Газрын наймаачин Ц.Сандуй гэгч хэн бэ?
Энэ удаад жирийн албан хаагчийн хоногийн 24 цагийн турш ажиллаж, нэг ч төгрөг заралгүй бүх цалингаа хурааж
хуримтлуулаад ч насаараа цуглуулж барахгүй хөрөнгийг богинохоон хугацаанд үзэгний үзүүр хөшөөд л олж халаасалсан эрхмүүдийн нэг газрын албанаас төрсөн тэрбумтан Ц.Сандуйг онцолж байна.
280 тэрбум төгрөгийн хэрэг
Ардын баатар Э.Бат-Үүл хотын захирагч болонгуутаа хийсэн том операци бол захирамж гаргаж ЭЦГ-ийг “хөлсөн” хуучин хотын дарга нарын “но”-г ухуулсан явдал. “Э.Бат-Үүл” ажиллагааны үр дүнд хотын хуучин удирдлагууд хотын аль л өнгөтэй өөдтэй 240 хэсэгт 240 удаагийн захирамж гаргаж, 2400 орчим га газар олгож, газрын төлбөр 280 тэрбум төгрөгийг нь хувааж халаасалсан нь илрээд байгаа.
Нийслэлийн Засаг дарга байсан Г.Мөнхбаяр, Ц.Батбаяр, НИТХ-ын дарга асан Т.Билэгт Нийслэлийн газрын албаны дарга асан Ц.Сандуй, Нийслэлийн Өмчийн Харилцааны Газрын хуулийн хэлтсийн дарга Э.Ариунгэрэл, Орлого төлөвлөлт, бүрдүүлэлтийн хэлтсийн дарга асан Д.Дашцэцэг нар газрын бодит төлбөр болох 280 тэрбум төгрөгийг төрийн дансанд хийлгүй өөрсдөө идэж шамшигдуулсан хэрэгт унасан.
Төр хувийн хэвшлийн түншлэл нэрийн дор хулгайлсан газраа “Туушин” ХХК, “Торгон хэлхээ” ХХК зэрэг бэлтэй компаниудад өгч хариуд нь их хэмжээний авилгал авсан байж болзошгүй хэрэгт шалгагдаж байгаа Ц.Сандуй, Э.Ариунгэрэл Д.Дашцэцэг нарын газрын албанаас төрсөн тэрбумтанууд уснаас хэрхэн хуурай гарах нь тун сонин. Нам дагаж, хотын фракцын хаяа түшдэгээрээ Ц.Сандуй наранд үлдэж, нөгөө хоёр нөхөр ялыг нь үүрнэ гэж урьдчилсан таамаглах хүмүүс ч байна. Мөнгөтэй нөлөөтэй эрхмүүд ял үүрч байсан практик монголд тун цөөн. 280 тэрбумын ажлыг гардан гүйцэтгэсэн Ц.Сандуйн хувьд даргын дүрд тоглон хотын намыг бужигнуулдаг эрх чөлөөнд нь удалгүй цэг тавигдаж мэдэх л юм.
Газрын албаны дарга байхдаа хотын аль л өнгөтэй өөдтэй газрыг зарж идсэн түүнийг богинохон хугацаанд хагартлаа баяжсанд гайхах зүйл үгүй. Хотод эргэж очих нүүргүй болсон түүний хувьд нам бараадсаныхаа хүчинд өнөөдрийг хүртэл газрын асуудлаар “явчихалгүй” тогтсоор байгаа хэрэг. Хотын хамгийн байршил сайтай газруудад “Metro Mall”“Home palace”худалдааны төвүүд барьж түрээслэсэн түүний гар дээр олон тооны газрын лицензүүд ч бий гэгддэг.
Нэг нам ноёрхож байх үед дарга нарын цүнхийг барьж, баруун суганд нь бат хавчуулагдаж явсаныхаа хүчинд богинохон хугацаанд тэрбумтануудын эгнээнд багтаж, жирийн төрийн албан хаагчийн хоногийн 24 цаг тасралтгүй ажиллаж, мөрөөдөөд ч насаараа олохгүй эд баялагийг өөртөө бий болгосон Ц.Сандуйгийн Нийслэлийн газрын дарга байх хугацаандаа хийсэн зүйл ердөө л энэ. Мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй хойно газрын албанаас төрсөн тэрбумтангуудын хэрэг замхарч мэдэх ч хэрэг хуучирдаггүй……
Ц.Сандуйг хэн тэжээсэн бэ?
АН төрийн эрхэнд гаруутаа хийсэн том ажил бол МАН-ын цэвэрлэгээ. Төрийн албаны дээд доод бүх шатанд нь нэг ч хүн үлдээлгүй гудамжинд гаргаж, МАН-ын сэтэртэй хурган дарга нарыг толгой дараалан АТГ-д шалгуулж , дээлийг нь нөмөргөсөн атал хотын төвийн өндөр зэрэглэлийн газар зарж хөрөнгөжсөн Ц.Сандуйг хууль хяналтынхан зүв зүгээр толгойг нь илээд өнгөрсөн нь МАН-ын дарга М.Энхболдын нөмөр нөөлгөөс гадна Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нөлөө гэж намын цагаан байраар шивэр авир хийлдэж байна.
Наймаачин хүний зангаар ноёдод тал алдаггүй Ц.Сандуй АН-ынхантай багагүй холбоо сүлбээтэй бөгөөд газрын албанд байхдаа Ц.Элбэгдоржид газар зохицуулж өгч байсан гэх шум ч байна. Нийслэлээс төрсөн тэрбумтан эр тал тохой тэлж, ерөнхийлөгчтэй ганзага нийлсэн бол хууль хяналтын байгууллага бэлтэй эрийн өмнө хүчгүйдсэнд гайхаад байх зүйл үгүй. Ар тал нь Миеэ Энхболд мэлтийж, Ц.Элбэгдорж ивээж байгаа нөхрийг тушаалаас өөр бамбайгүй муусайн эрүүгийн төлөөлөгчид яаж ч чадахгүй нь тодорхой.
Ноёд урваач нохой шарваач гэдэг хойно асуудал эвгүйдвэл давхар хамгаалалт хэрэгтэйг сайтар тооцсон газрын албаны экс дарга нийслэл дэх МАН-ын даргаар улирч ажиллахаар улайрч байгаа сурагтай. Урьдын өгөө аваагаа бодсон ч нэг талаас Ерөнхийлөгчийн нөлөө, нөгөө талаас МАН-ын даргын нөлөө байгаа гэж тооцсон Ц.Сандуй хотын төвийн газрыг зоригтой зарж, үрж, бэлэглэж, хөрөнгө бэлээ ч зузаатгаад авч өнгөрсөн хугацаанд. Тиймдээ ч хууль цагдаагийнхны амыг барьж, 5 сарын өмнө хэвлэлээр шуугиж байсан газрын наймааны асуудлаа нам дарчихаад хотын МАН-ын даргаар улиран сонгогдохоор хор найруулж явна.
Хүүхдийн тоглоомын газраас мөнгө шүүрэгч
Суусан газраасаа шороо атгаж сурсан наймаачин хүний зангаар Ц.Сандуй хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн талбайг хүртэл зарж мөнгө болгосон байх юм. Ц.Сандуй Нийслэлийн газрын албаны даргаар ажиллаж байх хугацаандаа 14 аж ахуйн нэгжид газар олгож, мөнгийг нь халаасалсанаас үүдсэн хохирол 80 орчим тэрбум төгрөгт хүрсэн нь зөвхөн нэг л жишээ. Г.Мөнхбаярыг нийслэлийн Засаг даргаар ажилласан дөрвөн жилд Т.Билэгт, Э.Сандуй, Э.Ариунгэрэл, Д.Дашцэцэг нар хотын А зэрэглэлийн бүсэд байх хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн газрыг хувийн компаниудад өмчлүүлж байшин, барилга бариулсан хэргүүд нь ар араасаа сөхөгдөж, иргэдээс мэдээлэл ирүүлж хотын экс удирдлагуудад холбогдох хавтаст хэрэг өдрөөс өдөрт зузаарч байгаа аж.
Ц.Сандуй хотын ерөнхий архитектор асан Э.Хүрэлбаатартай үгсэн Сонгинохайрхан дүүргийн 15 хороо буюу 1-р хорооллын 19.20 дугаар байрны дунд байрлах тоглоомын талбайг 2012 онд иргэн Т.Баасанжавт олгосон байх юм. Баримтаас харахад уг газрыг Т.Баасанжавт анх НЗД-ын 2009 оны 6 сарын 19-ны 322 тоот захирамжаар газрын дуудлага худалдаагаар 14 сая төгрөгөөр олгосон гэх боловч 2011 оны 3 сарын 1-ны 193 тоот захирамжаар хүчингүй болгосон байна.
Харин жил гаруйн дараа дахин захирамж гарган газар олголт хийжээ. Тоглоомын талбайд орон сууцны байр барих захирамж гаруут Т.Баасанжав 5 давхар барилгын суурь цутгасан ч иргэд оршин суугчид эсэргүүцэж, барилгын ажлыг зогсоосон дүр төрхтэйгээр 2014 онтой золгож байна. Газрын албанаас төрсөн шинэхэн тэрбумтаны эрх мэдэл үүгээр дуусаагүй Ц.Сандуй монгол улсад ямар ч бүртгэлгүй, үйл ажиллагаа явуулдаггүй Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Туул Ривер Контри Сайд” гэх компанид газар олгосныг нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс хууль бус үйлдэл болохыг нь тогтоожээ. Эрх мэдэл нь хэтэрсэн залуу дарга газрын захирамжийг дур мэдэн олгож, дуртай үедээ цуцалж, естой л дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байсны зөвхөн жишээ энэ.
Ш.Үнэнбат
www.amjilt.com/200881
URL: