Ц.Ширэндэв: Ардчиллаа аврахыг хүсч байна

14414-4tЧ.ОЛДОХ

Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор Ардчилсан хувьсгалын анхны партизануудын нэг Ц.Ширэндэвийг урилаа.

 

-Ардчиллын үнэ цэнэ алдагдлаа, нэг л биш боллоо гэсэн шүүмжлэл их гардаг. 1990 оны ардчилсан хувьсгалын анхны партизаны хувьд анх юу бодож, зорьж байснаас  эхлээд өнөөдрийг хүртэл ямар бодолтой байгаагаас  тань ярилцлагаа эхэлье?

-Ардчиллын үнэ цэнэ алдагдах учиргүй. Өнөөдөр бидний хийж байсан ардчилал биш болчихоод байна. Би хорь гаруйхан насандаа 1990 оны Ардчилсан хувьсгалыг  хийлцэж, түүнээс хойш ардчилсан хүчнийг дэмжиж, ардчилсан Монгол Улсаа зөв чиг баримжаагаар хөгжөөсэй, шударга иргэний нийгэм байгуулагдаасай гэж бодож зорьж ирсэн.

Ардчилсан хувьсгалыг анх хийлцэхдээ  Монгол орныг  ардчилсан улс болоосой, хүн болгон эрх чөлөөтэй байгаасай, айдас хүйдэсгүй амьдраасай, эдийн засгийн хувьд бэрх­шээл дарамтгүй нийтээрээ чинээлэг сайхан болоосой, үзэл суртлын хүлээснээс гараасай, олон улстай харилцаа тогтоож нүдээ нээгээсэй, нийгмээрээ дэвшиж хөгжөөсэй гэж  бодож зүтгэсэн. Өнөөдөр харин ардчиллыг аврах хэрэгтэй болсон гэдгийг  хэлэх байна. Өнөөдөр бүгд  ардчиллыг булаацалддаг болж. Тухайн үед ардчилал шиг хэрэггүй зүйл байхгүй гэсэн  нэг хэсэг  байсан, нөгөө хэсэг нь хэрэгтэй гээд хувьсгал хийсэн. Ардчилал хэрэгтэй гээд хувьсгал хийсэн нэг хэсгийн зарим нь хорвоогийн мөнх бусыг үзүүлж, заримын нь амьдрал туйлдсан байна бас зарим нь тэр үеэ мартжээ. Сүүлдээ түүх гажуудах шинжтэй, бараг ардчиллыг үзэн ядаж  явсан хүмүүс “Би ардчилсан хувьсгалыг хийсэн юм” гэх ухааны юм ярьж явна. Тэгэхээр энэ гажуудлыг  бид засах ёстой,  ардчиллаа аврах  учиртай. Ардчиллаа аварна гэдэг ардчилсан Монгол Улсаа аварна гэсэн үг юм.

Өнөөдөр 1989 оны арванхоёрдугаар сарын 10-наар  тооцох юм бол Ардчилсан хувьсгал   25 дахь жилтэйгээ золгож байна. Өнгөрсөн  20 гаруй жилийн хугацаанд  авч үзвэл  1996-2000 онд АН төр барьсан. Гэхдээ тэр үед туршлагагүй, дээр нь нөхцөл байдал хүнд, эсрэг талынхаа гар тоглолтод автаж хөдөлж чадахгүй байсан. Тэгвэл өнөөдөр мөн төр барьж байна. Дийлэнх олонх болж чадаагүй учраас хамтарсан Засгийн газар байгуулсан. УИХ-ын төвшинд том сөрөг хүчинтэй, ойлголцол хүнд байх шиг. Гэхдээ хийж буй ажлын хувьд мэдээж маш их байна. Хийж байгаа ажлын хувьд бүгдийг харлуулахыг хүсэхгүй байна. Энэ засгийн үед шударга, шуурхай болж байгаа, зам харгуйгаа сайхан болгосон зүйлүүд бий. Өмнө нь замын тендер гэж хавар баахан мөнгө өгдөг, намар нөгөөдүүл нь ажлаа хагас дутуу хийгээд алга болдог. Эсвэл хаваржин, зунжин байж, байж  намар хүүхдүүдийн хичээл эхэлж бужигнахаар энд тэндгүй газар шорооны  ажил эхлүүлж, замаа эвдэн түгжрэл үүсгээд эхэлдэг. Түүнийгээ дуусгалгүй хөлдчихлөө гээд өнждөг. Ирэх жил нь дахиад хийдэг, миний мэдэх арав гаруй жил замаар мөнгө угааж идсэн. Тэр байдал өнөөдөр өөрчлөгдсөн.  Мөн хоёр, гурваас эхлээд  20, 30  тэрбумаар идсэн уусан луйварчдыг барьж хорьж, ард түмний хөрөнгийг олж өгөхөөр үзэж тарж байх шиг байна. Аливаа мэдээллийг нээлттэй  болгохоор 11-11 утас, ТҮЦ машин ажиллуулдаг болсон. Ерөнхий сайд нь мэдээллээ өөрөө өгч нэг талаар сурвалжлагч, хөтлөгч болоод явж байна. Доороо хэвлэл, мэдээллийн албатай атал Ерөнхий сайд тэгж суух  зохимжгүй  ч ажлын төлөө тэр болов уу. Уг нь тэгж суух нь Ерөнхий сайдад багадна. Иймэрхүү  зүйлүүд ажиглагддаг ч  АН төрийн ажлыг явуулж байна. Ардчилсан хувьсгалыг хийлцсэн, ард­чилсан  хүчнийг дэмж­дэг хүний хувьд  шүүмж­лэхээсээ илүүтэй болж бүтээсэй гэж хардаг. Гэхдээ хэлэх үгээ хэлэлгүй яах вэ.

-Тухайлбал, өнөөдөр та бид  сайд нарын давхар дээлийг тайлах асуудал өрнөсөн үед ярилцаж байна.  Дээлнээс арай өөр сэдвээр асуухад Засгийн газрын ажлыг та хэрхэн дүгнэдэг вэ?

-Бодлого барихаас гадна ерөнхий чиг үүргийг зөв зохицуулж, залуурдаж сайд нараа сайн ажиллуулах хэрэгтэй. Доод шатанд ажлын үр дүнг сайтар хянаж, бусад улс төрийн хүчинтэй зөвшилцөж алдаа оноогоо засч залруулж, хийснээ зөв тайлбарлаж явах нь зөв байх. Ерөнхийд нь хэлэхэд алдаж онож байгаа   зүйл олон байна. Хэнд ч ийм зүйл тохиодог. Тэр нь ажил хийж байгаа хүн хэн байхаас үл хамаарна. Гэхдээ алдаж болох, болохгүй алдаа гэж байна. Өршөөж болдог, болдоггүй алдаа ч  гэж бий.  Тэгвэл өнөөдөр уучилж боломгүй, Ерөнхий сайд хүн хийж болохгүй алдааг гаргаж байна. АН  ийм даргатай, ийм Ерөнхий сайдтай цааш явбал нүд анина. Ардчиллыг дэмждэг, түүний төлөө 20 гаруй жил зүрх сэтгэлээ зориулсан мянга мянган эгэл жирийн хүн бүгд хэцүү байдалд орно. Ийм сэтгэлтэй хүмүүсийн зүрх, сэтгэл Монголын ард түмний хувь заяагаар тоглож болохгүй. Би ингэж л харж байгаа.

-Тухайлбал, энэ төрд ямар алдаа, дутагдал байна вэ. Түүнээс алийг нь уучилж болох, алийг нь болохгүй гэж үзэж байна?

-Ажил хийсэн хүн алдаа гаргадгийг би ойлгож байгаа. Гэхдээ тэр хүн ажил хийхээс гадна бас өөр зүйл  хийгээд байна. Дэнзэнгүүдийн тухай ярьж байхад би эхэндээ АН засаг барилаа гээд бусад нь  оролдож  байгаа биз гэж бодож байсан. Гэтэл үнэхээр өөрийн хүргэнээ Засгийн газрынхаа Хэрэг эрхлэх газрын дэд даргаар тавьчихсан, хуурамч компани байгуулчихсан 17 тэрбум төгрөгийн тендер гээд л. Тийм зүйл шууд  газар дээрээ баригддаг юм байна лээ. Энэ болдог юм уу. Би үүнийг уучилж болохгүй алдаа гэж үзэж байгаа. Цаашилбал,  “Цэвэр агаар” сантай  төрсөн охин нь шууд холбоотой талаар одоо  шуугиж байна. Ингэж  болохгүй, энэ байдлыг  уучилж болохгүй. Нэгдүгээрт, тэр хүмүүс хэрэг хийсэн нь үнэн бол түүнийгээ хүлээ. Хоёрдугаарт, хариуцлагаа хүлээ.  Өмөөрч, дахин авч үлдэх гэж байгаа бол АН дараагийн сонгуульд “А” ч үгүй болно. 2000 оны түүх давтагдахыг үгүйсгэхгүй шүү дээ. Гэхдээ алдааг засч залруулж болдог юм. Хэрэв, хувийн эрх ашгаа улс орон, ард түмнийхээс  дээгүүр тавихгүй  бол бага зэргийн алдаа гарах бол байж болох зүйл.

-Одоо та АН-ын гишүүн үү?

-Би 1990 оны хувьсгалыг анх хийлцэж, 1992 оноос 2001 он хүртэл Завхан нутагтаа сумын Засаг дарга, хөдөө аж ахуйн биржийн брокер, нэгдлийн орлогч даргаар ажиллаж байсан. 2001 онд хот руу шилжиж  2002-2007 он хүртэл  Америкт ажиллаж, амьдарсан. 2008 онд Завхан аймагтаа Ногоон намаас, 2012 онд Дархан-Уул аймагт Иргэний зориг ногоон намаас  УИХ-д нэр дэвшиж байлаа. Ардчилсан хувьсгалын анхдагчид өнөөдөр аль ч намд бий. Би анх МҮАН-ын гишүүн байсан. 2001 онд  таван нам нэгдэхэд   АН-д шинээр  бүртгүүлж  батлахаа авч амжилгүй АНУ явсан юм. Сүүлд  Ногоон намд элссэн. Энэ намд элссэн шалтгаан маань байгаль орчны талаар дуу хоолойгоо нэлээд гаргаж, үзэл бодлоо илэрхийлдэгтэй маань  холбоотой. Манайхан цөөхүүлээ байж хийж бүтээсэн нь бага  атлаа байгаль орчноо асар их сүйтгэсэн. Энэ асуудлаар би нэлээд ярьдаг хүний нэг.

Хүн ард нь айх аюулгүй, улс эх орон, газар нутгийн маань бүрэн бүтэн байдал баталгаатай, ирээдүйдээ санаа зовох зүйлгүй амьдармаар байна шүү дээ. Эх орноосоо урваж болохгүй, худал ярьж, хулгай хийж болохгүй, төрийн ихэс дээдсүүд. Ардчиллыг дэмждэг хүний хувьд  би ардчилсан засаг гарахад сайн ажиллаасай гэж бодсон. Ардчилсан хувьсгалын тухайд ч, МоАХ-ны тухай ярьсан ч надтай адил үзэл бодолтой хүн олон бий. Дээр нь Байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүд, жижиг намуудын дуу хоолойг сонсоход “Шинэчилж засах юм маш их байна. Н.Алтанхуяг аа,  та ажлаа өг, УИХ-н гишүүн хүн сайдын албыг давхар хашиж болохгүй” гэцгээж байна.

Ажиглаад байхад өнөөдөр ард түмэн зарим талаар айдас хүйдэст автаж эхэлсэн байна. Тийм байж болохгүй. Бид тийм хувьсгалыг хийгээгүй шүү дээ.

-Тэгэхээр  энэ тухай ярьж, жагсч тэмцэж  байгаа иргэний нийгмийн, намуудын байр суурийг та  дэмжиж  байгаа байх нь ээ?

-Тийм ээ. Нөхцөл байдлыг хараад байхад  энэ хавар жагсаал, цуглаан  нэг хэсэгтээ тасрахгүй бололтой. Үүнд Монголын ардчилсан холбоо өөрсдийнхөө хийсэн хувьсгалыг хамгаалах, өнөөгийн алдааг засаж залруулахын тулд манлайлан оролцох шаардлагатай байна. Бүр үл тоогоод байвал хувьсгалын хэлбэрт шилжих хэрэгтэй.  Ард түмнээ басамжилж, айлгаж, гүтгэж, хуурч болохгүй. Тийм ардчилсан төр засаг байж бүр ч таарахгүй. Одоо зөвхөн хэлж, бичээд засрахгүй ужиг өвчин, засаглалын хямрал Монголд нүүрлээд байна. Бид ийм ардчиллыг, ийм нөхцөл байдлыг хүсэж хувьсгал хийгээгүй юм.

-Ингэхэд өнгөрсөн хэдэн жил жагсаал, цуглаан их ч болдог байж, нийгэм сүүлдээ уйдаж залхсан. Одоо танд юу анзаарагдаж байна?

-Таны хэлж байгаатай санал нэг байна. Гэхдээ сүүлийн үед анзаарч, ажиглаж байхад иргэд одоо ер нь жагсана шүү, босно тэмцэнэ гэж байна.

Үүнийг  хувьсгалын тохироо бүрдэнэ гэж хэлдэг  юм шүү дээ. Үнэндээ ард түмэн нэг хэсэг жагсаал, цуглаанаас уйдсан тал бий. Тэр жагсаал дээр юу болдог байсан бэ гэвэл, аль нэг асуудлыг шүүмжилдэг, зохион байгуулж байгаа хүн нь “Би” гэх  өвчтэй, камерын өмнө гарч олны танил болох гэсэн УИХ-ын сонгуулийн сурталчилгаан  урьдчилгаа тоглолт болдог, түүнээс нь хүмүүс залхсан. Олон ч  хүн телевизийн нэвтрүүлэг хөтөлж байж гишүүн  болсон. Д.Энхбат, Ч.Сайханбилэг, З.Алтайгаас эхлээд  хөтлөгчийн суудлаас Их хурал руу орсон. Дараа нь гудамжинд  зогсч олны танил болсон  Ж.Батзандан, С.Ганбаатар,Д.Батцогт, Г.Уянга  нарыг нэрлэж болно. Гэтэл тэд маань Их хурал руу ороод тэнд дуугарах гээд дуугарах гээд хүчин мөхөсдөж, зарим нь уусч, зарим нь ховсдуулж  байх шиг байна. Энд нэг юм  ярьж байснаа тэнд ороод  өөрийг ярьдаг, өмнө нь бодож байснаасаа   огт  өөрийг  боддог болчих жишээтэй. Эцэст нь хүмүүс тэднийг нэг хөнжилдөө орчихлоо гэж ярьдаг болсон байна. Энэ бүхнээс үүдэж  нэг зүйлийг хэлэхэд, одоо бид өмнө болж байсан жагсаал, цуглаанаас   өөрөөр жагсах ёстой. Бүх нам, эвсэл, хөдөлгөөн, иргэдийн пролетари нар нэгдэгтүн!

-Түүний тулд яах ёстой вэ?

-Ард түмний тархийг угаагчид нэг хөнжилд  орчихсон  бол бид  ядаж нэг гэртээ оръё, хөтлөлцөөд явъя. Энэ  МАН-ынх, тэр  АН-ынх, эд  ИЗНН-ынх, тэд нам бус,  эсвэл иргэний хөдөлгөөнийхөн гэлгүй нэгдэх хэрэгтэй байна. Боолчууд  тэмцэлд босоход гав гинжнээсээ өөр алдах зүйлгүй гэдэгтэй адил  нам, эсвэл, иргэний хөдөлгөнө, жирийн иргэд хэн ч байсан бид тал талаасаа цуглаж нийлэх ёстой. Дээгүүрээ өвөр түрийдээ орчихоод худал ярьж байхад бид яагаад нэг гэрт орж, нэгдэж болохгүй гэж. Бид нэг  эх оронтой, нэг ирээдүйтэй, нэг цаг үед амьдарч байгаа, судсаар нь  нэг л  цус гүйж байгаа  монголчууд. Одоо тэмцэл хөдөлгөөн танай, манай нам  гэх биш, эх орны төлөө нэгдмэл байдал руу орох ёстой. Тиймээс тухайн үеийн  ардчиллыг дэмждэг байсан, тэмцэлд  уухай түрэн орж ирж байсан  хөдөлгөөнүүдийг дэмжинэ.

-Тэмцэнэ, жагсана гэхээр манайхан ам таглах, албан тушаалын бялуу хуваах зарчмаар явж ирсэн. Гомдол, шүүмжлэл хэлж байгаа хүнийг ч түүний төлөө л яриад байгаа мэтээр ойлгодог. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Хуулиа дээдэл, хүндэл, хэргэжүүл. Муу жишиг тогтчихоод байна шүү. Улстөрчид үүнд буруутай. Энэ аюулаас төр засаг ангид байх ёстой.  Хэн нэгэнд хувийн өш хонзон санаж гомдол, шүүмжлэл хэлсэн юм алга. Би Байгаль орчны иргэний зөвлөлийн Удир­дах зөвлөлийн гишүүний хувьд энэ  чиглэлээр газар нутаг сүйдэж байгааг ярьдаг. Сүйдэж, болохгүй болж байгааг хэлэхийн зэрэгцээ газар шороогоо өмгөөлөн хамгаалж байгаа гэрэл гэгээтэй талыг  нь ч бас  тодруулж байя гэж “Эко элч”  шалгаруулалтыг санаачилсан. Өнөөдрийн УИХ дотор эх орноо гэсэн сэтгэлтэй, эх нутаг, газар шороогоо хамгаалах хуулийн төсөл боловсруулан батлуулсан гишүүд бий. Манайхан 76 мангуу энэ тэр гэдэг ч бүгдийг нь тэгж харлуулж болохгүй. Тэгэхээр үүгээр  юу хэлэх гэж байна гэвэл, би нийгмийнхээ болохгүйг нь ч хэлдэг, зөв зүйтэй талаас нь ч харахыг хичээж ирсэн. Харин Байгаль орчин ногоон хөгжлийн яамны Төрийн тусгай хамгаалалттай газрын даргын сонгон шалгаруулалтад  өнгөрсөн жилийн тавдугаар сард хуулийн дагуу орж нэгээр тэнцээд  Төрийн албаны зөвлөл шийдвэрээ гаргасан байхад яамны Төрийн нарийн бичгийн дарга намайг ажилд авахгүй байгаа. Төрийн Захиргаа Удирдлагын Газрын даргад тэнцсэн Т.Баярбаясгаланг бас томилоогүй байгаа. Тиймээс шүүхэд өгсөн байгаа. Шүүхээр шийдүүлдэг тогтолцоо руу яваад байна шүү дээ, бид.

Сүүлийн үед  манайд ногоон хөгжлийн тухай, байгаль орчны  асуудлыг түлхүү ярьдаг болсон. Энэ нэрээр мөнгө угаах гэсэн, янз бүрийн ашиг хонжоо хайх  явдал хавтгайрлаа. Нэг хэсэг нь хөдөө орон нутаг баларлаа гэж мөнгө угаадаг болж,  тэр нь ямар ч үр дүнгүй байх жишээтэй.

Зөв зүйл хэлдэг, эх орныхоо төлөө сэтгэлтэй хүмүүсийн үгийг сонс, тусгал болгож ав, тэднийг битгий хавч, өөрсдийнхөө бялуу хуваах зарчмаасаа сал.

-Өнөөдөр  ардчиллын нэр хүнд унасан нь бодит үнэн. Харин яавал дээшлүүлнэ гэж та үзэж байна?

-Би ардчиллын нэр хүнд бүр унасан гэж хэлэхгүй. Ардчиллаа алдах уу, аврах уу гэдэг эгзэгтэй заагт тулж ирээд байна. Бид илүү соргог цаг үеэ мэдэрдэг, ард түмнээ сонсдог, ардчилсан хүчин шүү гэдгээ үзүүлэх хэрэгтэй.    Өнгөрсөн 20 гаруй жилийн түүхийг  аваад үзэхэд ардчиллынхны ололт, амжилт юутай ч зүйрлэшгүй  их бий. Үзэл суртлын хүлээснээс гарч, эрх чөлөөгөө оллоо.  Юу хүссэнээ хийж, бодсон санасанаа  чөлөөтэй хэлж, дуртай шашнаа шүтэж, хөрөнгө чинээлэг болж, уралдаж хийж бүтээж байна. Энэ мэтээр ардчиллын сайн зүйлийг тоолж баршгүй. Бод л доо, тухайн үед улсын наадамд барилддаг бөхчүүдийн дотор Хадбаатар аварга ганцаараа тэнгэрээс унасан юм шиг, 135 кг жинтэй байлаа. Тэгвэл өнөөдрийн сумын заан, аймгийн начин 130 кг жинтэй бөх захаас аван байна. Энэ бол өвчин биш, оюун ухаан, хоол ундны тэжээллэг чанарын хомсдлоос гарсны ач.  Тиймээс ардчилал гарч ирж бүгдийг сүйтгэсэн гэх нь  утгагүй. Ардчиллын зөв зүйтэй алхам бүхэн зөв. Нэг зүйлийг хэлэхэд,  бид 25 жилд олж авснаа бататгаж,  харин алдаануудаа зал­руулъя. Залруулж болох­гүй алдаа хийсэнд нь хариуцлага тооцъё. Тэгж байж ардчиллын нэр хүнд сэргэнэ. Ардчилсан Монгол Улс мандан ба­дар­на, ард түмний итгэл сэргэнэ. Бид сайхан болно.

-Ингэхэд та энэ үгээ  эртхэн хэлж ярьж, гаргаж  байхгүй яасан юм бэ?

-2012 оны сонгуулийн дараа дөнгөж ажил эхэлж байгаа юм, харах хэрэгтэй гээд эхний  жилийг өнгөрөөсөн. Дараа нь Ерөнхийлөгчийн   сонгуультай давхцаж юм хэлээд яах вэ гээд тайван суусан. Энэ хугацаанд намайг хүмүүс буруу ойлгож байсан  байж магадгүй. Би  Ерөнхийлөгчийн  хоёр удаагийн сонгуульд маш өндөр үүрэгтэй оролцсон. Түүнийг манай АН-ын  нөхөд, тухайн үед генсекээр ажиллаж байсан Д.Эрдэнэбат болон бусад хүмүүс бүгд мэднэ. Ц.Элбэгдоржийг  жагсаал  удирдаж байхад  би Мартин Лютер Кингийн  “Надад мөрөөдөл бий” номыг эхнэртэйгээ хамтран орчуулсан юм. Тухайн үед мөнгөгүй учраас хэвлүүлж чадалгүй, 2009 оны намар  Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд зориулж хэвлүүлж гаргасан. Хар арьстнуудад  эрх чөлөөг авчирсан энэ хүн айл бүрт шүтээн шиг залагдсан байдаг юм. Саяхан  эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч  Нельсон Мандела нас  барахад дэлхий нийт   ямар их хүндэтгэлтэй салах ёс хийв. Эрх чөлөөний төлөө хүн ингэж тэмцдэг юм. Эрх чөлөөний төлөө  хүч түрэмгийллээр бус хайр энэрлээр  тэмцэх ёстой. Энэ тухай Мартин Лютер Кинг “…шударга үнэний өргөөний босгон дээр зогсч байгаа ахан дүүстээ хандаж байна, би. Бид эрх чөлөөний төлөөх ангасан хүслээ гашуун хорслоор тайлах ёсгүй. Бидний тэмцэл сахилга бат, нэр төрөө буртаглан шившиглэхгүй байх зарчим дор өрнөх ёстой” гэсэн байдаг юм.

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих