Ашиг харсан Хятадуудын арганд наймаачид бус, хувиараа явж буй хүмүүс өртөж байна
Монголчуудын тэр дундаа наймаачдын байнга очдог БНХАУ-ын Эрээн хотыг зорилоо. Түм түжигнэж, бум бужигнасан энэ хотын худалдааны төв буюу биржийг зорих монголчуудын тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр байгаа гэнэ. Худалдаа наймаа, аялал жуулчлалаа түлхүү хөгжүүлсэн энэ хотыг зөвхөн монголчууд зорьж очдоггүй нь мэдээж. Энэ хэрээр Эрээн хот цаг хугацаатай уралдан хөгжиж байгаа. Үүнийг зарим хүн монголчуудын мөнгөөр хөгжиж байна гэх нь ч бий. Энэ нь ч оргүй зүйл биш л байх.
Учир нь монголчууд эх орондоо хөлс хүчээ шавхан хөдөлмөрлөж олсон хэдэн төгрөгөө өвөртлөн Эрээний биржийг “дайлаар морддог”. Тэнд юм бүхэн хямд, бас өргөн сонголттой хэмээн монголчууд олзуурхдаг. Хүмүүс ихэвчлэн амралтын өдрөөр энэ зүгийг зорьдог юм билээ. Би ч гэсэн тэдний адил амралтын өдөр очсон юм.
Улаанбаатар хотоос баасан гаригийн 20:00 цагт экспресс буюу хурдан галт тэргээр гараад өглөө 8:00 цагт Замын үүдэд очив. Хүмүүс галт тэрэгнээс буугаад л урд хойноо ороод гүйлдэж гарав. Өмнө нь Замын -Үүдийн гал тэргээр явж үзээгүй учраас гайхаж байв. Учрыг нь хажуухандаа яваа эмэгтэйгээс асуувал, “Эрээн рүү явах автомашинд түрүүлж очсон нь эхний унаанд сууж, хилээр эрт гардаг юм” гэв. Тэдний араас алхаж очвол, уртаас урт дараалал үүсгэн жийп, УАЗ-469 машинууд дугаарлажээ. Тэр машинаар хүмүүсийг хилээр гаргадаг юм гэнэ. Нэг хүнийг жийпээр хилээр гаргахад 100, харин УАЗ-469 машинаар бол 50 юань аж. Надад олдсон нь УАЗ-469 болохоор 50 юань төлж суув. Машиныхаа суудлуудыг авчихсан суух сандалгүй юм. Гэхдээ л 6-7 хүн чихчихээд, галзуу юм шиг давхилдах нь аймаар. Ийн сэгсчигдэж, зайлагдсаар Эрээн хотод очив.
Жолооч нь хаана буухыг асуух ч үгүй, шууд л биржийн үүдэнд хүргээд өгчихдөг юм билээ. Хүмүүс нь ч үүнд дуртай. Учир нь олонхи нь наймаачид. Тэд буцахдаа ачаа ихтэй байдаг болохоос, очихдоо ачаагүй учраас шууд л бараагаа цуглуулах ажилдаа ордог юм байна. Шинэ, хуучин биржүүд нь нэг дор учраас наймаачдад амар байдаг бололтой. Биржийг тойроод эрээвэр хураавар хаяг өлгөсөн оготны нүх шиг жижигхэн зочид буудлууд зөндөө. Мөн монгол бичиг болон крилл үсгээр бичсэн алдаа мадагтай хаяг өлгөсөн монгол хоолны газрууд ч тоо тоймгүй олон болжээ.
Монголчуудад зориулан монгол нэртэй хоолны газар, зочид буудлыг харамгүй байгуулснаас нь харахад Эрээнийг монголчууд
цэцэглүүлж буй гэдэг нь үнэн гэдэг нь илт. Шинэ биржид худалдаалж байгаа бараануудын сонголт арвин, орчин нь арай цэвэр. Гэхдээ хуучин биржтэйгээ харьцуулахад шүү дээ. Тиймээс хувиараа буюу гэр бүлээрээ явж байгаа хүмүүс шинэ биржээр үйлчлүүлдэг юм болов уу гэж ажиглагдсан. Харин хуучин биржийн хувьд барааных нь үнэ Шинийнхээсээ ялимгүй хямд буюу ганц хоёр юаниар татуу. Мөн бараагаа бөөндөж зардаг гэнэ. Тиймээс наймаачид голцуу хуучин биржээр үйлчлүүлдэг юм билээ. Нэг төрлийн бараанаас доод тал нь л 20 ширхгийг авдаг юм билээ. Тиймээс худалдагчид нь ч байнгын худалдан авагчдаа андахгүй. Анх удаа, эсвэл хааяа нэг очдог хүмүүст үнэрхэнэ, бараагаа хямдруулах нь ховор.
Хувиараа явж байгаа хүмүүс ихэвчлэн амралтын өдрийг тааруулж, урд хөршийг зорьдог. Үүнийг нь мэддэг Эрээний биржийн овжин наймаачид үнэ өсгөхөө ч мартахгүй. Амралтын өдрөөр барааныхаа үнийг хэдэн арван хувиар, заримыг нь бүр “нугалж” зардаг гэнэ. Үүнийг наймаачдаас гадна тэнд дөрөв хонож байгаа нэгэн эгч хэлсэн юм. Тэрбээр, “Муусайн хятадууд баяжих тусмаа шунах юм аа” хэмээн бухимдав. Учрыг, нь. лавлавал, “Амралтын өдрөөр барааныхаа үнийг өсгөчих юм. Хүн их ирдгийг мэдээд тэгж байхгүй юу. Монголоосоо 200 төгрөгөөр авдаг ‘ҮеҮе” кофег эндээс хоёр юань /576 төгрөг/-иар авна гэж юу байх вэ. Өчигдөр хямд байсан чинь өнөөдөр хоёр юань болгочихож. Арай дэндэж байна” хэмээн бухимдав. Бирж дотор явж байтал өнөөх “ҮеҮе” кофег нээрээ хоёр юань гэнэ. Тэдний хожоо харсан башир аргыг мэддэг болсон манай наймаачид амралтын өдрөөр Эрээнийг зорихоо больсон гэнэ.
Тэд амралтын өдрөөр лангуун дээрээ бараагаа худалдчихаад, орлого муутай гэх ажлын өдрүүдээрээ Эрээнийг зорьдог аж. Тэгэхээр хятадуудын шунаг сэтгэлийн “хавханд” наймаачид бус энгийн иргэд өртдөг бололтой.
Шинэ бирж дотор нь Улсын гэх тодотголтой эмнэлэг, эмийн сан цөөнгүй байдаг юм билээ. Тэд ч бараануудаа худалдахдаа тогтсон тарифгүй, амандаа орсон үнээ хэлнэ. Авбал “Чи сайн найзаа” гээд л сүйд. Үгүй бол харин чанга дуугаар загнаж, барьж байгаа зүйлээр цохиод авах энүүхэнд. Харилцааны тал дээр тун хэцүү хүмүүс.
Эрээн хот сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа ч хоёр биржийнх нь эргэн тойрны орчин үнэхээр бохир. Иргэд нь нус, шүлсээ хаа сайгүй хаяна. Эгээ л нүдний өмнө бие засахаас наахнуур. Тэгсэн атлаа тийм орчиндоо хүүхдүүдээ дагуулж ирээд наймаагаа хийнэ. Багачууд нь тэнд мөлхөнө, өнхөрнө гэртээ тоглож буй юм шиг л наадна. Бохир заваан биржийг тойрсон зочид буудлууд нь ч мөн адилхан. Нэг хүн хоноглоход 25-30 юань. Энэ бол наймаачдын байрладаг хямдхан буудлын тариф. Ойрхныг нь бодоод наймаачид тэнд байрлана.
Тиймээс тэр буудлуудад сул өрөө ховорхон байдаг юм билээ. Учир нь ажилч шоргоолж шиг өдөржин л биржээр гүйж, цуглуулсан бараагаа хэд хэдэн удаа зөөж, буудал биржийн хоорондоо өдөржин гүйлдэх учраас тэдэнд ойрхон байрлалтай буудал хамгаас чухал. Ядаж бараагаа буудалдаа бөөгнүүлж бөөгнүүлчихээд буцахдаа жолооч дуудахаар тэд очиж авах дүргүй. Яагаад гэвэл буудлаас хүн очиж авахаар “Манай үйлчлүүлэгчийг авч явах гэж байгаа бол татвар төл” хэмээн жолооч нараас юань авдаг гэнэ. Тиймээс наймаачид ойрхон буудлыг илүүд үздэг гэнэ.
Бараандаа явж буй наймаачдын дүр зураг ийм л байна. Буцах гэтэл тэндээс шууд Улаанбаатар хүрэх галт тэрэгний тасалбар олдсонгүй. Иймээс ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад буцах болов. Эрээнээс Замын-Үүд рүү УАЗ-469 машинаар явахад нэг хүн 100 юань. Харин Замын-Үүд дээр очоод шагийн билетэнд “дайтна”. Тасалгаат вагонд нэг хүн 27800 төгрөгөөр явах ёстой ч тасалбар нь “шагийн” үнээрээ 50 мянгад хүрсэн байв. Тэгээд ч бараг олдохгүй. Маргааш нөгөөдрийнх нь тасалбаруудыг хүртэл урьдчилаад бичүүлчихсэн байлаа.
Зүүн аймгуудад шүлхий өвчин гарсан учраас тэр зүгт хорио тогтоосон. Тиймээс урд хөршийг зорих хүн цөөрсөн гэх ч үнэндээ бол тийм биш байна лээ. “Автозамыг нь хаасан ч монголчууд галт тэргэнд чихэлдсээр Эрээний хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах гэж зүтгэсээр байгаа нь ажиглагдаж байлаа.
М.УЯНГА
URL: