Эрүүл мэндийн салбарын хэлэлцээрийг Хөдөлмөрийн яам “гацаав”

dargaСаяхан төсвийн зарим салбарын ажилтнуудын цалин хөлс тодорхой хувиар нэмэгдсэн гэв. Ямар хэмжээгээр нэмж буйгаа олон нийтэд зарлахгүй гэсэн учраас яг хэдэн хувиар нэмэгдсэнийг хэн ч хэвлэл мэдээллийн хэрэгслээрмэдээлсэнгүй. Эл байдлыг зарим улс төрийн хүчнүүд “эрх баригчид цалинг амласан хэмжээгээрээ нэмж чадахгүй болохоор цалингийн нэмэгдлийг нууцлалын зэрэглэлд орууллаа” гэж шүүмжилж байна. Харин зарим хүмүүсийн хэлж буйгаар бол цалин нэмэх нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх шалтгаан биш боловч “сургийн” инфляци өсдөг нь бодитой зүйл ч гэх нь бий. Юутай ч энэхүү нэмэгдэл бол үнэ, инфляцийн өсөлттэй уялдуулан иргэдийн цалингийн худалдан авах чадварыг нэмэгдүүлж буй тохируулга гэдгийг МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар онцлоод цаашид цалин хөлсийг нэмэгдүүлэх Монгол хүний хөдөлмөрийг зохистой түвшинд үнэлүүлэхийн төлөө ажиллах нь ҮЭ-ийнхий зорилго гэлээ. Энэхүү зорилгынхоо хүрээнд тэд өнгөрсөн сарын 26-нд ЭМЯ, салбарынхаа хувийн хэвшлийн ажил олгогч /ХХЖО/-той хамтран гурван талт хэлэлцээрээ байгуулжээ.

Хэлэлцээрт эмч нарын цалингийн дээд хэмжээг хэлэлцээрийн хугацаанд гурван сая төгрөгт хүргэхээр заасан аж. Харин Хөдөлмөрийн яам уг хэлэлцээрийг өнөө хэр нь бүртгээгүй байгаа юм байна. Уг нь 2013 оны намар МҮЭХ-ноос санаачлан зохион байгуулсан “Зохистой хөдөлмөр зохистой цалин хөлс” онол практикийн бага хуралд Хөдөлмөрийн яамны ахлах мэргэжилтэн Нарангэрэл Цалин хөлсний талаар төрөөс баримтапж буй бодлогыг оролцогчдод танилцуулсан юм. Тэрбээр “… 10 хүнээс дээш хүнтэй аж ахуй нэгжид ҮЭ-тэй болохыг төр дэмжиж байна. Аж ахуй нэгжийн захиргаа, ҮЭ хоёр хоорондоо тухайн байгууллагын онцлог эдийн засгийн чадавх боломжоо нээлттэй ярилцаж ажилчдынхаа цалин хөлсийг хэрхэн нэмэгдүүлэх талаар хамтран ажиллахыг дэмжиж байгааг хэлсэн.

Салбарын тарифын хэлэлцээрийг чухалд үзэж уг хэлэлцээрийг хэрхэн хийх талаар арга зүйгээр нь туслаад байх юм ярина лээ. Түүнчлэн 2013 оны 11 дүгээр сарын 9-нд  гаргасан Засгийн газрын 370 дугаар тогтоолын 2.2-т “Инфляцийн түвшин, салбарын онцпог, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан цалин хөлс ,тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг ажил олгогчийн болон ажилтны хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагатай хамтран хэрэгжүулэхийг сайд нарт даалгасан” байдаг. Гэтэл бодит амьдрал дээр Хөдөлмөрийн яам эрүүл мэндийн салбарын эрх бүхий талууд төлөөллөөрөө хэлэлцээд төрийн бодлого, хуулийн хүрээнд байгуулсан хамтын хэлэлцээрийг бүртгэхгүй байгаа нь ямар учиртай юм бол. Хөдөлмөрийн яамныхан хууль зөрчиж дэггүйтмээр санагдав уу. Шинэхэн яамны эрхэмүүдийн мэдлэг туршлага дутав уу? Салбарын ажилтнуудынх нь цалингийн нэмэгдлийн асуудлаар МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмартай ярилцлаа.

-Танай салбарын ажилтнуудын цалин жигд нэмэгдсэн үү?
-Эрүүл мэндийн салбарт эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин нэгэн зэрэг тодорхой хэмжээгээр ажил, албан тушаалын ялгаваргүйгээр нэмэгдсэн. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтийн хүрээнд манай салбарт ажиллагчдын цалин 2014 онд үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа.

-Энэ удаа цалингийн нэмэгдлийн талаар нийтэд зарлахгүй гэсэн, Хэдийгээр хувь хүн өөрийнхөө цалинг хэдэн хувиар нэмэгдсзнийг мэдэж байгаа ч олон нийтэд бол нэг л “но”-той мэт. Цалингийн нэмэгдэлд та бүхэн хяналт тавьж чадаж байна уу?
-Бид анхан шатны хороодын дарга нартаа дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн. Үүнд засгийн газрын энэ оны 75 дугаар тогтоол болон энэ талаар хийсэн салбарын хамтын хэлэлцээрийг өгсөн байгаа. Орон нутгийнхны мэдээллийг тухайн ҮЭ-ийн холбоодын дарга нар луу цахимаар явуулсан. Мөн хороодоосоо утсаар “за тогтоосон хувь хэмжээгээр хүн бүрийн цалин хөлс нэмэгдсэн биз хянав уу. Гишүүдээс гомдол санал ирж байна уу” гэх зэргээр хяналт тавих эрх, үүргээ хэрэгжүүлж байна. Зарим байгууллагууд дотооддоо доод жишгээ нэмэгдүүлсэн байгууллагуудад хэлэлцээрт тохирсон хэмжээнд хүрэхгүй маргаан гарч буй тохиолдол байгаа. Бид арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Түүнчлэн энэ хэлэлцээрийг дагаад Төрийн өмчит компани, хувийн хэвшлийнхэн ч цалингаа нэмэгдүүлсэн сайн жишээнүүд байна. Нэгэнт гурван талт хэлэлцээрт цагаан дээр хараар олон нийтэд цалингийн нэмэгдлийг зарлахгүй гэж бичээд талууд тохирсон болохоор уг заалтыг дагахгүй гээд яахав. Товчхондоо хяналт тавихад хүндрэлтэй тал бий.

-Цалинг олон нийтэд зарлаж нэмэхээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг борлуулагч, нийлүүлэгч нар үнээ нэмчихдэг гэх юм билээ. Үнэ, инфляцийн өсөлтөд цалин нэмэх нөлөөлдөг үү. Валютын ханшийн өсөлт нөлөөлөөд байгаа юм биш үү. Үүнд таны байр суурь?
-Маш энгийнээр хэлбэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс иргэн, өрх бүрийн өдөр тутамд хэрэглэдэг бүтээгдэхүүн юу вэ гэвэл гурил. төрөл бүрийн будаа, шүдний оо, талх, масло, шатахуун, цахилгаан эрчим хүч дулаан гэж наад захын хүн хэлнэ. Эдгээр нэр төрлийн бүтээгдэхүүнийн үнийн өсөлтөд валютын ханшийн өсөлт 100 хувь нөлөөлж байна шүү дээ. Энэ талаас нь аваад үзвэл үнийн өсөлтөд валютын ханш шууд нөлөөлж байгаа. Гэхдээ цалин нэмлээ гэсэн сургаар л өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг нь бас оргүй ч зүйл ч биш л дээ. “Сургийн” инфляци” манай улсад бас бий. Тиймээс бид цалингийн нэмэгдлийг олон нийтэд ил зарлахгүй гэсэн Засгийн газрын саналыг хүлээн зөвшөөрсөн. ҮЭ-ийн байгууллагын хувьд цалингийн нэмэгдлийгхянах үйл явцад энэ нь төвөгтэй байгаа ч бид боломжоороо ажиллаж байна. Гэхдээ нийгэм тэр чигтээ л цалин нэмэгдлээ, нэмээч гээд яриад сурчихаж; Угтаа одоо хийж байгаа нэмэгдэл бол цалинг нэмж байгаа хэрэг биш. Үнэ, инфляцийн өсөлттэй   уялдуулан иргэдийн цалингийн худалдан авах чадварыг “сэргээж” тохируулга хийж байгаа л үйл явц юм. Цаашид бид нэмэгдүүлэх асуудлыг тавина.

-МҮЭХ-ноос Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх компанит ажлыг хоёр дахь жилдээ зарлаад байна. Цалинг хэзээ нэмэгдүүлэх юм бол?
-Аливаа ҮЭ-ийн байгууллагын үндсэн үйл ажиллагаа бол гишүүдийнхээ хөдөлмөрийг зохистой түвшинд хүргэхийн төлөө л асуудал тавьж эдийн засгийн тэмцэл хийж ажилладаг. Тийм учраас бид кампанит ажлыНхаа хүрээнд дээр дурьдсан нэмэгдэл буюу цалингийн тохируулга хийж байгаа нь цалингийн худалдан авах чадварыг хамгаалж байгаа нэг алхам учраас эдийн засгийн чадавхийн төлөөх л ажил шүү дээ. Гишүүдийн цалинг нэмэгдүүлэх, Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-үүдийн холбооноос санаачлан хамтын хэлэлцээрийн төслийг боловсруулж Эрүүл мэндийн яам, хувийн хэвшлийн ажил олгогчийн төлөөлөлтэйгээр 2014 оны гуравдугаар сарын 26-нд гурван талт хамтын хэлэлцээрээ байгууллаа. Уг хэлэлцээрт эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалингийн дээд хэмжээг 3.0 сая төгрөгт хүргэх заалтыг ҮЭ-ээс санаачлан талуудын төлөөллөөрөө хэлэлцээд тохирч хэлэлцээрт тусгасан. Салбарын гурван талт хэлэлцээрийг маань хуулиар Хөдөлмөрийн яам хянаж бүртгэдэг. Харамсалтай нь Хөдөлмөрийн яам өнөөдрийг хүртэл хэлэлцээрийг маань бүртгээгүй. Бүртгэхгүй байгаа шалтгаанаа тэд “эмч нарын цалинг гурван сая төгрөгт хүргэх талаар Сангийн яамтай харилцан зөвшилцөөгүй” гэсэн гэж Эрүүл мэндийн яамнаас манайд мэдээлсэн байгаа.

-Танай хэлэлцээрт цалингийн дээд хэмжээг тодорхой зааснаас өөр хууль зөрчсөн заалт байгаа юм биш үү?
-Бид хэлэлцээрийг бүртгэхгүй байгаа хууль зүйн тайлбараа албан бичгээр ирүүлэхийг хүссэн. Хөдөлмөрийн
яам бидний байгуулсан гурван талт хэлэлцээрийг хууль тогтоомжид нийцэж үү, хуулийн зүйл заалтыг дордуулсан эсэхийг л хянах ёстой. Бусдаар мэргэжлийн салбарын хэмжээнд эрх бүхий талуудын төлөөллөөрөө хэлэлцэн тохирсон хэлэлцээрийг бүртгэхгүй байх эрх тэдэнд байхгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжид бол аливаа улс орон нь ДНБ-ийнхээ таван хувийг эрүүл мэндийн салбартаа зарцуулж байгаа тохиолдолд тухайн улс орон ард иргэддээ эрүүл мэндийн чанартай үйлчилгээг үзүүлэх боломжтой гэсэн байдаг. Манай улсын хувьд ДНБ-нийхээ ердөө гурван хувийг л эрүүл мэндийн салбарт зарцуулж байна. Хэлэлцээрт оролцогч талууд салбарын ажиллагсдын цалинг хөдөлмөрийн бүтээмж, ажлын ачаалал, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг   харгалзан Олон улсын жишигт ойртуулах нь зүйтэй гэж үзсэн. Түүнчлэн ЭМЯ-наас ч эмч, ажиллагсдын ажлын ачаалал, хөдөлмөрийн норм нормативт судалгаа хийлгэж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргасан. Энэ судалгаагаар бол эмч нар маань 2,7 сая төгрөгийн цалин авах ёстой гэж үзсэн байдаг. Шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаа тооцоонд үндэслэж гаргасан тоо учраас эмч нарын цалинг энэ хэмжээнд хэрхэн хүргэх талаарч бид хэлэлцээрийн явцад нухацтай ярилцсан. Эцэст нь бид энэхүү зорилтдоо гурван жилийн хугацаанд хүрэх боломжтой юм гэж үзсэн.

-Хөндлөнгөөс харахад Засаг төр нь “дэггүйтээд”, МҮЭ шаардаад, аргадаад ч байгаа юм шиг л дүр зураг харагдах юм. Үүний нэг жишээг та Хөдөлмөрийн яам хуульд заагаагүй эрх эдлэх гээд танай хэлэлцээрийг бүртгэхгүй байгааг хэллээ. Энэ бүгдийг харахаар МҮЭ тааруухан ажиллаад байгаа ч юм шиг…
-Зуугаад жилийн түүхтэй ҮЭ-ийн байгууллагад үйл ажиллагааны уламжлалт арга, туршлага бий юу гэвэл чамлахааргүй байгаа. Нийгмийн хөгжлийн өнөөгийн түвшинд хөрвөж өөрчлөгдөх зүйл ч бас ҮЭ-ийнхэнд  дутагдаж байна. Эдийн засаг эрх мэдлийн хувьд хүчтэй ажил олгогч эзэд, төрийнхөнтэй ҮЭ-ийнхэн гишүүд хөдөлмөрчдийн цалин хөлс, нийгмийн хамгаалал, баталгааг өдрөөс өдөрт сайжруулахын төлөө ажиллаж байна. Товчоор хэлбэл бидэнд туршлагаас гаднаолонталынсудалгаанд суурилсан тооцоо хэрэгтэй байна. Тиймээс МҮЭХ-д эдийн засгаар мэргэшсэн туршлагатай судлаач, ажилтан түүнчлэн чадварлаг судлаачдын баг зайлшгүй хэрэгтэй байна.

 

 

Д. Тэгш


URL:

Сэтгэгдэл бичих