Ерөнхий сайдын охин нь, бас зөвлөх нь ”но”-той
Мөн үүнтэй зэрэгцэн бас нэг таагүй мэдээлэл цацагдсан нь гүйцэтгэх засаглалын тэргүүний Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Батмөнх Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг зөрчсөнийг Авлигатай тэмцэх газар нотолсон албан бичгийг хүсэлт гаргасан иргэдэд явуулжээ. Ерөнхий сайдын зөвлөх нь тендер сонгон шалгаруулахдаа оролцогч компанийн удирдлагатай анд нөхдийн холбоотой гэдгээ нуун дарагдуулж, алдарт Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг албаар зөрчсөн нь ийнхүү тогтоогдож байна. Тэгэхээр ямар учраас Ерөнхий сайдын эргэн тойронд хуулийг улаан цайм зөрчдөг нөхдүүд эргэлдээд байна вэ. Эрх мэдэл, албан тушаалын нөмөр дор хууль зөрчихөөс ч сийхгүй байна уу гэсэн асуулт гарч байна.
Давхар дээлтэй сайд нарын дээлийг тайлах гэхээр ашиг сонирхлын зөрчилтэй огтхон ч хамааралгүй гэж эрх баригчид тайлбарлах. Гэтэл дэргэдэх зөвлөхүүд нь Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг ийм л байдлаар хэрэгжүүлж байна. АТГ-аас сануулга авсан хэрнээ л ажил албан тушаалтайгаа зууралдсан хэвээр л байна.
Өнгөрсөн оны хаваржингаа 17 тэрбумын тендер будлиантуулж, бичиг баримт сольсон Г.Дэнзэн гэгч нөхрийн тухай олон түмэн шуугисан. Ерөнхий сайдын туслахаас ЗГХЭГ-ын дэд даргын албанд ногоон гэрлээр томилогдсон тэрээр адаг сүүлд нь ичсэн нэрэндээ албан тушаалаа өгөхөөс аргагүйд хүрсэн. Гэтэл араас нь Ерөнхий сайдын охин олон тэрбум төгрөгийн гэмт хэрэгт холбоотой нь батлагдлаа. Эндээс үзвэл Ерөнхий сайдын “тойрон хүрээлэгчдэд” Г.Дэнзэнгийн дуулиан цочроо өгөөгүй л бололтой.
URL: