Д.Сугарыг сугалуулах гарцаагүй баримтууд энэ
Монголын төрд Д.Сугар гэж хэнд ч дийлдэггүй айхавтар хүн гарч ирээд багагүй хугаcаа өнгөрч байгаа. Төрийн өмчийн хорооны даргын албан тушаалд байхдаа л өөрт ашигтай бус мөнгө олж болох бүхий л төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн дарга болж, олон оронтой тоогоор хэмжигдэх мөнгө авдаг байсан гэх түүний талаар таагүй баримт дэндүү олон. Ямар сайндаа л хэвлэлийнхэн энэ тухай бичиж Монгол Улсад төр засаг бас хууль гэж байдаг юм бол энэ хүнээ шалгаж хариуцлага тооцох ёстой гэдгийг дахин дахин анхааруулж байв. Харин сүүлийн хэд хоногт энэ хүний тухай сонсогдон шинэ мэдээ гэвэл АТГ-ын тэргүүн комиссар Н.Ганболд энэ сарын 7-нд УИХ-ын дарга З.Энхболдод нэгэн албан бичиг хаягласан нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарыг энэ халхавчнаас нь гаргах агуулгатай байв. Энэ тухай манай сонин өчигдрийн дугаартаа мэдээлсэн бөгөөд Д.Сугарын өдүүлсэн хэрэг хийгээд АТГ-ынхан түүнийг шалгаснаар ямар их “но” илрүүлсэн тухай мэдээлсэн билээ.
Ингэснээр олон нийтийн дунд УИХ энэ асуудлыг хэзээ хэлэлцэж, Д.Сугар хуулийн өмнө хариуцлага хүлээж чадах болов уу хэмээн харж байна. Басхүү АТГ-ын тэргүүн комиссарын УИХ-ын даргад илгээсэн албан тоотоос Д.Сугар гэх эрхэм төрийн өмчийг хайр найргүй “зооглож” байсан, өөртөө өчнөөн тэрбумаар яригдах хөрөнгө босгосон, Солонгос, Япон зэрэг улсад өөрийн нэр дээр байр авч, Хонгконгийн “Эйч Си Би Эс” банкинд оффшор данстай байсан нь нотлогдсон гээд “но”- той, ноцтой баримтыг дэлгэв. Үнэндээ тэрхүү баримтыг харахад Д.Сугар гэх эрхэм бүх насаараа төрийн бас төсвийн байгууллагад ажилласан гэхэд тоолж барамгүй их хөрөнгө мөнгөтэй болсон, улс дамнан хаус худалдан авч түүнийгээ зарж борлуулдаг нь гайхал төрүүлж байгаа юм. Мөн Д.Сугар хөрөнгө босгоод байгаа атлаа түүнийгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ огт мэдүүлдэггүй байсан нь АТГ-ынхны хараанд өртөж, хар дэвтэрт данслагдахад хүрсэн гэж байгаа. Энэ тухай АТГ-ын тэргүүн комиссар Н.Ганболдын УИХ-ын даргад илгээсэн албан тоотод тодоос тод дурайж байна. Иймээс илүү олон зүйл нуршилгүйгээр Д.Сугар гэх эрхэм Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байхдаа ямар хур хөрөнгөтэй болсон талаар баримтыг хүргэж байна.
БАРИМТ-1
Д.Сугар 2012 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр ‘Транс Трейд Би Би Си Би” ББСБ-аас 273.3 сая төгрөгийн, мөн өдрийн тавдугаар сарын 31-нд 113 сая төгрөгийн зээлийг тус тус авсан. Ингэхдээ дээрх зээлийг одоогийн албан тушаалд томилогдохдоо авсан. Түүнчлэн тэрбээр сүүлд авсан 113 сая төгрөгийн зээл авахдаа гэрээ байгуулсан бөгөөд 113 сая төгрөгийг хоёр хувийн хуүтэйгээр 12- сарын хугацаатай зээлж аваад тухайн оны есдүгээр сарын 26-нд буцааж төлсөн. Ингэхдээ зээлийн хүү болох 8,7 сая төгрөгийг төлөөгүй төдийгүй хөрөнгө орлогод нь орсон их хэмжээний өөрчлөлтийн талаар 30 хоногийн дотор мэдэгдэж бүртгүүлээгүй.
БАРИМТ-2
Хонгконгийн “Эйч Эс Би Си” банкинд Д.Сугар оффшор данстай бөгөөд уг данснаасаа иргэн О.Тамирын дансанд хоёр ч удаагийн гүйлгээгээр 316.897 сая ам.долларыг шилжүүлсэн. Ингэхдээ энэ тухайгаа мөн л хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй.
БАРИМТ-3
Мөн тэрбээр 2011 онд Солонгосын Чэжү, Раөн хотхоны 101/701 тоот хувийн сууцыг 600 гаруй сая төгрөгөөр худалдаж авсан ч энэ тухайгаа мэдүүлээгүй. Түүнчлэн 2013 онд 580 сая төгрөгөөр худалдсан ч энэ тухайгаа бас л мэдүүлээгүй.
БАРИМТ-4
Д.Сугар нь “Үндэсний үнэт цаас” ХХК-ийн ногдол ашиг, тус компанийн хувьцааг худалдаад олсон гэх нэг тэрбум гаруй төгрөгийн орлогыг мэдүүлээгүй. Түүнчлэн энэ мөнгөө МИАТ- ийн экс захирал Ч.Хоролсүрэнд хадгалуулсан гэдэг ч хөрөнгө орлогын мэдүүлгийн “хадгаламж” гэсэн хэсэгт бичээгүй гэдэг нь шалгалтын явцад тогтоогджээ. АТГ-аас дээрхээс гадна өөр олон баримт бүрдүүлэн УИХ- ын даргад хүргүүлсэн бөгөөд дээр дурдсан нөхцөл байдлууд Д.Сугар нь хөрөнгө орлого болон тэдгээрийн эх үүсвэрийн талаар Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.7, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 17 дугаар зүйлийн 17.3 болон тав дахь хэсгийг зөрчсөн гэж үзэхэд хүргэж буйг дурджээ. Иймээс АТГ-аас Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр УИХ-ын даргад хандсан нь энэ бөгөөд “албан тушаалаас нь халах” хариуцлага хүлээх эсэх асуудлыг шийдвэрлүүлэх саналтай байгаагаа албан ёсоор дуулгасан нь энэ юм. Ингэснээр Төрийн өмчийн хорооны даргаас Үндсэн хуулийн цэцийн гишүүн гэсэн суудалд гүн шигдээд байсан Д.Сугарын асуудлыг удахгүй УИХ хэлэлцэх нь тодорхой болж байна.
URL: