Бүртгэлгүй ороогүй хөрөнгө: Дуудах нэргүй хүн шиг
Хаяг бүртгэл цэгцрээгүй, гудамж, өргөн чөлөөгөө нэрлэж хэрэглэж заншаагүйгээс хөдөөд биш хотод самуурч, хуучнаар бол Буузны гуанзны баруун талд гэх зэргээр төөрсөөр төрөлдөө болсоор байна. Байшин барилга, худалдаа, үйлчилгээний газар нэмэгдэхийн хэрээр Буузны гуанз, 52 дугаар дэлгүүр, Цагаан худаг, гутал засварчнаар баримжаалан байршил тогтоох боломжгүй болов.
Баруун хар уулын энгэрт, элстэй цайдмын урд гэх зэрэг уудам хөдөөдөө тохирсон зүг чиг байшин барилга сүлжилдсэн их хотод огт тохирохгүй. Хөдөөд морьтонгууд зэрэгцэн явдаг бол хотод машинтайгаа цувдаг шиг тэс өөр орчин нөхцөл, сэтгэлгээ, соёл. Хаяг бол өлгөж хадсан пайз төдий биш үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ, бүртгэл, үйлчилгээ, хариуцлага, ил тод байдал юм.
Хаана оршдог нь тодорхойгүй байхын хэрээр хариуцлага ч дагаад бүдгэрдэг, өдөр тутмын амьдралд олон талын асуудал бэрхшээл дагуулж байна. Хиам үйлдвэрлэгчийн шошго …дугаар хороо гэсэн таавар хаягтай байх жишээтэй. Хөлсний тэрэгтэй залуу Дуурийн театрыг хайгаад олохгүй, хэрэглэгч нь үйлдвэрлэгчээ эрж сураглаж буй нь тодорхой хаяг байршилтай байх, хууль, стандартыг зөвхөн байгууллагууд биш бүх нийтээрээ мөрдөх хэв дадал дутаж буйнх.
Эсвэл Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот англи, солонгос, герман, япон, орос, хятадаар зөв буруу бичсэн эрээн мяраан хаягаар дүүрэн, НҮБ-ын хурал зөвлөгөөнд ч ийм олон хэлээр материал тараадаггүй байх гэмээр эмх замбараагүй.
УИХ өнгөрсөн онд Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягжуулалтын тухай хууль баталсан нь анхаарал татсан байдлаараа сенсаацтай биш ч ач холбогдол, хүмүүст тусах, хүлээгдэж буй үр дүнгээрээ онц чухал баримт бичиг юм.
Хотжил, суурьшлын бүс эрчтэй нэмэгдэж буй энэ цаг үед хаягийн тогтоц нь аман хэлбэртэй, нийтээр хэрэглэхэд бэрхшээлтэй, бүртгэл муутай, мэдээллийн технологи ашигладаггүй, өөрчлөлт, хөдөлгөөнөө гүйцдэггүй, төрийн үйлчилгээг хүргэхэд хүндрэлтэй байгаад үндэслэн баталсан, дорвитой өөрчлөн шинэчлэх эх суурь болсон хууль.
Нэг мэдэхэд л шинэ байшин барилга нэмэгдчихсэн байдаг хурдтай цаг үед зөвхөн хаяг нэрээс гадна мэдээллийн нэгдсэн системд тухай бүрт нь бүртгэж байх, цахим технологийг ашиглах боломж нь ч нээлттэй, шаардлага нь ч их байсан билээ. Орон нутгийн ИТХ-аар хаягжилтаа зохицуулдаг, хорооны засаг дарга хаяг олгодог нь нэгдсэн хэм хэмжээ тогтолцооноос биш хувь хүний мэдлэг чадвар, бичгийн хэвнээс хүртэл хамаардаг.
Эмх замбараагүй, мэргэжлийн бус байдлаар бичиж хөтлөх, цахим ухаалаг бус цаас овоолох нь хоорондоо уялдаа холбоогүй, саланги тусдаа “Ухаалаг биш Том төр”-ийн нүсэр ажил байсан юм. Хууль, дагасан журам, тэмдэг тэмдэглээний стандарт нь батлагдсан учир улс даяар бүх засаг захиргааны байгууллага хэрэгжүүлэн мөрдөж эхэлсэн, ялангуяа нийслэлд хаяг цэгцэлж буй нь үүргээ хэрэгжүүлж байгаа нь тэр юм.
Газар, үл хөдлөх хөрөнгө эдийн засгийн бүртгэлд орж, “Капиталын нууц”-ыг нээх, байрлалд суурилсан төвлөрсөн мэдээллийн мэдээллийн дэд бүтцийг бүрэн утгаар нь байгуулах олон талын боломж бололцоог нээж байгаа хууль. Койка байгууллагын буцалтгүй тусламжаар ирсэн явуулын станцтай машин нийслэлд ажиллаж байна.
3D хэмжээсээр үл хөдлөх хөрөнгийг зурагжуулан бүртгэн авч, боловсруулаад төв сервертээ шилжүүлдэг тусгай тоноглолтой. ТҮЦ, гутал засвараас эхлээд том их дэлгүүр, зочид буудал бүгд 3D-ээр төрдөө данстай, түмэндээ бүртгэлтэй болсоор байгаа.
Явуулын станц эхний ээлжинд Улаанбаатарт ажиллаад, дараа нь орон нутгийн томилолттой. Шинэ хуулиа даган нээгдэж буй боломжийн нэг нь орон зайн мэдээллийн дэд бүтцийн олон төрлийн мэдээллийн нэг нь хуулийн дагуу бүрэлдэн тогтож эхэллээ.
Жирийн иргэн хаана ямар шинж чанартай, төлөвлөлттэй газар байна, аймаг, сум, хот дүүрэг, гудамж хороо, хөрөнгөнд нь хэр өөрчлөлт орсон зэргийг гэрээсээ товч дараад л мэдэж болдог, зөв шийдвэр гаргадаг, зүгээр л олон нийтийн газарт байрлуулсан цахим самбар ашигладаг зэрэг төрийн үйлчилгээний ТҮЦ машины нээсэн жишигт газар, үл хөдлөх хөрөнгийн хуульд нийцсэн мэдээллийнтогтолцоондтөд удахгүй шилжинэ.
Монгол Улсад 2013 оны байдлаар 360 мянган үл хөдлөх хөрөнгө байна гэсэн бүртгэл бий. Орон зайн мэдээллийн дэд бүтцийг байгуулсаны үр дүн, УИХ-ын баталсан Гудамж, зам, талбай, үл хөдлөх хөрөнгийн хаягжуулалтын тухай хуулийн хэрэгжилтээр наранд биш сүүдэрт байгаа үл хөдлөх хөрөнгө, барилга байшин эдийн засагтаа бүртгэгдэнэ.
Манайд 360 мянган үл хөдлөх хөрөнгө бүртгэгдсэн бол Монголоос 16 дахин бага газар нутагтай Өмнөд Солонгос 37 сая нэгж талбартай. Бараг гурав дахин бага газартай Франц 500 сая үл хөдлөх эд хөрөнгөтэй. Франц, Солонгосын эдийн засгийн далайц, хүн ам их учраас мэдээж үл хөдлөх хөрөнгийн тоо нь илүү ч гэлээ хамгийн гол нь 100 хувь бүртгэлтэй.
Ерөнхийлөгчийн урилгаар манайд ирж, лекцээ уншиж байсан, энэ цаг үеийн нэрт эдийн засагч Эрнандо дө Сото хөгжил буурай улсын ядуусын хорооллын бүртгэл, эргэлтэнд ороогүй газар, үл хөдлөх хөрөнгө асар их баялаг юм гэдгийг судлан нээсэн билээ.
Үл хөдлөх хөрөнгө, газрыг улсын нэгдсэн бүртгэлд хуульчлан тогтоосон нийтлэг хэм хэмжээг баримтлан, байр зүйн зурагт суурилсан геоматикийн технологийг ашиглан оруулахад Дотоодын нийт бүтээгдэхүүнийг маш багаар тооцоход л 2%-иас доошгүй хувь өсөх боломж байна.
Нягтлан бодох бүртгэлд газрыг өмч гэж үнэлэн бүртгэдэггүй. Япон зэрэг оронд өндөр өндөр барилгууд зах зээлийн жамаараа үүргээ гүйцэтгэж чадахгүй бол өвс мэт хадагдан байхгүй болж, байрлалынх нь төлөө өрсөлдөн, дараагийн бизнес эхэлдэг учраас мөнхийн үнэт капитал юм.
Иргэдийн 10 гаруй хувь нь л газраа өмчлөөд байсан 2013 онд нийт газар өмчлөгч, эзэмшигч гурван зуу гаруйхан мянга байгаа нь, тэр бүхэн нь эдийн засгаа тэлэх, ДНБ-ээ өсгөх, бүрдүүлэх айлаас эрэхгүй, авдранд нуугдсан эрдэнэ.
Газар, үл хөдлөх хөрөнгөө нэгдсэн цахим бүртгэлд оруулан хөтөлж, газраа геологи, хүрээлэн буй орчны иж бүрэн шинжилгээ, хүн ам, зах зээлийн хэрэгцээ шаардлагад нь үндэслэн, салбар, аймаг тус тусдаа биш нэгдсэн байдлаар хэлэлцүүлж иж бүрэн төлөвлөх аваас зураггүй төсөвлөх, өртөг, хугацаа нь нэмэгдэх, тэгээд царцаах, хэрүүлийн алим болгох уг ёзоор үндэс шалтгаан нь бүрэн арилна.
Бүртгэлд ороогүй үл хөдлөх эд хөрөнгө дуудах нэргүй хүнтэй адил. Сүүдэрт нуугдсан хогийн ургамлыг үндсээрээ зулгаагдан, далд эдийн засаг наранд гарч, эрүүл хөрсөнд цэцэг соёолно.
Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагай
URL: