Айлд шүглэсэн өлөгчин чонын сүнс

chono
Монголчуул бид өөрсдийгөө хөх тэнгэрээс заяатай хөх чонын удам гэж эртнээс ярьж түүндээ итгэсээр ирсэн хүмүүс. Тэгвэл бид энэ удаад чонын бэлтрэг суйлаад өлөгчин чонын сүнсэнд хорлогдсон нэгэн залуугийн явдлыг өгүүлье.

Батбаатар нийслэлийн нэгэн сургуульд физикийн багш хийдэг аж. Тэр 2001 оны өвөл сурагчдын амралтаар Архангай аймгийн Хангай суманд байх аавынхаа дүүгийнд зочилжээ. Түүнийг очоод удаагүй байтал тус нутагт чонын бэлтрэг өндөр үнээр авна гэсэн гадаадын хэдэн хүн иржээ. Тэгтэл угийн анд хорхойтой авга ах нь тогтож суухаа болин Батбаатарыг ятгаж “Хоёулаа явж хийморио сэргээнгээ хэдэн бэлтрэг суйлж гадаадынханд заръя” гээд салахаа байжээ. Тэгэхээр нь Батбаатар зөвшөөрөн ахтайгаа бэлтрэг суйлахаар морьтой явсан аж. Тэр хоёр явсаар бараг Завханы Их-Уул сумын нутгаас шахуу нэг чонын үүр олж бэлтрэгийг нь суйлсан байна.

Тэгэхдээ ах нь “Дөрвөн бэлтрэг байна. Нэгийг нь үлдээе. Тийм ёстой юм” гэж байсан ч Батбаатар их идсэн ч өмхий, бага идсэн ч өмхий гээд тоолгүй дөрвүүлэнг нь шуудайлаад хөделжээ. Ойр хавьд нь айл амьтангүй зэлүүд газар явж байсан учир ах нь жаахан жийрхэн “Чи бид хоёрыг гичий чоно дагах вий. Нэгийг нь үлдээдэг л байсан юм” гэж халаглаж явжээ. Тэгтэл ч удалгүй шөнө дундын үед ойр зайд чоно уртаар ульжээ. Үүнийг сонссон ах нь Батбаатарт хандан “Хоёулаа тэр хадыг бараадан бууя. Гичий чоно бэлтрэгнийхээ араас яах аргагүй ирж” гэсэн байна. Тэгээд тэр хоёр ойролцоох хоёр том хадны нөмөрт буун гал түлээд гичий чоныг отжээ. Тэгтэл ч удалгүй сүүтийсэн хоёр амьтан тэднийг тойрч эхэлжээ. Сайн ажиглавал томоос том азарган чоно дагуулсан гичий чоно нааш цааш холхиж байж. Хоёр чоно сүүлдээ бүр ойртон ирээд гичий чоно үе үе оцойн сууж гаслантайгаар ульж, азарган чоно араа шүдээ ярзайлган архираад эхэлж. Энэ үед айж сандарсан Батбаатар тэсгэл алдран шуудайн дотор гийнаж байсан бэлтрэгнүүдийг бууныхаа бөгсөөр гаслуулан чарлуулан цохиж гарчээ. Тэгтэл ч азарган чоно тэдэн рүү дүүлэн ирсэн байна. Энэ үед буугаа бэлдэн анаж суусан авга ах нь түүнийг ганц буудаад л унагачихаж. Тэгсэн чинь гичий чоно мөн архираад дайрчээ. Тэгэхэд нь түүнийг Батбаатар сохор азаар буудаад алчихжээ.

Ингээд тэр хоёр бэлтрэгний олзтой, хоёр чонын арьстай харьсан байна. Удсан ч үгүй Батбаатар буцах болж өөрийн алсан гичий чонын арьсыг аваад гэртээ иржээ. Тэр ирэнгүүтээ нөгөө арьсаа том өрөөнийхөө хананд хадаж их л бахдалтайгаар хэрхэн алснаа ярьж хөөрцөглөсөн аж. Тэгээд тэр хамт ажилладаг хэдэн хүнээ урьж хоол цай хийн бяцхан найр хийгээд шөнийн хоёр цагийн үед хэвтжээ. Тэгтэл шөнө дундын үед ямар нэгэн амьтан яг л чихнийх нь хажууд архирах шиг болжээ. Цочиж сэрсэн Батбаатар өндийн харвал юу ч байсангүй. Харин хананд өлгөөтэй чонын арьсны нүд цог шиг улайран гэрэлтэж харагдсан аж. Юу болоод байгааг ойлгоогүй Батбаатар орноосоо босвол яг ард нь яах аргагүй чоно архирах шиг болжээ. Тэгснээ өрөөн дотуур нь ямар нэг амьтан сүр сар хийн гүйх шиг болж. Энэ үед Батбаатарын дотор давчдан хүйтэн хөлс нь чийхарч ирсэн ч “Би согтож дээ” гэж бодон буцаад унтсан байна. Үүнээс хойш гурав хоногийн дараа Батбаатар нэлээд оройхон харьж явтал яг түүний өмнүүр нэг том саарал нохой гүйн өнгөрснөө жаахан зайдуу очоод оцойн суугаад ульжээ. Батбаатарт яагаад ч юм өнөө гичий чоно биш байгаа гэсэн бодол төрсөн ч өөрийгөө бараг шоолсоор харьсан аж.

Тэгтэл тэр шөнө тэдний коридорт мөн л чоно улих чимээ гарсан байна. Тэр үед Батбаатар эхнэртэйгээ жижиг өрөөндөө унтаж байж. Тэр шөнөдөө Батбаатарын нойр хүрсэнгүй. Өглөө босоод хартал коридорынх нь хананы цаасыг ямар нэгэн амьтан самардаад хаячихсан мөр байжээ. Харин дараагийнх нь шөнө Батбаатар нөгөө гичий чонынхоо арьсыг балкон дээрээ гаргаж тавиад унтжээ. Тэгтэл мөн л шөнө дундын үед балкон дээр нь чоно улих чимээ гарчээ. Тэгэхээр нь Батбаатар босч балкон руугаа харвал цонхны нь цаана сэрвээнийх нь үс сэгсийгээд босчихсон нэг чоно араа шүдээ арзайлгаад, цог шиг улаан нүдээр цоо ширтээд сэгнийтэл байж байсан байна. Үүнийг харсан Батбаатар бараг ухаан алдах шахан ор луугаа зүтгэвэл цонх нь тар няр хийн хагарч өнөөх чоно яах ийхийн зуургүй Батбаатарыг даран унажээ.

Батбаатар ч айсандаа аймшигтайгаар бархирч, эхнэр нь ч сэрж гэрлээ асаан харвал өрөөнд юу ч байсангүй. Тэгсэн хэрнээ цонх нь юу ч үгүй хагарчихсан байж. Эхнэр нь айж салгалсан Батбаатарыг тэр шөнөдөө эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд тэр байн байн “Тэр чонын арьсыг шатаа” гэж орилоод байжээ. Батбаатар удалгүй эмнэлэгээс гарч ажилдаа орсон юм. Үнэхээр ч мөнөөх арьсыг үгүй хийснээс хойш түүнд ямар нэг юм сонсогдож харагдахаа байсан аж. Үрийнхээ хойноос гансран тэмцээд алуулсан өлөгчин чонын сүнс үхсэн ч Батбаатараас салахгүй арьсаа даган ирж зовоож байсан бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих