Татвараас зайлсхийсэн хятад иргэдийн хэргийг шүүхэд шилжүүллээ
Нийслэлийн прокурорын газраас БНХАУ-ын иргэн Вэй Хун Ван, Хан Рун Пин нар болон БЗД-ийн татварын байцаагч Д.Нанжидсүрэн нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүүгийн хэргийн I шүүхэд шилжүүлжээ.
Хятад улсын иргэд нь 2008-2011 онуудад БНХАУ-ын “Хун Лиан” ХХК-ний нэр дээр болон Монгол улсын иргэдийн нэрээр нийт 11822 ширхэг мотоциклийг Монгол Улсад импортоор оруулж ирээд худалдан борлуулахдаа “Хун Лиан” ХХК-ийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон нэмэгдсэн өртөгийн албан татварын тайланд тусгахгүй, онц их хэмжээний албан татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн, Вэй Хун Ван нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Нанжидсүрэнд хээл хахууль өгчээ.
Мөн Д.Нанжидсүрэн нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст татварын улсын байцаагчаар ажиллахдаа Баянзүрх дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг тус “Хун Лиан” ХХК-ний ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй 3 сарын тайланг гаргаж өгсөн, хяналт шалгалтыг ганцаар хийж, татвараас зайлсхийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагад шилжүүлж шалгуулах байтал акт бичиж, “Хун Лиан” ХХК-ний захирал Вэй Хун Ванаас хээл хахууль авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн байна.
Шүүхээс Вэй Хун Ван, Хан Рун Пин, Д.Нанжидсүрэн нарыг гэм буруутай гэж үзэн, БНХАУ-ын иргэн Вэй Хун Ванд Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2, 269 дүгээр зүйлийн 269.1-дэх хэсэгт заасны дагуу сая төгрөгний эд хөрөнгө хурааж, 6 жил 6 сар хорих ял, Хан Рун Пинд Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2-д заасны дагуу 500.000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хорих ял, БЗД-ийн татварын байцаагч Д.Нанжидсүрэнд Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-дэх хэсэгт заасны дагуу 1 жил 6 сарын хорих тус тус оноосон байна.
Г.Эрмүүн | GoGo.mn
URL: