Гэмт хэргийн улмаас 24,5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна
Энэ оны нэгдүгээр улиралд АТГ-т гэмт хэргийн шинжтэй 85 гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Ингэснээр 2013 онд үлдэгдэл гэмт хэргийн шинжтэй 19, шинээр хүлээн авсан 85 гомдол, нийт 104 гомдол, мэдээллийг хянасан байна. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэх, 46 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргах, 16 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэн, 28 гомдол, мэдээллийг шалгаж байгаа аж.
Гэмт хэргийн улмаас 24.5 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 798.9 сая төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, 7.9 тэрбум төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалж, анхан шатны шүүхээс 7.978.707.222 төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гарсан байна.
Иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийн дийлэнх хэсгийг нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл эзэлжээ. Нэгдүгээр улиралд 96 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Тэдгээр хэрэг, үйлдлийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр ангилвал 25 хувь буюу хамгийн олон нь төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах хэрэг байгаа аж.
Мөн төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах, хээл хахууль авах, өгөх зэргээр гэмт хэрэг үйлдсэн байна. Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 21 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 14 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт, зургаан хэргийг харьяаллын дагуу тус тус шилжүүлжээ.
Хоёр хэргийг эрүүгийн хэрэгт нэгтгэж, дөрвөн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн ба эрүүгийн 49 хэрэг дээр мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.
Эрүүгийн хэрэгт нийт 128 хүн сэжигтэн, яллагдагчаар татагдан шалгагдсан ба албан тушаалын байдлаар нь авч үзвэл 13 хувь нь улс төрийн, 25 хувь нь төрийн захиргааны ажилчид байна. Харин зургаан хувь нь төрийн тусгай, 21 хувь нь төрийн үйлчилгээний, 35 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан байгаа аж.
Ө.Энхтөр: Н.Хүрэлбаатарын хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн
АТГын мөрдөн байцаах хэлтсийн дарга Ө.Энхтөрөөс зарим хэргүүдийн талаар тодрууллаа.
-МУИС-ын сургалтын албаны дарга болоод зарим албан тушаалтнууд оюутнуудаас хахууль авдаг байсан хэргийг шалгаж байгаа гэсэн. Одоо мөрдөн байцаалтын ажиллагаа ямар түвшинд явж байна вэ?
-МУИС-ын Худалдааны сургалтын албаны даргаар ажиллаж байсан Г.Жавхлан нарын этгээдүүд 50 орчим оюутнаас албан тушаалынхаа эрх мэдлээ хэтрүүлж сургалтын дүнтэй холбогдолтой асуудал дээр мөнгө нэхсэн байдаг. Улмаар 50 орчим оюутнаас 26.5 сая төгрөгний хахууль авсан нь тогтоогдсон. Энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байгаа.
-Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д мэдүүлсэн гэсэн. Үнэн үү?
-Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугартай холбоотой гомдол цагдаагийн байгууллагаас манайд ирсэн. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагаас мөрдөж байгаа хэрэгтэй холбоотой, мөн зарим хөрөнгө орлогоо Д.Сугар мэдүүлээгүй байна гэсэн асуудлыг манайд тавьсан. Энэ дагуу хянаж шалгалтыг явуулж байгаа.
Хяналт шалгалтаар Д.Сугар нь гадаадад байгаа үл хөдлөх хөрөнгө томоохон хэмжээний зээл зэргээ мэдүүлээгүй нь тогтоогдсон. Хуулиар бол албан тушаалтныг томилох чөлөөлөх эрх бүхий байгууллагад тухайн асуудлыг тавьж шийдвэрлүүлдэг юм.
-Сэлэнгэ аймгийн засаг дарга асан Ж.Эрдэнэбатад холбогдох хэрэг юу болсон бэ?
-Өнгөрсөн жил шалгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гээд хэрэгсэхгүй болгосон.
-”Цэвэр агаар сан” хэргийг дахин шалгаж байгаа гэсэн. Үнэн үү?
-Туул голын эхийг цэвэршүүлэх, усны ундаргыг сайжруулах чиглэлээр холбогдох компаниуд хууль зөрчсөн байгаа. Мөн төрийн өмчийг зориулалтын дагуу зарцуулаагүй зөрчил гаргасан. Өөрөөр хэлбэл, үндсэн ажлаа хийгээгүй байж мөнгийг нь аваад завшсан гэх асуудал гараад байгаа учир “Цэвэр агаар сан”-гаар дамжуулж төсвийн мөнгө идсэн компаниудад эрүүгийн хэрэг үүсгээд шалгалтын ажиллагааг эхэлсэн байгаа.
-”Тэнгэр групп” компанийн захирал Н.Анхбаяртай холбоотой мэдээлэл янз бүрээр гарч байгаа. Хуулийнхан түүнийг тамлаж байна гэх юм ?
- “Тэнгэр групп” компанийн захирал Н.Анхбаярт 2013 оны долдугаар сарын 5-ны өдөр эрүүгийн хуулийн 263.2,166-д заасан зүйл ангиар мөнгө угаасан, албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан.
Тодруулбал, Н.Анхбаяр нь “Тэнгэрийн групп” компанийн ерөнхий захирлаар ажилладаг бөгөөд өөрийнхөө үүсгэн байгуулсан компанийнхаа нэр дээр 2007-2013 онд ашигт малтмалын 45 ширхэг тусгай зөвшөөрлийг худалдаж авсан байдаг. Мөн тодорхой хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үндэслэл нь гарчихсан байхад цуцлалгүйгээр ажилтнуудтайгаа хуйвалдаж сунгасан байсан.
Энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төрийн албан тушаалтнуудтай холбогдож мөнгө угаах чиглэлийн гэмт хэрэг үйлдэж байна гэсэн үндэслэлийг бий болгож АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.
Энэхүү компани нь Карибийн арлуудад оффшор бүсэд бүртгэлтэй. Улмаар гадаадаас 12 тэрбум төгрөгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулж ирж хайгуулын лицензүүдийг худалдаж авсан зэрэг асуудлууд шалгалтын явцад тогтоогдсон.
Гэвч хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ хүнийг тамлах маягаар гурван газар цагдан хорьсон зэргээр нэг талыг барьсан мэдээлэл гараад байгаа. Төв аймаг, Зүүн хараа, Хорих 461 дүгээр анги зэрэг гурван хорих төвийг дамжуулсан нь үнэн. Учир нь цагдан хорьж байгаа асуудлыг мөрдөн байцаагч өөрөө шийдчихдэггүй. Шүүх шийддэг юм. Шүүх дээр тухайн хүний өмгөөлөгч нарын оролцуулж байж асуудлыг шийддэг.
-Яагаад гурван хорих дамжуулж хорьсон вэ?
- Энэ хэрэгтэй холбоотой хүмүүс цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан. Бид шүүхэд асуудлыг тавиад 461 дүгээр ангид хоривол хоорондоо хэл ам авалцана гэж үзсэн. Ийм үндэслэлээр Төв аймгийн цагдан хорих төвд хорисон. Гэвч тэнд очоод асуудал зүгээр байгаагүй. Гаднаас янз бүрийн захиа оруулах, бусадтай хуйвалдах зэрэг мөрдөн байцаалттай холбоотой янз бүрийн зовлон бэрхшээл учирсан.
Тиймээс бид Зүүн хараад аваачиж байршлыг нь сольсон. Гэвч ялгаа байхгүй энэ байдал давтагдсан. Ийм байдлаар бид хоёр газар дамжуулж цагдан хорьсон. Гэхдээ энэ хүнийг тамлан зовоосон зүйл байхгүй. Угаасаа хорих ангид байгаа хүн таргална гэж байхгүй. Тиймээс турах нь ойлгомжтой. Түүнийг зовоож тарчлаасан зүйл байхгүй байгаа.
Энэ хүнийг цагдан хорих хугацаанд нь давхардсан тоогоор гэр бүлийнхэнтэй нь 58 удаа уулзуулсан. Нарийн мэргэжлийн эмчид гурван удаа авч явж үзүүлсэн. Хоригдож байгаа газрынхаа эмнэлэгт гурван удаа хэвтэж эмчлүүлсэн. Мөрдөн байцаагч арван хоногт уулзаж байсан. Нийтдээ долоон удаа байцаалт авсан байгаа.
Их хэмжээний лиценз буюу 3.5 тэрбум төгрөгний лиценз авахдаа тэрнийхээ хэмжээгээр улсад татвар төлөөгүй нь тогтоогдсон. Мөн Газрын тосны газрын албан тушаалтанд хахууль өгсөн нь тогтоогдсон. Юутай ч мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт танилцуулсан байгаа.
-Авлигажсан төсвийн хүрээнд зарим шалгалтыг хийж байгаа гэсэн?
-Авлигажсан төсвийн 212 төслийн асуудлууд дээр шалгалтууд явж байгаа. Сая аудитын байгууллагаас ирсэн дүгнэлтийг авч үзсэн. Үүнтэй холбогдуулаад бусад барилгууд дээр төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан эсэхийг шалгах болно.
-”Эрдэнэс таван толгой”-н Б.Энэбишийн хэрэг юу болсон байгаа вэ?
-”Эрдэнэставан толгой” компанийн захирал Б.Энэбишид 2013 оны таван сард эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тэрбээр гадагшаа гарсан нь үнэн. Бид энэ нөхрийг буцааж авчрах, холбогдох ажиллагааг интерполоор дамжуулаад болон бусад авлигын конвенц, дүрэм журманд заасны дагуу тухайн оронд асуудал тавиад ажиллаж байгаа. Хэрэг нь түдгэлзээтэй байгаа.
-ЭМЯ-ны сайд асан Н.Түмэндэмбэрэлийн хэрэг юу болж байгаа вэ?
-Хэрэг нь шалгагдаад явж байгаа. “Латиф” гэх хувийн компаниараа дамжуулж ЭМЯ-ны хэмжээнд явагддаг тендерүүдэд албан тушаалынхаа эрх хэмжээг хэтрүүлж оролцсон байгаа. Энэ асуудлаар шалгагдаж байгаа. Харин Н.Хүрэлбаатарын хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.
-НИТХ-ын даргаар ажиллаж байсан Т.Билэгтийг оргон зайлсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Т.Билэгтийн хэргийн мөрдөн байцаалт дуусч байгаа. Түүнд холбогдох хэрэг албан тушаалынхаа эрх мэдлийг хэтрүүлсэн асуудал байгаа. Холбогдох шалгалтуудыг хийж байгаа.
-”Хөтөлийн цемент шохой”-н компанийн удирдлагуудын хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?
-Өнгөрөгч онд “Хөтөлийн цемент шохой” ХХК-ийн удирдлагуудыг Төрийн өмчийн хөрөнгийг өөрсдийн үүсгэн байгуулсан хувийн компанидаа шилжүүлсэн хэрэгт сэжигтнээр татан шалгасан. А.Шоовдор нарын 20 хүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусч, Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт хянагдаж байгаа.
“Хөтөлийн цемент шохой” ХХК-ийн захирал А.Шоовдор, дэд захирал Д.Валяхүү, үйлдвэр хангамжийн хэлтсийн дарга болон ерөнхий нягтлан бодогч Н.Бадарч, Н.Энхтуяа нарын долоон хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, дөрвийг нь цагдан хорьж, 2013 оны арванхоёрдугаар сард гэр бүл болон өмгөөлөгчийнх хүсэлтээр батлан даалтад гаргасан. Энэхүү хэрэгт холбогдсон хүмүүсийн хэрэг прокурорт шилжсэн байгаа.
Н.Алтанцэцэг
Эх сурвалж:
URL: