүчний Командлал туршилтанд орох цэргийн албан хаагчдын бүлгийг Нислэгийн Эрүүл мэндийн судалгааны Төвийн (НИИАМ) дэргэд байгуулав. Доктор Е.Карпов туршилтын хэсгийн анхны даргаар томилогджээ.
Тэр сүүлдээ Сансрын Нисгэгчдийн Бэлтгэлийн Төвийн анхны тэргүүн болсон юм.
Динамо метроны буудал дахь нууц судалгааны төв
Динамо метроны буудлын дэргэд орших энэ нууц төвд алдарт эрдэмтэд Келдиш, Королев, Седов нар болон бусад хүмүүс ажиллаж байлаа.
Туршилтыг маш нягт нямбай явуулж байлаа. Учир нь сансарт анх нисэх хүн бие махбодын хувьд олон төрлийн дарамт, стрессыг даах чадвартай байх ёстой.
Тиймээс нийтдээ 5000 цэргийн албан хаагчид туршилтанд орсноос дөнгөж 25 нь шалгарч үлдсэн юм. 1950-аас 1970-аад оны хооронд судалгааны ажилтны тоо нийтдээ 900 хүрсэн гэдэг. Тэдгээрээс гадна сайн дурын туршилтын ажилтнууд, эмч нар, инженерүүд, нисэхийн механикууд зэрэг туслах багийнхныг мөн тооцох хэрэгтэй.
Сансрын нислэгийн газар дээрх туршилт
Туршилтанд оролцож байсан Бичковский хэлэхдээ ”би даралтын камерын төхөөрөмжүүдийг тестэлж байлаа. Тэдгээр нь ямар ч нөхцөлд гацалтгүй найдвартай ажиллаж байх ёстой байсан. Өөр өөр орчин нөхцөлд нийтдээ 80 гаруй туршилт хийж байсан” гэжээ. Өөр нэг судлаач Николай Буркин дурсахдаа ”миний даалгавар бол хэт өндөр орчны туршилтууд болон дулааны вакуум камерыг байгалийн олон нөхцөлд турших байв. Энэ туршилт далай, төв Азийн цөл, тайгийн цэвдэг, хойд туйлын Тикси бүсийг хамарсан юм” гэжээ. “Даалгаврууд янз бүр байсан. Жишээлэхэд туршилтанд шалгарч үлдэхийн тулд цөлийг хэрхэн хурдан туулахыг мэддэг байх ёстой. Ингэхдээ хувцас, хүнс, ус зэрэг цэргийн иж бүрдэл хангамжтай байна. Ингээд хэрхэн хол зам туулах чадвараа харуулах ёстой.”
Ийм хүнд хэцүү туршилтыг олон хүн давж чадалгүй хасагдаж, бүр эмнэлэгт хүргэгдэж байлаа. Мөн өөр нэг хүнд шалгуур нь сансрын нөхцөл дэх сэтгэл зүйн туршилт байв. Ингэхдээ хоёр хоёроор нь бүрэн тусгаарлагдсан камерт нэг сар байлгаж дараа нь тав таваар нь тас харанхуй камерт оруулж байжээ. Ингэхдээ тодорхой хугацааны давтамжтай эмч тэднээс хэр их хугацаа өнгөрөөд байгааг асуудаг байсан гэнэ. Энэ камер нь ямар ч гэрэлгүй, тас харанхуй, яг л сансарт байгаа мэт. Ийм нөхцөлд тэд зөвхөн харилцаа холбоогоор л аврагдах ёстой байлаа.
Эдгээр туршилтанд оролцогчид Украйн, Еврей, Орос, Казах гээд янз бүрийн гаралтай хүмүүс байжээ. Тэдний зарим нь цөөн туршилтыг давсан бол зарим нь зуу гаруй туршилтаар оржээ.
Тэд янз бүрийн хийгээр амьсгалж, хэт халуун болон бууруулсан даралтыг давж, хэт ачаалал үүрч, сэтгэл зүйн шалгууруудыг давж байлаа. Хошууч Хлопков л гэхэд сансрын нисгэгчийн хувцас хэрэгслийг 400 гаруй удаагийн туршилтаар оруулжээ. Хэт ачааллын туршилт хариуцаж байсан хошууч Гридунов туршилт бүрийнхээ өмнө “Америкчууд үүнийг хэдэн удаа хийсэн бэ? Бид тэднээс илүү гарах хэрэгтэй” гэж ярьдаг байлаа.
Энэ бүх хичээл зүтгэл, олон хүний нөр их хөдөлмөр, хүмүүсийн эрүүл мэндийг золиослон байж ЗХУ Юрий Гагариныг сансарт амжилттай нисгэжээ. Туршилтыг даван туулж, шалгарч үлдсэн Гагарин, Титов зэрэг анхны нисгэгчдийг “баатарлаг залуус” хэмээн алдарт зохион бүтээгч Сергей Павлович Королев магтсан нь ийм учиртай ажээ.
Эх сурвалж: “Вечерняя Москва”
URL: