Нөхрөөсөө хүүтэй мөнгө зээлсэн биш хөхөрч няцартлаа зодуулжээ

arhi19Ууганаа, Хишигжаргал хоёр тоонот гэрт толгой холбоод арав гаруй жилийн нүүрийг үзэж байгаа хоёр. Ууганаагийнх Говь-Алтай аймгийн Цогт суманд бог бод нийлсэн гурван зуу гаруй малтай хүнээс гуйхгүй хоёр идэхгүй боломжийн амьдарч байжээ. Харамсалтай нь 2001-2002 оны зуднаар малынхаа талыг барж нутгаасаа гарч отор нүүдэл хийж явсаар Булган аймгийн Дашинчилэнд буув. Гэвч адуу, үхэр нь нутаг руугаа гүйж замдаа үхэж үрэгдэн, малын хулгайчийн гарт орсноор зуу хүрэхтэй үгүйтэй хэдэн хонь ямаатай хоцорчээ. Үлдсэн малаа нүд анихын даваан дээр хотод махалж зараад Баянхошуунд хашаа хатган чимээгүй хоттой айлсах болов. Тэднийх сургуулийн насны гурван хүүхэдтэй болохоор нийслэлд нүүж ирсэн цагаасаа мөнгөний гачаалд орж эхнэр, нөхөр хоёр ажил эрж сар гаруй болоод юу ч олсонгүй. Ажил мэргэжил, царай зүсээр маруухан дээр нь Говь-Алтайн харъяат тэднийг хэн тоож ажилд авах билээ.

 

Эцэст нь өөрт байсан хэдэн төгрөгөө нийлүүлэн цагаан утас нэгийг авч Ууганаа Баянхошууны Жанцангийн буудал хавиар эргэлдэж, өдөртөө тав арван цаас олдог ч энэ нь хүн болгон гар утас барих болсон энэ үед тийм ч ашигтай ажил биш байлаа. Ингээд цагаан утсаа буцааж тушаачихаад хүн дэнсэлдэг жин олж аваад хотын төвөөр суух ч өдөржингөө болоход дөнгөж л 3000 төгрөг чүү арай олох бөгөөд талх, махныхаа мөнгөнд хүрэхтэй үгүйтэй. Энэ маягаар тэдний бизнес удаан үргэлжилж чадсангүй.

 

Ууганаа цагаан утас барьж, олны хөлийн газраар эргэлдэж яваад Баянхошууны “алкаш”-уудтай танилцаж нөхөрлөх болсноор тэдний амьдрал доройтов. Хишгээ эхэндээ нөхөртөө хэдэн хатуу үг хэлэхэд Ууганаа түүний үгийг сонсч, архи дарс уухгүй хэд хонодог байлаа. Гэвч сархад савнаасаа бусдыг дийлдгийн үлгэрээр Ууганаа эхнэрийнхээ нүдийг хариулж байгаад сэмхэн сэмхэн зуун грамм татчихна. Нөхрөө архи уулгахгүй гэсэн эхнэр бөөн уур уцаар хэрүүл зодоон хийж үзээд ч нэмэр болсонгүй. Харин Хишгээ нэг мэргэн арга бодож олсон нь хожмоо хар толгойдоо нүгэл хураана гэж даанч төсөөлсөнгүй.  Эхнэр нөхөр хоёр тус тусдаа санхүүгээ атгаж, хэн нэгнээсээ мөнгө зээлэн цаг хугацаандаа эргүүлж төлөхөөр тохирчээ.

 

Хишгээ гудамжинд хүн жинлэж, хажуугаар нь чихэр бохь, тамхи ширхэглэж, тав арван цаас олбол цааш нь хурааж нөхөртөө энэ бүхнийг мэдэгдэхгүйг хичээнэ. Тэрээр орлого тааруу үедээ Ууганаа дээр гүйж очоод хамаг мөнгийг нь зээлж амьдралдаа зарцуулах болов. Ингэснээр нөхөр нь архи уух нь эрс багасчээ. Зээлж авсан мөнгөө тэд өдөр болгон бүртгэх бөгөөд өөр өөрийн хар данстай. Нэг удаа Ууганаа нэлээд согтуу амьтан эхнэр дээрээ ирээд “Чамд зээлүүлсэн 20 мянган төгрөгөө авъя” гээд шалчихав. Хишгээд мөнгө байсан боловч нөхрөө архи уулгахгүйн тулд “Надад өнөөдөртөө мөнгө алга. Маргааш зээлсэн мөнгөө хүүнийхээ хамт эргүүлж төлье” хэмээн учирлажээ. Гэвч Ууганаа нэхсээр байж зээлсэн мөнгөний хүүний оронд эхнэрээрээ ганц шил архи авахуулаад явжээ.

 

Хишгээ өглөөнөөс орой хүртэл ажлаа хийгээд гэртээ харьтал нөхөр нь гудамжны архичидтай архидаад сууж байв. Хишгээг орж ирэнгүүт Ууганаа ахин дахин зээлсэн мөнгөө нэхсээр байгаад дахин нэг шил архи авахуулжээ. Удалгүй бас нэгийг нэмснээр нэлээд хэдэн жил архи мөнгөнийхөө оронд авчээ. Харин маргааш өглөө нь тэдний хооронд гал авалцсан хэрүүл өрнөжээ. Өглөө шартаж үхэх шахсан Ууганаа эхнэрээсээ “Шар тайлах ганц жижиг юм аваад өгөөч” хэмээн гуйсан биш байдал эвгүйджээ. “Өчигдөр чи надаар 5 шил архи авахуулж уусан. Хүн хараад хөөрөөд архи нэхсээр байгаад бүр “Хар Чингис” авч уусан шүү. Одоо бол чадахгүй” гэжээ. Үүнийг сонссон Ууганаа бачимдан “Чи согтуугаар минь далимдуулж, миний мөнгөн дээр ажиллах гэлээ. Би хэзээ байтлаа “Хар Чингис” уудаг байсан юм. Одоо зээлсэн бүх мөнгөө, хүүтэй нь буцааж өг” хэмээн агсарч гарчээ.

 

Амьдралаа босгох гэж ядаж байсан хэдэн төгрөгөө хар усанд өгмөөргүй санагдсан Хишгээ хүн жинлэдэг жинлүүрээ, хэдэн ширхэг чихэр бохь, хэдэн хайрцаг тамхиа аваад гарах гэтэл Ууганаа хаалга хөндөлсөөд гаргасангүй. Уусан архи нь сайн гараагүй тэрээр эхнэрээ “Мөнгөн дээр ажиллалаа” хэмээн бүх хувцсанд нь нэгжлэг хийн, байсан бүх мөнгийг нь аваад зогсохгүй түүнийг зодож хоёр хавиргыг нь хугалсан байна. Хөрш айлынхан нь хөдөлгөөнт эргүүл дуудсанаар Ууганаа танхайрсан хэргээр хэрэгтний ширээнд сууж, Хишгээ хэдэн сар эмнэлгээр явснаар энэ хэрэг өндөрлөв.

 

Гэвч Ууганаа 1.6 жилийн хорих ял авч байхдаа хүртэл “Би эхнэртээ зээлүүлсэн мөнгөө авмаар байна. Миний хар дансаа бичдэг дэвтэр гэрт байгаа. Түүнийг Хишгээ алга болгочихвол би мөнгөө яаж олж авах юм бэ” хэмээн гомдол мэдүүлсээр байсан гэдэг. Харин Хишгээ хариуд нь “Би Ууганаад өгөх ямар ч өр байхгүй. Нүүрэн дээр минь муухай сорви үлдээж, хоёр хавиргыг минь хугалсанд би харин насаараа гомдолтой. Хэрвээ тэр мөнгөө авахыг хүсээд байгаа бол тэр мөнгийг нь эмчилгээндээ зарцуулсан. Эмчилгээндээ нийтдээ сая гаруй төгрөгийн зардал гаргасан ч энэ нь Ууганаасаа зээлсэн мөнгөнөөс хэд дахин их болсон болохоор би түүнд ямар ч өр төлбөр байхгүй” гэж мэдэгджээ. Ийнхүү санхүүгээ тусдаа барих гэсэн хосууд бие биедээ зээлсэн мөнгөнөөсөө болж зодоон нүдээндээ тулж, улмаар салж сарнихдаа хүрсэн нь эмгэнэлтэй бөгөөд инээдтэй.

 

 Хориотой бүс сонин


URL:

Сэтгэгдэл бичих