Д.Сугарыг үндсэн хуулийн цэцэд хандаж ажлаас нь чөлөөлөхийг хүсчээ

2a3a707834k3lcgtd4g63s6g12Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба, Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтэс, Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтэс, Мөрдөн шалгах хэлтсээс 2014 оны эхний улиралд хийсэн ажлынхаа талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

2014 он гарсаар Авлигын эсрэг хууль, Сонирхлын зөрчлийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар АТГ-т авлига, ашиг сонирхлын хэргээс гадна мөнгө угаах гэмт хэрэг, албан тушаалтны авлигын хэргийг шалгах болсон. Мөн АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсээс  Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж нийт төрийн байгууллагуудыг хамарсан нэгдсэн шалгалт явуулж эхэлсэн. Шалгалтын явцад авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт  хөдөө орон нутагт  маш хангалтгүй байсан ба улсын төсвийг зориулалтын дагуу ашигладаггүй нь тогтоогджээ. Мөн байгаль орчны салбарт авлигын индекс хамгийн өндөр байгаа төдийгүй үүнд улс төрчдийн нөлөөлөл их байгааг шинжээчид хэлж байв. Мөн сүүлийн үед орон нутгийн засаг дарга нар ашигт малтмал хайгуулын лиценз хууль бусаар олгосонтой холбоотой ашиг сонирхлын хэргүүд нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Хурлын үеэр АТГ-ын  Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөрөөс тус газарт шалгагдаж буй зарим хэргийн талаар тодруулсан юм.

-А.Шоовдор нарын хэрэг

Сэлэнгэ аймгийн “Хөтөлийн цемент шохой” компанийн захирал А.Шоовдор, дэд захирал Д.Валяхүү, Үйлдвэрийн хангамжийн хэлтсийн дарга нарын долоон хүнийг улсын төсвөөс 38 тэрбум төгрөг завшсан гэх үндэслэлээр шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар Сэлэнгэ аймгийн прокурорын газарт хүргүүлжээ.

-Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хэрэг

Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарыг албан тушаалаа хэтрүүлэн ашигласан гэх үндэслэлээр АТГ-т шалгасан. Мөрдөн байцаалтын явцад Д.Сугар нь өөрийн офшор данс, гадаад дахь хөрөнгө, томоохон хэмжээний зээл зэргийг мэдүүлээгүй нь тогтоогдсон. Тиймээс хуульд заасны дагуу албан тушаалтныг томилох чөлөөлөх эрх бүхий байгууллага буюу Үндсэн хуулийн цэцэд хандаж албан тушаалаас чөлөөлөхийг хүсчээ. Хэрэв дээрх байгууллагаас Д.Сугарыг албан тушаалаас чөлөөлвөл хэргийг үргэлжлүүлэн шалгах аж.

-МИАТ компанийн бодлого төлөвлөлтийн газрын дарга асан Т.Билэгсайханы хэрэг

С.Билэгсайханыг МИАТ компанийг төлөөлж, БНСУ-ын “Си юү” гэх компанитай хууль бус гэрээ хийсэн гэх үндэслэлээр АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Дээрх хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж буй тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.

-“Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр нарын хэрэг

“Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаярыг Эрүүгийн хуулийн 263.2, 166 дугаар зүйл буюу Монгол улсын нутаг дэвсгэрт мөнгө угаасан, албан тушаалын гэмт хэрэгт буруутган АТГ-т шалгаж байна. Мөрдөн байцаалтын явцад Х.Анхбаяр нь Карибын орны офшор бүсэд байршиж байсан хууль бус мөнгөөр Монгол улсын нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуул хийх 45 лиценз худалдан авчээ.

- А.Саранзаяа нарын хэрэг

А.Саранзаяа нь “Цэвэр агаар сан”-гийн хэрэгт холбоотой байж болзошгүй байгаа тул ийнхүү шалгаж байгаа аж. Тэрбээр Сангийн яамны Төрийн сангийн төлбөр тооцооны мэргэжилтнээр ажиллаж байх үедээ төрийн албан тушаалтантай хамтран, мөнгө завшсан гэх үндэслэлээр АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

 

Б.Гантуяа


URL:

Сэтгэгдэл бичих