“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ын захирал Ц.Сэдванчигийн Рио Тинтод бичсэн шуугиант захиа бүрэн эхээрээ

"Эрдэнэс Оюу Толгой"  ХХК-ын захирал Ц.Сэдванчигийн Рио Тинтод бичсэн шуугиант захиа бүрэн эхээрээ

 

“РИО ТИНТО” КОМПАНИЙН ЗЭСИЙН ГРУППИЙН ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙЗАХИРАЛ ЖИН СЕБАСТИАН ЖАК ТАНАА

 

Төслийн санхүүжилтийн талаар

 

Та бүхний энэ өдрийн амрыг айлтгаж “Оюутолгой” компани баяжмалын экспортоо амжилттай эхлүүлсэнд баяр хүргэж, хүчин чармайлт гаргасанд талархаж буйгаа илэрхийлье. Танаас 2013 оны гуравдугаар сарын 28-ний өдрөөр Засгийн газрын “ажлын хэсэг”-т ирүүлсэн төслийн санхүүжилтийн дэлгэрэнгүй мэдээлэл, нөхцөл болон тавдугаар сарын 20-ны өдөр миний нэрээр уг асуудалд байр сууриа илэрхийлэхийг хүссэн захианы хариуг “ажлын хэсэг”-тэй зөвлөсний үндсэн дээр үүгээр хүргүүлж байна.

 

Юун түрүүнд Оюутолгой төсөлд зориулан төслийн санхүүжилт /project financing/ авах нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ болон Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан Тенхик, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-д бүрэн нийцэх ёстой юм.

 

Бидний хооронд байгуулсан гэрээний суурь үндэслэл зүйрлэж хэлбэл “зүрх” нь болох ТЭЗҮ-г 2010 оны гуравдугаар сарын 24-ний өдөр Засгийн газрын хурлаар хэлэлцэн хүлээн авахыг зөвшөөрсөн. Энэ шийдвэр гарснаар гэрээнүүд хүчин төгөлдөр болсныг Та бүхнийг санаж байгаа гэдэгт итгэж байна. Тэр ТЭЗҮ-г хуульд заасны дагуу хөрөнгө оруулагч талаас боловсруулж ирүүлсэн байдаг. Энэ ТЭЗҮ-д тооцсоноор 2013 оноос бэлэн мөнгөний эерэг урсгалын эх үүсвэрээр төслийг үргэлжлүүлэн санхүүжүүлэх боломжтой боловч Та бүхнээс ирүүлсэн тайлбараас далд уурхайн ажлыг хурдавчлах үүднээс Төсвийн санхүүжилтийг авах шаардлагатай болсон тухай мэдлээ.

 

Гэвч бидний ирүүлсэн нөхцөлтэй төслийн санхүүжилтийг дэмжсэн захиа Засгийн газраас хүргүүлэхэд Монгол Улсын холбогдох хууль болон гэрээний олон зөрчилтэй асуудал үүсгэхээр байна.

 

Тухайлбал:

 

1. Төслийн санхүүжилтийн дүн нь Монгол Улсын Компанийн тухай хуулиар их хэмжээний хэлцэлд хамаарах бөгөөд компанийн ТУЗ санал нэгтэйгээр батлах, эсвээс Хувь нийлүүлэгчдийн хурал шийдвэрлэхээр зохицуулагдсан боловч дараалал алдагдаж шийдвэр гараагүй байна.

 

2. Төслийн санхүүжилтийн барьцаа, баталгаанд “Оюутолгой” компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Хөрөнгө оруулалтын гэрээ, компанийн биет ба биет бус хөрөнгийг бүхлээр нь тавихаар нөхцөлдүүлсэн нь эрх хэмжээний болоод эрх зүйн зөрчил үүсгэж байна.

 

3. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээг ТЭЗҮ-д тусгагдсанаас 10 гаруй тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн тооцоог зээлдүүлэгч санхүүжүүлэгч банк санхүүгийн байгууллагад мэдээлсэн нь төслийн тооцоо, үр өгөөжийг дахин нягтлах зайлшгүй шаардлагыг үүсгэж байна.

 

4. “Би Эйч Пи”-ээс үүдэлтэй хоёр хувийн роялтиг ногдуулахаар санхүүгийн загвар тооцоонд тусгаж зээлдүүлэгч нарт хүргүүлсэн нь Монгол Улсын хууль тогтоомж, гэрээтэй илэрхий зөрчилдөж байна. Мөн зээлийн үлдэгдэл дүнгээс 2.5 хувийн шимтгэлийг урт хугацааны туршид буюу нийтдээ 1.3 тэрбум гаруй ам.доллар “Рио Тинто”-д хуваарилсан нь гэрээний заалттай зөрчилдөж байна.

 

5. Төслийн санхүүжилтээр авах эх үүсвэрийн 2.0 тэрбум ам.долларыг төслийн хөрөнгө оруулалтанд зарцуулахгүй “Рио Тинто”-д төлөхөөр байгаа нь бидний хооронд байгуулсан гэрээгээр зохицуулагдаагүй зөрчлийг үүсгэж байна.

 

6. Гэрээний дагуу “Оюутолгой” ХХК-д шилжсэн байх ёстой Оюутолгойн бүлэг ордтой хамааралтай тусгай зөвшөөрөл, нөөцийн асуудал /Антре Гоулд/ Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, гэрээний заалт зөрчсөн байна.

 

Иймд Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, ТЭЗҮ болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжтой зөрчилдөж буй дээрх асуудалтай холбогдуулан төслийн санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газрын түвшинд шийдвэрлэх боломжгүй байна. Тодруулбал Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл болон Оюутолгой төслийн үр өгөөжтэй холбогдуулж хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн эдийн засаг, санхүүгийн тооцооны гол үзүүлэлтийг УИХ хэлэлцэж түүний үндсэн дээр Засгийн газарт гэрээ байгуулах эрх, зөвшөөрөл олгосон байдаг. Мөн Та бүхнээс ирүүлсэн төслийн санхүүжилтийн гол нөхцлүүд нь УИХ-ын бүрэн эрхэд хамаарахаар байгаа тул УИХ-аар хэлэлцүүлсний үндсэн дээр шийдвэрлүүлэх шаардлагатай болохыг тэмдэглэе.

 

Дашрамд юуны түрүүнд төслийн санхүүжилтийн асуудлыг хуулийн дагуу компанийн ТУЗ нухацтай хэлэлцэн нэгдсэн санал, ойлголцолд хүрэх нь зүйтэй юм. Мөн 2013 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр хуралдсан Хувь нийлүүлэгчдийн хурлаар гэрээ болон ТЭЗҮ-д заасан анхны хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр хэтэрсэн шалтгааныг анхан шатны баримтанд үндэслэн тодорхой болгосны дараа бусад асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу ажлын хэсэг гурван сар гаруй ажиллаж байгаа боловч, тэдний ажлын явц удаашралтай байна. Иймд Танаас болон компанийн гүйцэтгэх удирдлагын зүгээс асуудалд анхаарч ажиллахыг хүсч байна.

 

Бидний хамтын ажиллагаа цаашид илүү үр дүнд хүрнэ гэдэгт итгэл төгс буйгаа энэ завшааныг ашиглан илэрхийлж байна.

 

Хүндэтгэсэн Гүйцэтгэх захирал Ц.Сэдванчиг


URL:

Сэтгэгдэл бичих