“Би энэ төрөөс хоол гуйгаагүй”

28a638f889b4662fbig

Хэлсэн үг, бичсэн өгүүлбэр, цэг таслалынхаа төлөө хариуцлага хүлээнэ гэж тангарагласан нэгний Монголын эдийн засгийн өнөөгийн бодит байдал, энэ засгийн газрын талаар бичсэн нэгэн нийтлэлээс Та бүхэндээ хүргэе. Болгооно уу.

-“… Монгол улс жилийн өмнө 3,5 тэрбум долларын нөөцтэй байсан бол одоо улсын нөөц хагас тэрбум болтлоо хорогдчихоод байна. Харин энэ хооронд зах зээлд гарсан төгрөгийн хэмжээ даруй гурван их наядаар нэмэгдэн одоо арав гаруй их наяд хүрчихээд явна. Ер нь би  банкны үе үеийн ерөнхийлөгч өөрийн гарын үсэгтэй мөнгөн тэмдэгт гаргах гэж их яардаг юм даа. Нэг л үгээр хэлэхэд монгол төгрөг хамгаалалтгүй болж нүцгэрч буй хэрэг.

… Монголын гадаад өр одоо 16-17 тэрбум доллароор үнэлэгдэж байна. Үүний 4-5 тэрбум нь Засгийн газарт хамаатай, үлдсэн нь хувийн компаниудын өр. Торгонд хөлбөрч байх үед олон компани өөрийн чадавхийг хэт үнэлэн, ирээдүйгээ дан диваажингаар төсөөлсөн учир эцэст нь төлж дийлэхгүй өрөнд баригджээ…”.

Би жирийн нэгэн сэхээтэн. Миний эхнэр ч ялгаагүй. Ганц хүү маань оюутан. Бидний аав ээж, ах дүүс хэн нэгэнд илүүчлээд байх юмгүй, мөрөөрөө хөдөлмөрлөж амь амиа болгоод ирцгээсэн улс.

Миний авдаг цалин, хөдөлмөрийн хөлс уг нь нийгмийн дундчуулын хавьцаа явдаг гэж боддог байлаа. Тэгээд ч миний гэр бүл хоёр идэхгүй ч хоосон хонохооргүй явсаар ирсэн. Гэвч өнөөдөр яаж ч хэмнээд хаанаа ч хүргэж чадахгүй байна. Танд ч бас ийм байдал тохиож байгаад эргэлзэхгүй байна.

Ийм байдалд хүрээд байгаагийн учир нь тодорхой, ойлгомжой боллоо.

Төр улсаар минь тоглож байгаа эдгээр эрхтэн, дархтануудын үнэн дүр төрх ил боллоо.

Бид төрдөө итгэж, найдаж, сүсэглэж ирсэн дэндүү сайхан сэтгэлтэй, тэвчээртэй ард түмэн. Гэтэл ийм ард түмнийхээ сэтгэл, итгэл рүү нь ус цацаж амьдралын баталгаа болсон Монгол улсынхаа сан хөмөргийг нь гөвөөд хаячихсан энэ засаг төрөөс Та бид өнөөдөр ял асууж, хариуцлага тооцох цаг иржээ.

Үр хүүхэд, өвгөд хөгшдийнхөө төлөө, эцсийн эцэст өөрөө өөрсдийнхөө төлөө жирийн иргэн Та бид нэгдэн нягтарч тэмцэхгүй юм бол хэн ч биднийг өмгөөлж хамгаалахгүй. Босоцгооё.

Бид тэднээс хоол гуйгаагүй. Төр улс, түмэн олноо хүн шиг аваад явж чадахгүй ийм амьтад бидэнд хэрэггүй.


URL:

Сэтгэгдэл бичих