Шотланд тусгаар тогтновол 143 тэрбум фунтын өрөнд орно
Хэрвээ Шотланд улс Их Британиас тусгаар тогтновол шинэ улсын өрийн хэмжээ 143 тэрбум фунтээс эхэлнэ гэсэн тооцоог Нийгэм эдийн засгийн судалгааны үндэсний институт гэх байгууллага хийжээ.
Энэ нь Шотландын ДНБ-ий 86 хувьтай тэнцэх мөнгө юм.
Тусгаар тогтновол өр болж үлдэнэ гээд байгаа энэ 143 тэрбум фунт нь Их Британийн нийт гадаад өр болох 1.7 их наяд фунтын Шотландад ногдох хэсэг юм байна.
Нийгэм эдийн засгийн судалгааны үндэсний институтийн шинжээчдийн үзэж байгаагаар бол ийм их өрийг Эдинбург бие даан төлж чадахгүй гэнэ.
Хэрвээ өрийг үл хамааран шийдвэр гаргасан тохиолдолд зээлжих зэрэглэл нь хэдэн шатлалаар буурч, хамаг орлогоо өрөндөө өгөн ард иргэдээ өлөн зэлмэн амьдруулах аюул нүүрлэнэ гэж судалгааны тайланд өгүүлсэн байна.
Их Британийн эзэнт гүрний бүрэлдэхүүнээс гарч, тусгаар тогтох эсэхээ шийдэх санал асуулга Шотландад энэ оны есдүгээр сарын 18-ны өдөр болно.
Мөн фунт стерлингийг үндэсний мөнгөн тэмдэгт болгох боломжгүй болж, олон талт эдийн засгийн хоригт өртөн эцэстээ эргээд эзэнт гүрний бүрэлдэхүүнд нэгдэхээс өөр гарцгүй гэж дүгнэжээ.
Энэхүү судалгаа нь Дэйли Мэйл сонинд хэвлэгдсэний дараа шотландын ард иргэд уурлан бухимдаж байгаагаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан илэрхийлсээр байна.
Шотландчууд дээрх мэдээллийг “Санал асуулгын дүнд нөлөөлөх гэсэн оролдлого” хэмээн дүгнэж байгаа юм. Их Британийн эзэнт гүрний бүрэлдэхүүнээс гарч, тусгаар тогтох эсэхээ шийдэх санал асуулга Шотландад энэ оны есдүгээр сарын 18-ны өдөр болно.
Шотландын Засгийн газар Их Британийн эзэнт гүрний бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтнох төлөвлөгөөг өнгөрөгч оны сүүлээр боловсруулан гаргасан юм.
Энэхүү төлөвлөгөөндөө “Ирэх оны есдүгээр сарын 18-нд шотландчуудын дунд тусгаар тогтнох эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж, хэрвээ дэмжсэн дүн гарвал 2016 оны гуравдугаар сарын 24-нд албан ёсоор зарлана хэмээн товлоод байгаа юм.
Гуравдугаар сарын 24-ний өдрийг сонгож авсан нь утга учиртай бөгөөд шотландчууд тусгаар тогтнолоо хамгаалан 100 жилийн турш тэмцсэний эцэст 1603 оны энэ өдөр Англитай нэгдэх гэрээнд гарын үсэг зурж байсан юм.
Өмнө нь Шотландын Тэргүүн сайд Алекс Салмонд “тусгаар тогтнол, бүх нийтийн санал асуулгын талаар халз ярилцах хүсэлтийг” Ерөнхий сайд Дэвид Камеронд тавихад татгалзсан хариулт өгч байсан. Тэрбээр Шотландын эрх баригчдын энэхүү үндсэрхэг үйлдлийг “Иргэдийн анхаарлыг бодит байдлаас холдуулах гэсэн арга төдий” гэж үзэж байгаагаа тухайн үед илэрхийлж байсан юм.
Х.Батсайхан
Монголын мэдээ
URL: