Харийн оронд амиа алдах монголчуудын өмнө хэн буруутай вэ
Хэрэг гардаг өдөр бүсгүй гэрээсээ гарч нэгэн монгол бүсгүйтэй танилцсан байдаг бөгөөд оройхон гэртээ ирээд нэг цагийн дараа амиа алдсан ажээ. Цонхоороо унаж нас барсан түүнийг Солонгосын цагдаа нар амиа хорлосон байж магадгүй гэх таамаг дэвшүүлсэн ч гуяных нь дотор хэсэгт шархтай, нимгэн зүйлээр зүсч тамласан ор мөр гарсан аж. Энэ хэрэг мэдээж Солонгос эрийн талд шийдэгдээд өнгөрсөн. 2010 онд энэ хэрэг гарч байжээ. Түүнээс хойшхи дөрвөн жилийн хугацаанд энэ мэт зуучлал гэх нэрийдлээр танилцсан хэчнээн олон монгол бүсгүйчүүд хүний нутагт зовж явааг таахын аргагүй. Амиа алдсан тоог ч гаргах аргагүй. Хэвлэлээр ил болсноос гадна хувь хүмүүсийн хэрэг шүү дээ хэмээн хэчнээн гэр бүл амиа алдсан ар гэрийн хүмүүсээ нуусан нь тодорхой бус.
Мөн бидний хамгийн сайн мэдэж байгаа Малайзад амиа алдсан 26-хан настай монгол бүсгүйн хэрэг байна. Э гэх тэр бүсгүй мөн л хэлний курст сурч амьдралаа дээшлүүлнэ хэмээн явсан байдаг ч хүний наймааны хохирогч болж амиа алдсан байх магадлал өндөр байгаа юм. Энэ хэрэг одоо ч шалгагдсаар байна. Интернэт хуудсанд “Монгол иргэн амиа алдлаа” гэх хайлтыг та хийгээд үзээрэй. Өч төчнөөн хэрэг гарч ирнэ. Найз бүсгүйгээ ДОХ-ын халдвар авсныг мэдээд монгол залуу амиа хорлов, өрөө төлж чадахгүй учраас өөрийгөө егүүтгэв, хар тамхины хэрэгт холбогдож байсан залуу мафийнханд буудуулан амиа алдлаа, загасчны завинд ажиллаж байсан иргэн А зангуундаа орооцолдон сүлбүүлж амиа алджээ гэх хар бараан мэдээллүүд дүүрэн байна. 2014 оны эхээр гэхэд л 20 орчим монгол иргэн гадны улсад амиа алдсан байна.
Бид тэднийг гадны улсад амьдарч байж хуулийг нь мөрдөж чадаагүй хохь нь гэж хэлээд л өнгөрч байгаа. Гэсэн ч сайн ч, муу ч тэд Монгол гэх нэрээр овоглосон, бидний нэгэн адил Монгол Улсын иргэн хүн. Ажил амьдралын замаар алсыг зорьсон ч хүн болохоор тэд алдаа гаргаж л таарна. Өр ширэнд баригдаад, хаашаа ч хөдөлж чадахгүй амиа егүүтгэхэд хүрсэн тэр залууг хүн гэж тосоод авдаг газар байсан бол цагдаагийн газрын үүдэнд амиа алдах байсан уу. Хүний наймаанд өртчихлөө, хүмүүс намайг хөөгөөд байна хэмээн уйлж дуулан ярьж байсан бүсгүйн араас Элчин сайдын яам нь анхаарал хандуулчихсан бол өдийд амьд мэнд ээжийнхээ элгийг дэвтээгээд эх орондоо сайхан амьдрах байсан ч юм бил үү. Цаашлаад харийн нутагт хүүхэдтэйгээ хамт зодуулан хөөгдөж, сүмд очин тусламж хүссэн бүсгүй, үрээ харийн залууд алдаад шаналж яваа Т.Аянтунгаа нарын хэргийг бид мартах учиргүй. Энэ бүхэн Монголын төр сул дорой, тэр дундаа гадаад харилцаа сул, гадны улсад байгаа манай элчин сайдын яамдууд сул дорой байгааг харуулж байна.
Тухайн улсынхаа хэлээр ч бараг бүрэн дүүрэн ярьчихаж чадахгүй залуус таньдаг мэддэг хүн, аав ээжийнхээ ач буянаар дипломат төлөөлөгчийн газарт ажилладаг гэдгийг хүн бүхэн ярьдаг болсон. Муу муухай, сайн сайхан байлаа ч бид иргэдээ ялгаварлахгүй тэднийхээ төлөө анхаарал хандуулах цаг нь болжээ. Өрөндөө баригдсан байсан ч би эх орондоо буцах ёсгүй, миний ард тийм ийм зовлон байгаа хэмээн тэд Элчин сайдынхаа яамнаас тусламж хүсээд очдог болтол нь тэд сайн ажиллах ёстой. Сардаа нэг тийм улсад зорчихгүй байхыг анхааруулж байна, тэрний цогцсыг эх оронд нь авчрахад манай талаас туслах болно гэсэн байдлаар Гадаад харилцааны яам маань ч ажиллаад баймааргүй. Энэ мэт олон учир дутагдалтай зүйлийг нуршилгүйгээр 2013-2014 оны хооронд монгол иргэн гадны улсад амиа алдсан хэргийг товчлон хүргэе. 2014 оны нэгдүгээр сард ГХЯ-наас он гарсаар 13 монгол иргэн гадны улсад амиа алдлаа гэх тоог зарлаж байсан билээ. Төр засаг маань энэ бүхнийг эргэн санаж, гадны улсад ажиллаж амьдарч байгаа иргэддээ бага ч гэсэн анхаарал хандуулаасай гэдэг үүднээс бэлтгэлээ. Энэ зөвхөн хэвлэл мэдээллээр ил болсон хэргүүд.
2013 оны нэгдүгээр сарын 22
-2012 оны гуравдугаар сард хоёр улсын гэрээгээр БНСУ-д ажиллахаар явсан Монгол Улсын иргэн А нь бусдын гарт амиа алджээ. Хохирогчийн ар гэрийнхний өгсөн мэдээллээр тэрбээр нэгдүгээр сарын 20-нд БНСУ-ын талаас хохирогчийг нас барсан гэсэн мэдээллийг өгсөн байна. Хальтирч унаад амиа алдсан гэсэн мэдээллийг анх өгсөн бөгөөд Сөүл хотод ажиллаж амьдарч байсан аж. Гэтэл хамт ажиллаж байсан хоёр монгол залуугийн гарт амиа алдсан хэмээн Сөүл хотын цагдаа нар шалгаж тогтоожээ. Хохирогчийн эгч гэх бүсгүй “Бие биеэ хайрлаж, хүндэлж яваарай. Шүүх шударга үнэнийг олно гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн эх орондоо ирээч ээ” хэмээн гуйсан юм. Нас барсан залуу ярих болгондоо “Гэрээ маш их санаж байна. Эх нутгийг минь гүйцэхгүй юм байна” хэмээн ярих болгондоо хэлдэг байсан аж.
2013 оны тавдугаар сарын 10
-01.30 цагийн орчимд БНСУ-ын Чоннам аймгийн Хэнамгүнд байх усан онгоцны үйлдвэрт гэрээгээр ажилладаг хоёр монгол залуу автомашины осолд орлоо. Хохирогч А-гийн жолоодож байсан суудлын машин замын голыг зааглагч төмрөн хаалтыг мөргөн улмаар дээш харан унасан байна. Ослын улмаас жолооч залуу газар дээрээ нас барсан бол түүний хажууд сууж явсан Б хүнд бэртэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Осолд орсон залуус ажлаа дуусгаад өөрсдийн амьдардаг үйлдвэрийн ажилчдын байр руу явж байжээ. Ослын шалтгааныг тодруулахаар Чоннам аймгийн Замын цагдаагийн газар ажиллаж байгаа аж.
2013 оны тавдугаар сарын 23
-Монгол Улсын иргэн 47 настай П ОХУ-д буудуулж амиа алдсан хэрэг гарлаа. Түүний цогцсыг өчигдөр эх оронд нь авчирсан байна. Талийгаачийн хувьд Налайх дүүрэгт амьдардаг байсан бөгөөд олон жилийн өмнөөс хар тамхи зөөж, хил дамнуулан наймаалдаг байжээ. Хэрэг ОХУ-д болсон бөгөөд П бараагаа Макаогоос зөөвөрлөж ирээд нийлүүлэгчдээ өгчихөөд Эрхүүгийн ойролцоо орших Селезны тосгоны орчимд явж байхад нь жийптэй хүмүүс ирж автоматаар шүршиж амийг нь хөнөөсөн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хэвлий, цээжиндээ шарх авч газар дээрээ нас баржээ. Талийгаачийн хувьд Эрхүүд дээд сургууль дүүргэсэн бөгөөд оюутан байхаасаа ганзагын наймаа хийдэг байжээ. Тэрбээр дотны нэг найздаа “Эрхүүгийн хар тамхины бүлэгт нэг удаа зөөвөрлөгчөөр ажиллаж чамгүй хөлс авсан тухайгаа хэлж, одоо нэг Макао яваад ирчихвэл энэ зүйлийг нэг мөр цэглэнэ” хэмээн ярьж байсан аж.
2013 оны долдугаар сарын 07
-Эрхүүгийн есөн давхар барилгын дээвэр дээр Монголын иргэн амиа хорлоно хэмээн хүмүүсийг сандаргасан гэнэ. Онцгой байдлын туршлагатай мэргэжилтэн Богдан Васильев гурван цаг орчим ярилцсан ч амжилт олоогүй аж. Тэрбээр Эрхүүд бөөний худалдаа эрхэлдэг байжээ.
Богдан Васильев амиа хорлосон залуугаас хэдхэн алхмын зайтай зогсч, ус гуйхад нь хүртэл өгч байжээ. Энэхүү есөн давхар барилга нь стандартын 13 давхар барилгын өндөртэй тэнцдэг гэнэ. Тэрбээр “Надад Оросод гомдох шалтаан байхгүй. Би гэр бүлдээ тусалж чадахаа байлаа” гэжээ.
Түүнчлэн шинэ паспорттой болохыг хүсч байгаагаа ч хэлсэн аж. Аврагчид түүн рүү аврах олс шидэхэд түүнээс гарах гэж зүтгэж байгаад доошоо гуравдугаар давхарт унасан аж. Түүнийг түргэн тусламжаар авч явсан ч ухаан оролгүй байсаар нас баржээ.
2013 оны аравдугаар сарын 02
-Хятадын хил орчимд амьдарч, амьжиргаагаа залгуулдаг монгол залуус бусдын гарт амиа алдах явдал гарав. Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтоос 23 км зайтай орших Цагаан хадны орчимд монгол залуу хятадуудын гарт амиа алдсан хэрэг гарлаа. Тодруулбал, хил дамнуулан бусдын нүүрсний машиныг жолоодон гаргаж өгдөг 27 настай монгол залууг хятад жолооч нар өөрсдийнх нь машиныг жолоодож өгөөгүй гэх шалтгаанаар бүлэглэн зодож, амийг нь хөнөөсөн байна.
2013 оны арванхоёрдугаар сарын 09
-2011 оны наймдугаар сард өндөр цалинтай ажил олж хийхээр харийн нутгийг зорьсон Э бүсгүй Малайзад хүний гарт амь үрэгдлээ. Баримт татвал, Э гэгч бүсгүй гэрээсээ гарснаас хойш яг сарын дараа гэрийнхэнтэйгээ утсаар ярьж, нэгэн найзтайгаа хамт Малайзад дэлгүүрт ажиллаж байна хэмээжээ. Гэвч төд удалгүй сураг тасарсан байна. Ар гэрийнхэн нь түүнтэй холбогдож чадахгүй болсон тул 2012 оны тавдугаар сард нийслэлийн Баянзүрх дүүргийн XI хорооныхоо хэсгийн цагдаад хандан, өргөдөл гаргасан байна.
Үүний дараа дүүргийнхээ Цагдаагийн хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газарт өргөдөл гаргаж, охиныхоо гэрэл зураг, байгаа гэж хэлсэн газрынх нь хаягийг өгчээ. Гэвч тоймтой сураг гарахгүй жилийн нүүр үзжээ. Гэтэл энэ жилийн аравдугаар сарын эхээр Э гэнэт ахтайгаа утсаар холбогдож намайг хүмүүс зодсон. Би зугтаалаа хэмээн учир битүүлэг зүйл ярьжээ. Дахин хэд хоногийн дараа “Иргэний үнэмлэхийг минь ар, өвөргүй канондож, и-мэйлээр өгч явуулаач. Гадаад паспорт гаргуулахад тусална гэсэн хүн байгаа. Энд хоёр ихэр монгол охин, эгч гуравтай таараад хамт амьдарч байна” гэсэн байна.
Харин Э охины танилцсан нутаг нэгтэн хэмээн итгэж найдсан өнөө монголчууд нь Монгол, Малайз, Сингапурын хооронд хүн наймаалдаг малайзчуудтай хамтардаг байсан аж. Өөрөөр хэлбэл, Э бүсгүйд паспорт гаргаж өгсөн нөгөөх ихэр эгч дүүс Э-ийн гадаад паспорт гаргаж өгсний хөлс нэхэн, “Хоёр жил ажил хийж, мөнгөө төл” хэмээн Сингапур нисэх онгоцонд хүчээр суулгахаар чирсэн гэх мэдээллийг ч эх сурвалж хэлж байна. Түүнчлэн Э бүсгүй хамгийн сүүлд “Намайг үхсэн гэж телевизээр зарласан гэнэ. Үхсэн гэж зарлаад зарах юм шиг байна. Би одоохондоо амьд. Хурдан ирж аваач дээ” гэж гуйжээ. Э-г утсаар ярьсан, мессэж бичсэн даруйд ар гэрийнхэн нь тэр тухай Эрүүгийн цагдаагийн газарт мэдэгдсэн байна. Үүний дараагаар буюу 2013 оны арваннэгдүгээр сарын 23-нд Малайзын цагдаагийн байгууллагаас “Танай охин нас нөгчсөн. Ирж ав” гэсэн мэдээлэл гэрийнхэнд нь иржээ.
2014 оны нэгдүгээр сарын 8
-Хятадад бас нэгэн бүсгүй амиа алджээ. Тэрбээр Хөх хотод сурч байсан оюутан аж. МУИС-иас нэг жилийн хугацаатай Хөх хот руу дадлага хийхээр явсан оюутан охин цонхоор бууж байгаад унаж харамсалтайгаар амиа алдсан байна. Эх сурвалжийн өгүүлж байгаагаар талийгаач охин байрныхаа цонхоор даавуу унжуулан бууж байтал даавуу нь тасарч, газарт хүчтэй унасны улмаас биедээ хүнд бэртэл авч нас баржээ. Талийгаачийн цогцсыг чандарлан эх оронд нь авчирсан байна.
2014 оны нэгдүгээр сарын 15
Хилийн чанадад зөвхөн он гарснаас хойш 13 хүн амиа алдсан гэх мэдээллийг Гадаад харилцааны яамнаас өгөв. Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар нэгэн өдөр тутмын сонинд өгсөн тодруулгадаа дурьджээ. Тэрбээр, “Монголчууд бусдад хорлогдон, гэмт хэргийн золиос болсон тохиолдол цөөн. Олонх нь өвчний улмаас нас барсан. БНХАУ-д хоёр иргэн нас барсны нэг нь Ганц мод боомтод бусдад зодуулж амиа алдсан байна. Энэ хэргийг хуулийн дагуу шалгаж буй. Эрээнд амиа алдсан иргэн бичиг баримтгүй байсан. Хэн болохыг нь тогтоох ажлыг шуурхай хийж, ар гэрийнхэнтэй нь холбоо барилаа. ОХУ-д нэг эмэгтэй осгож нас барсан талаархи мэдээлэл ирсэн. Энэ мэтчилэн золгүй байдлаар нас барсан иргэн хэд хэд бий” хэмээн ярьжээ.
2014 нэгдүгээр сарын 16
-Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард буюу одоогоос бараг жилийн өмнө гурван монгол иргэн Арабын нэгдсэн Эмират улсын хоёр дахь том хот болох Дубайг зориод ор сураггүй алга болсон талаархи мэдээллийг ар гэрийнхэн нь 11-11 төвд мэдээлжээ. Эдгээр гурван хүн бүгдээрээ эмэгтэй хүмүүс байсан бөгөөд нэг нь буюу н.Дуламжав гэгч нь хөл хүнд бүсгүй явсан байна.Тэрбээр хааяа нэг нөхөртэйгөө холбогддог бөгөөд тэнд төрсөн гэх мэдээллээс өөр мэдээлэл одоог хүртэл байхгүй байгаа аж. Уг нь н.Дуламжав нөхөр, хоёр хүүхэдтэй. Гэвч нөхөр нь эхнэрээ ямар байдалд байгаа, яагаад ирж чадахгүй байгааг нь мэдэхгүй байгаа юм байна. Энэ талаар Засгийн газрын санал хүсэлтийн 11-11 төвд н.Дуламжавын хадам ээжийн эгч нь хандсан бөгөөд түүнтэй хамт явсан хоёр монгол иргэн бусдын гар цүнхийг хилээр авч гарсан бөгөөд үүнээс үүдэн тус улсад хоригдсон байж болох талтай гэх сураг сонсчээ. Гэхдээ тэр гар цүнхэнд хар тамхи байгаагүй ч тэрхүү гайтай тээшнээс болж ийнхүү бүтэн жилийн турш эх орондоо ирж чадахгүй байна уу хэмээн хардаж суугаа бололтой. Харин нөгөө хоёр эмэгтэйгийнх нь талаар ямар нэгэн мэдээлэл олдохгүй байгаа аж.
2014 оны гуравдугаар сарын 30
-Оройн 23.46 цагийн орчим ноцтой осол гарч, монгол залуус амь үрэгдсэн байна. Солонгосын Жүнгбүк аймгийн Асан хотын Ёнгинмёнг тосгоны дэргэдэх нэгэн зам дээр Аванте маркийн суудлын автомашин, замын хажуугийн шонгийн модыг хүчтэй мөргөсөн осол гарчээ. Шонгийн мод мөргөсөн машины их бие танигдахын аргагүй болтлоо эвдэрсэн бөгөөд машин дотор Монгол Улсын зургаан иргэн байсны дөрөв нь газар дээрээ амь насаа алдаж, хоёр иргэн нь хүнд бэртжээ.
Тиймээс ойролцоох эмнэлэгт хүргэгдсэн байна. Машиныг Монгол Улсын иргэн 37 настай А жолоодож байсан бөгөөд түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэх, хурд хэтрүүлсэн эсэхийг тодруулахаар ажиллаж байна гэж хэргийг шалгаж эхэлсэн Жүнгбүк аймгийн цагдаагийн газраас мэдээлжээ.
2014 оны гуравдугаар сарын 14
-АНУ-ын Иллинойз мужийн Кейн каунтигийн шериффийн алба өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Слийпи Холлоугийн цагдаагийн гарт амиа алдсан Монгол Улсын иргэн Самбуунямын Эрдэнэбилэгийн хэрэгт шалгалт хийж эхэлжээ. Чикагогийн хойд хэсэгт орших Буффало Грөүв хотын Диирфильд Паркуэйн 1200-д оршин суудаг С.Эрдэнэбилэг нь гэр орондоо танхайрсан учир цагдаагийнхан дуудлагаар очжээ.
Гэвч танхай залуу хэрэг гарсан өдөр буюу энэ сарын 09-ний өдрийн 12:38 цагт Америк цагдаагийн гарт амиа алдсан байна.
Дуудлагаар очсон цагдаагийн ажилтнууд руу тэрээр хүйтэн мэсээр зэвсэглэн дайрсан учир арга буюу биеэ хамгаалан гал нээсэн аж. Хэргийн мөрдөн байцаах ажиллагааг Иллинойз мужийн цагдаагийн Ерөнхий газраас хариуцан ажиллаж буй гэж Слийпи Холлоугийн цагдаагийн газрын ахлах Жэймс Линэйн мэдээлээ. Хэргийн мөрдөн байцаах ажиллагаа дуусах хүртэл хэрэгт холбоотой хүмүүсийн талаархи мэдээлэл нууц байх болно гэж Иллинойз мужийн цагдаагийн газар мэдээлжээ.
2014 оны дөрөвдүгээр сарын 3
-Солонгос улсын Сөүл хотын төв Шинданг дүүрэг дэх цагдаагийн хэсгийн гадаах хаалганы дэргэд тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байсан Монгол Улсын иргэн 26 настай A амиа хорлон нас баржээ. Монгол залуу өглөөний 06.17 цагийн орчим Шинданг дүүргийн цагдаагийн хэсгийн гадаа 10 минут орчим эргэлдэн зогсож байхдаа хаалганы дэргэдэх хананд хүйтэн мэсээ ишээр нь зоож, түүнд өөрийнхөө цээжин хэсгээр гурван удаа цохьсон гэнэ. Түүний энэ үйлдлийг харсан нэгэн Солонгос иргэн тэр даруй цагдаагийн газар руу орж мэдэгдэж, цагдаа нарын хамт монгол залуугийн амиа хорлох үйлдлийг зогсоон эмнэлэгт хүргэсэн ч хутганы ир зүрхэнд нь хүрч, хэт их цус алдсанаас болоод нэг цагийн дараа амиа алдсан байна. Амиа хорлон нас барсан залуу А нь 2008 онд өөрт байсан багагүй хэмжээний мөнгөн өрийг ажил хийж төлөх зорилготойгоор аялал, жуулчлалын визээр Солонгос улсад очиж, очсон цагаасаа эхлэн барилгын өдрийн ажил хийж байсан ажээ. Гэвч дөрвөн жилийн хугацаанд ажил олдохгүй өдөр түүнд нэлээдгүй байсан бөгөөд Монголд үлдээсэн өрөө ч төлж чадаагүй байсан тэрээр ихэнхдээ хамаатан садан, найз нөхдийнхөө туслалцаа, дэмжлэг, тэдний өгсөн мөнгөөр амьдарч байсан байна. А нь Улсан хотод амьдардаг хамаатныхаа ах руу сүүлийн үед хэд, хэдэн удаа утасдаж өр ширнээсээ болж амьдрахад хэцүү байгаа тухайгаа ярьж байсан бөгөөд амиа хорлохдоо архидан согтууруулах ундаа хэрэглээгүй, ямар нэгэн гэрээслэл бичиж үлдээгээгүй юм байна.
Эх сурвалж: www.mminfo.mn Б.Өнөртогтох
URL: