“Homo homini Lupus est” Хүн-Чоно

Chono“Монголын Нууц товчоо”-нд монголчуудын гарлыг чоно, марал /буга/ хоёртой домоглосон байдгийг бид мэднэ.
Чоныг домгийн өвөг дээдсээ болгон тотемчилох эртний төсөөлөл, эртний тэр домог өнөө хүртэл хэрхэн хадгалагдаж ирэв гэдэг нь сонин юм. Монголын алтан ургийн овог “боржигин” хэмээх нь “бор эзэн” буюу угтаа бас чоно тотемийн нэрээс үүсэлтэй болохыг зарим судлаачид нягтлан гаргасан. Овгоо тодруулж эхэлсэнээс хойш бидний ихэнх нь “бор эзэн” болсон. Чинос /чонос/, дээд, доод чоныхон, чоно бүртийхэн, бүртийхэн гэж байна.

Саарал нохой, сунадаг саарал, бөөн цагаан, борхүү, боохой, хэцүү нэрт, хөнхөр, хүйтэн шинжит, гайхал, годон малгайт хэмээн чонын нэрийг зөрүүлж нэрийдэж байжээ. Ийм нэрт овгийнхон харин байхгүй байх. Өөрийнх нь хэрэгтэйг хэн ч үнэлдэггүй чонын нэр тэнгэрт хүртэл байна. “Чонын орд”, “Чоно од”, “Огторгуйн чоно” од гээд хэд хэдэн одыг нэрлэсэн байна.

Эрт урьд цагт говь нутагт тэмээ унасан чоно байсан тухай домог бий. Анчны хавханд орж урд, хойд хоёр хөлөө тасдуулсан өлөгчин чонотой нэг азарган чоно байжээ. Тэд нэгэн нинжин сэтгэлт тэмээг өөртөө дасгажээ. Тэгээд мөч дутуу өлөгчин чонын дэргэд тэмээ хэвтэхэд азарган чоно дэмнэн өлөгчин чоноо тэмээний хоёр бөхний хооронд гарган унуулаад, бурантагнаас нь хөтлөн явж ус уулгадаг байж, хөөрхий. Хожим энэ хоёр чоныг агнасан анчны элэг эмтэрч, ан хөөж амьтанд нүгэл хийхгүй хэмээн цахиур буугаа ууланд тавьжээ гэсэн домогтой.

Чоно ухаан гэж тэр.
Алив ажил үйл, аян замд зорин явах замд чоно тааралдахыг чоно мөрт сайн, үйл бүтнэ гэж, чоно мал сүрэгт орох, мал идэхийг төдий л
гай  гарз  болгон  үздэггүй  “чонын ам өөдрөг” хэмээн үздэг ч байж. Элгэндээ нааж төрүүлсэн энхрий ганц бэлтрэгээ хөнөөсөн бол харин
эх чоно юуг ч хайрлахгүй хонзонгоо авдаг гэдэг.

“Чоно чоноо барьдаггүй” гэнэ. Гэтэл “Homo homini Lupus est”-Хүн хүндээ чоно болох нь ихсээд ирэхээр “Тэнгис далайг гаталж ирсэн бөрт чоно”-оо хядаж эхэллээ.

Амьд амьтныг бүлтэгнүүлж, хүчит машинаар хөөж гүйцээд, хурдан буугаар буудаж шархлуулаад хоолойг нь хэрчин дуусгаж, хэл ам, ходоод юу байдгийг нь түүхийгээр нь идэж, дайнд ялсан дайчин баатар шиг цусныг нь савируулан машин тэргэн дээрээ ачаад ихэмсэглэн гайхуулж явцгаана. Амьтны амь таслаад хийморь сэргэнэ ч гэж яаж байх вэ дээ.

Чоно мах идэх биш чонын махыг бид илүү ихээр иддэг болжээ. Сүсэг бишрэл чөлөөтэй, сүржигнэх бас чөлөөтэй, сүржигнэсэн тэр их түймэр “саарал гайхлыг” дайрсан нь тэр.

Хүн чоно хоёрын тулаан ид явж байна.
Хүн чоно хоёрын тулаан хэзээ эхэлснийг хөх тэнгэр л мэдэж байгаа. Д.Намдаг зохиолч лав “Хөгшин чоно ульсан”-аа бичээд хүн-чононуудад буруудсан, хоригдсон. “…Дулаан хайрхны чоно хажуу хавиргаа хадрахыг цээрлэж тэртээ өмнөх Тарагтын  талыг   гатлан   Жирэмийн нуруу, Даравгай, Могой, Дагналтайн дэрс, хойшоо Шавартайн дөрөлж, Салхит хадыг өнгөрөн Үйзэн хүрэн, Арвайн тал, Өлзийт өндөр хүрнэ” Харин Хүн-чоно хавиргаа хадрах нь хээгээ алдсан нэгэн үнэнийг 30-аад оны өглөө босоход хажуу айлынх нь өрх бүтээлгээстэй, эзгүй болсон түүх өгүүлдэг. Үүнээс өмнө ч иймэрхүү түүх байсан, хойш ч бас байна. 38 онд бичсэн “Сүрэг чоно” жүжгийнхээ гол санааг Д.Намдаг зохиолч “Муу хүнд хорлогдож байж сайн нөхрийн чанарыг танина” хэмээн тодорхойлжээ. Чухам энэ нь уг жүжгийн танин мэдүүлэх гэсэн амин санаа мөн ажээ. Хөгшин чоно сүүлчийн удаа ульж байгаа нь амьд байгалийн зохилдлого алдуурсан дохио сануулга болно.

Хийжбүтээж чадахгүй нь өөрийнхөө олхио мууг биш, төр засгийн мууг зүхэж, хажуу хавирганыхаа мууг үзэх гэнэ. Дэндүү сайн хэмээн үзэж сонгочихоод доош ортол нь долоон үеэр нь харааж зүхэж муулна…

“Зоосны хөлөл”-д хар цагаан аль ч зүсмийн чоно буухыг ихэд бэлгэшээн үздэг. Харин “хар цагаан” хэл амтай “Хүн-чоно”-ыг хэн ч таашаадаггүй, холхон явахыг боддог.

Ил далдаар хавирах, муулан доромжлох, тэр үеэс хүнийг сэтгэл санаагаар унаган дортгоход өргөн хэрэглэж асан хараалаар “догшин үйл”-ийн увьдасаар оромгүй болтол бүрэлгэх” гэж зүхэл хийж хэн нэг рүү шороо, ус цацах нь их боллоо. Айл бүрийн гэрт шахуу хэнгэрэг цан пижигнэнэ. “Хараал хариутай, ерөөл ембүүтэй”
Хүн ёсны ариун тооцоо өсийн тооцооноос хавьгүй илүү нь үнэн.

Үхэн үхтлээ амьд байхсан хүмүүсээ.
“Хэвлийдээ бэлтрэгээ тээсэн сүүлчийн монгол хөх гичий чоно сульдатлаа сунайсаар Монголын нутгаас гарчээ…”
Харин бид, Хүн-чононууд үлдлээ… Болгоомжтой байгаарай, барина шүү, урна шүү, бүр …

 

Ц.Жаргалсайхан


URL:

Сэтгэгдэл бичих