“Сум” нь О.Баасанхүү, харин “нум” нь Х.Баттулга
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өөрийг нь огцруулах асуудлыг хөндсөн УИХ-ын гишүүн О.Баасанхүүд төдийлөн анхаарал хандуулахгүй байгаа бололтой. Бүр түүнийг “сум” хэмээн нэрлэж, харин сум харвасан нум хэн бэ гэдэгт хариулт өглөө.
Уламжлал ёсоор Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга твиттер хуудаснаа “Сэрээд, сэрээд болжморууд босоод” хэмээн хоёр хоногийн өмнө жиргэв. Харин түүний жиргээний доор Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Сумаа харвачихаад нумаа нуудаг хүмүүс ч… Сум нь яахав Баасанхүүд байна. Нум нь харин хэнд байгаа л сонин байна” хэмээн хариу бичжээ.
Тэгэхээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өөрийг нь “оролдоод” байгаа хүнийг ганц О.Баасанхүү биш гэдгийг мэдэж байгаа бөгөөд “сум” харвасан “нум”-ыг Х.Баттулга хэмээн бодож байгаа бололтой. О.Баасанхүүгийн хувьд мэдээж одоогийн Хууль зүйн сайдтай хонь, чоно хоёр. Ийм асуудал тавьсанд нь гайхаад байх зүйлгүй. Харин Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд яагаад Х.Тэмүүжинээр “оролдов”.
Нэг талдаа үүнийг Цагдаагийн дарга Б.Билэгттэй холбон тайлбарлах хүмүүс байна. Яагаад гэвэл Б.Билэгт нь Х.Баттулгын хүн гэгддэг. Тэгээд ч Хууль зүйн сайд үүнээс өмнө “Би Б.Билэгтийн томилгоон дээр алдаа гаргасан байж магадгүй. Дахин энэ асуудлыг эргэж харна” хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн байдаг. Тиймээс яг энэ үйл явдал тэдний дунд гал асаасан байж мэдэх юм.
Нөгөөтэйгүүр сүүлийн үед Засгийн газрыг ч, УИХ-ыг ч тэр чигт нь хөдөлгөөнд оруулж байгаа Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлтэй холбоотойгоор тэдний дунд маргаан үүссэн байхыг үгүйсгэхгүй юм. Хэрвээ хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжиж эхэлнэ гээд шийдэгдчихвэл Засгийн газарт томоохон “нүүдэл, суудал”-ын асуудал үүсэх бөгөөд хэнийг УИХ-д үлдээх, хэнийг Засгийн газарт оруулах вэ гэсэн толгой өвтгөсөн тест эрх баригчдын дунд бий болох юм.
Энэ бүгдээс харахад Засгийн газрын гишүүдийн дунд үл ойлголцох байдал бий болоод ихээхэн хугацааг өнгөрөөжээ. Б.Билэгтээс болсон ч байна уу, “Давхар дээл”-ийн асуудлаар ч байна уу, твиттерээс ч байна уу ямар ч байсан бүгдийг харж болохоор байна. Мөн зөвхөн Засгийн газар ч гэлтгүй түүний гадуур ч гэсэн янз бүрийн улс төрийн тохироо мөн яваад эхэлчихэж гэсэн дүгнэлт хийхэд хүргэлээ. О.Баасанхүүтэй уулзаж, түүгээр “сум” хийн, өөрөө “нум” болсон энэ явдал ч үүнийг баталж байна. Харин ямар тохироо байгааг одоохондоо тааж хэлэх нь илүүц биз ээ.
Мартсанаас Х.Тэмүүжингийн бичсэн “Сумаа харвачихаад нумаа нуудаг хүмүүс ч… Сум нь яахав Баасанхүүд байна. Нум нь харин хэнд байгаа л сонин байна” гэсэн жиргээнд Х.Баттулга сайд одоог хүртэл хариу өгөөгүй л байна.
С.Санчир
Eagle.mn
URL: