Н.Алтанхуяг эвслээс аврал эрж, Ц.Элбэгдорж АТГ -ыг хөдөлгөлөө

 siknabn5pjjs4uw0z5p6jma
Н.Алтанхуягийн тэргүүлж буй Засгийн газар аврагдаж үлдэх үү, аль эсвэл амь тавих уу гэдгийг УИХ энэ долоо хоногт эцэслэн шийднэ. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлахад ямар ч саадгүй боллоо. Өөрөөр хэлбэл, УИХ-ын намрын чуулган завсарлахын өмнөхөн дээрх хуулийн төслийг хэлэлцэх үеэр АН-ынхан тав хоног завсарлага авч байсан бол МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн өнгөрсөн пүрэв гарагт мөн л тав хоног завсарлага авсан. Харин одоо чуулганы нэгд­сэн хуралдаанаас дахин завсарлага авах эрх АН-ынхан болон “Шударга ёс” эвслийнхэнд байхгүй. Нэг ёсондоо, Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ынханд хугацаа хожих сүүлчийн боломж МАХН, МҮАН-ынханд байсан юм. Тиймээс эрх баригчид эвслийнхнээс аврал эрж, эвслийнхэн хариуд нь “Өр­шөөлийн тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудын дараа­­лалд оруулж өг” гэсэн шаардлагыг тавьжээ. Мэдээж хэрэг, танхимтайгаа хамт нуман тулгуурт орсон Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэдэнд “За” гэж хэлсэн.

АН-ынхан “Шударга ёс” эвслийнхэнтэй хийсэн дээрх тохиролцоо Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр хоёрын “шарх”-ыг дахин хөндлөө. Хэдийгээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн үеэр “Намайг 2009-2013 онд Төрийн тэргүүнээр ажиллаж байх үед нэг ч Засгийн газар огцорч байгаагүй” хэмээн мэдэгдэж байсан ч Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр дахиа сонгогдмогцоо “Давхар дээл” тайлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан нь эрх баригчдыг барьц алдуулав. Хоёр настай сөрөг хүчнийхэнд тоглоомын дүрмийг нь ийнхүү бэлэн болгож өгөв. Үнэхээр ч Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нар одоо хэн, хэндээ өргүй болсон. УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнөхөн З.Энхболд, “Жен­ко” Х.Баттулга тэргүүтэй Ардчилсан хүчний хол­бооныхон Н.Алтанхуягийг намын даргаас огцруулах томоохон акцийг хэд, хэдэн удаа зохион байгуулсан билээ. Гэвч МАН, МАХН-ынхны сөргөлдөөн дээр дөрөөлж АН сонгуульд ялах ёстой, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулиар Ц.Элбэгдорж улиран сонгогдох учиртай байсан учраас Төрийн тэргүүн АН-ын фракциудын зүгээс Н.Алтанхуягийн эсрэг хийж буй дайралтуудыг түр намжаасан гэдэг. Улс төрийн өнгө түүний хүссэнээр өөрчлөгдсөн. УИХ-ын 2012 оны сонгуульд АН ялж, Н.Алтанхуяг Ерөнхий сайд болов. Харин дараа жил нь Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд Н.Алтанхуяг АН-ын сонгуулийн штабыг удирдаж, ардчилсан Ерөн­хийлөгчид ялалтын тугийг дахин атгуулсан. Товчхондоо, тэдний хэн хэн нь түүхэн үүргээ амжилттай гүйцэтгэсэн билээ.

АН дахь  фракци хоорон­дын зөрчилдөөн УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнөх үеийг эргэн санагдуулах болов. Тэр үед Н.Алтанхуягийг хам­тарсан Засгийн газраас гарч, намын даргаасаа огцрохыг шаардаж байсан нөхөд дүр­дээ дахин орцгоов.

Хэдийгээр Н.Алтанхуяг Ерөнхий сайд болмогцоо Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч З.Энхболдыг УИХ-ын дарга болгох тохироог нам дотроо хийж, “Фортуна” Н.Батбаяр, “Женко” Х.Баттулга, Д.Ганхуяг, С.Эрдэнэ нарт сайдын суудал “бэлэглэсэн” ч АН-д өөрийнх нь эсрэг ассан “гал”-ыг бүрэн унтрааж чадаагүй нь энэ хаврын улс төрөөс тодорхой харагдана. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн фракцийнхан болон “Женко” Х.Баттулга тэргүүтэй МоАХ-ныхон яг одоо түүний тэргүүлж буй танхимыг унагахын төлөө хүч хавсарч байна. Төрийн тэргүүн ч эвслийнхэнтэй гар барин гүйлдэж, энэ Засгийн газрыг хэвээр үлдээхийн төлөө чөтгөртэй нөхцөхөөс ч сийхгүй яваа Н.Алтанхуяг тэргүүтнийг Японоос зүгээр хараад суусангүй. “Шударга ёс” эвслийнхэн АН-ынханд амласан ёсоор өнгөрсөн пүрэв гарагт УИХ-ын чуулганаас завсарлага авсан бол АТГ-ынхан маргааш нь “Н.Алтанхуягийн охин “Цэвэр агаар” сангийн экс удирдлагуудтай хуйвалдаж, мөнгө идсэн нь тогтоогдсон” гэх ноцтой мэдээллийг сэтгүүлчдэд хийсэн юм. Энэ үйл явцыг улс төрийн хүрээнийхэн “Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийн тэргүүлж буй Засгийн газрыг огцруулах “галт тэрэг”-ээ хөдөлгөчихлөө” хэмээн үзэж байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шударга ёс” эвслийнхэнтэй хамтарч Засгийн газраа байгуулсны ид шид сая л гарав. Хэрэв эвслийнхэн энэ удаад түүний гуйлтаас татгалзаж, УИХ-ын чуулганаас завсарлага аваагүй байсан бол танхимынх нь 17 сайд “Давхар дээл”-ээ тайлж мэдэхээр байв. Учир нь Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ баталлаа гэхэд “Энэ хуулийг батлагдсан цагаас нь эхэлж мөрдөх үү, аль эсвэл 2016 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх үү” гэдэг дээр санал хураалт явуулах учиртай. Гишүүдийн олонхи нь хоёр дахь хувилбар дээр товчлуураа дарвал Н.Алтанхуягийн танхим цаашид ажиллах эрх зүйн чадамжгүй болно гэсэн үг. АН-ын дарга Н.Алтанхуяг тэргүүтэй нөхдөд танхимаараа огцрох ийм аюул нүүрлэсэн учраас эвслийнхнээс тусламж хүссэн хэрэг. Шадар сайд Д.Тэрбишдагва ч тэдэнд хүч нэмж, эвслийнхэндээ шахалт үзүүлсэн аж. Харин УИХ-ын чуулган хуралдахын өмнөхөн АН-ын бүлгийнхэн “Давхар дээл” тайлах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед 14 гишүүн “Н.Алтанхуягийн танхимынхны “Давхар дээл”-ийг яг одоо тайлуулах ёстой” гэдэгт санал нэгджээ. АН дахь Н.Алтанхуягийн эсрэг 14-т “Ерөнхийлөгчийн фракцийнхан” гэгддэг Г.Баярсайхан, М.Батчимэг, Ж.Батзандан нараас гадна МоАХ-оос “Женко” Х.Баттулга, Р.Бурмаа, Ш.Түвдэндорж тэргүүтэй нөхөд багтана.

Тэгвэл “Шударга ёс” эвслийнхэн АН-ынханд яагаад “За” гэж хэлсэн бэ. Тэд АН-тай ганцхан хуулийн төслөөр л наймаалцчихав уу. Энэ асуултад “Тийм” гэж хариулбал хэтэрхий өрөөсгөл, бас дэндүү жижиг болох биз. УИХ-ын дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар нарын санаачилсан Өршөөлийн тухай хуулийн төсөл эрх баригчдын ашиг сонирхолд нийцээгүй учраас мөн л гацаанд орчихоод байгаа. Хууль санаачлагчид “Энэ хууль батлагдсанаар 3000 хоригдолд өршөөл үзүүлэх нөхцөл бүрдэнэ. Тэднийг сулласнаар улсын төсвөөс 5-6 тэрбум төгрөг хэмнэнэ” гэж мэдэгдсэн. Гэвч “Өршөөлийн тухай хуулийг санаачлах болсон гол шалтгаан нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг бүрмөсөн цагаатгахтай холбоотой” гэх хардлага улс төрд ч, олон нийтийн дунд ч байсан учраас эрх баригчид эмээсэн байж болох.

Харин одоо Н.Алтанхуягийн Засгийн газар аврагдаж үлдэх нь Төрийн тэргүүний зүгээс хуулийн төсөл санаачлан өргөн барих эрх мэдлээс илүү байгаа учраас эрх баригчид тэдэнд боломж олгохоо амлалаа. Экс, эдүгээгийн Ерөнхийлөгч нарын “шарх” ч дахин сэдэрсэн нь ийм учиртай. Учир нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүхээс 2.6 жил хоригдох ял сонссон Н.Энхбаярт 2013 онд уучлал үзүүлсэн. Гэхдээ энэ нь түүнийг ял зэмээс бүрмөсөн чөлөөлсөн гэсэн үг биш. Тиймээс экс Ерөнхийлөгч “Ямар хэрэг хийсэн гэж надад уучлал үзүүлж байгаа нь энэ билээ. Ц.Элбэгдорж намайг цагаатгах ёстой” хэмээн мэдэгдсэн ч Төрийн тэргүүн түүнийг цагаатгалгүй өдийг хүрсэн билээ. Ийнхүү “Давхар дээл” тайлах тухай хуулийн төсөл эрх баригчид хийгээд эвслийнхнийг гар барилцуулж, Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нарын зөрчлийг дахин сэдрээв. Харин Ц.Элбэгдорж Н.Алтанхуягт АТГ-ын мэдээллээс өөр ямар том “бэлэг” барих бол.

С.ТУЛГА

Эх сурвалж http://www.info.mn


URL:

Сэтгэгдэл бичих