Ахлах сургуулийн 20 сурагчийг хутгалжээ
АНУ-ын Пенсильвани мужийн нэгэн ахлах сургууль дээр гэмт этгээд хутгаар зэвсэглэн халдлага үйлдэж, олон тооны сурагчийг гэмтээсэн байна. Хэргийн сэжигтнээр 16 настай хүүг баривчлан саатуулжээ.
Пенсилвани мужийн Меррисвилл хотын Фрэнклин ахлах сургуульд уг хэрэг гарчээ. Хэргийн сэжигтэн болох 16 настай сурагч Алекс Хрибал нь 10-15 см-ийн урттай хоёр ширхэг хутга барьж сурагчид болон багш нар руу халдсан бөгөөд 20 сурагч, нэг хамгаалагчийг шархтуулсан байна. Хохирогчдын дийлэнх нь 14-өөс доош насны сурагчид аж. Тэдний 5-6-гийнх нь биеийн байдал хүндхэн байгаа учир эмнэлэгт эмчлүүлж байна. Хэргийн газарт цагдаагийнхан мөрдлөг хийж дуусах хүртэлх хэдэн өдрийн турш сургуулийн үйл ажиллагааг зогсоох юм. Одоогоор хэрэг үйлдэх болсон сэдэл тодорхойгүй ч сэжигтэн хэрэг үйлдэхийнхээ өмнөх орой өөр нэгэн сурагч руу утсаар заналхийлсэн өнгө аястай ярьсныг тогтоогоод байгаа юм.
Гэрчүүдийн яриагаар Алекс Хрибал сургуулийн хонгилд зогсож байсан зургаан сурагчийг хутгалсны дараа хүүхдүүд түүнийг хутгатай явааг анзаарсан байна. Үүний дараа сургуулийн хамгаалагч ирж Алекс Хрибалыг зогсоохоор оролдох үедээ гартаа шарх авчээ. Халдлагын үеэр бусдад анхааруулах үүднээс тус сургуулийн нэг сурагч галын дохиоллыг асаасан байна.
ӨДРИЙН ШУУДАН
URL: