Бид “Хүн шиг” амьдармаар байна

төрОйрын өдрүүдэд хаврын урь орон, хөл хөдөлгөөн ихсэж, улс төр нийгмийн амьдралд ч бужигнаан үүсэх байдалтай болж байна. Үүсэхээс ч аргагүй нөхцөл байдал өнөөгийн нийгэмд тулгараад байна гэхэд хилсдэхгүй. Хаа сайгүй гандуухан өнгө төрхтэй, гундуухан амьдралтай хүмүүс үзэгдэн, мөнгө төгрөг гэдэг бараг л “нүдний гэм” гэхээр ховордож, хүн амын олонхи нь хоногийн хоол хүнсээ чадан ядан залгуулах төдий амьдарч, ирээдүйд бүх зүйл сайн сайхан болно гэсэн хоосон итгэл найдвараар голоо зогоосоор өдийг хүрлээ.

2012 оны сонгуульд “Олуулаа бол хүчтэй” гэсэн уриатайгаар орсон Ардчиллын залууст ард түмэн итгэн, одоо л бидний амьдралыг үндсээр нь өөрчилж, сайн сайхан, элбэг хангалуун амьдруулах байх гэсэн горьдлого тээж, тэднийг “Олуулаа” болгож өгсөн. Харин ард биднийгээ жинхэнэ “Хүн шиг”,  утга төгс амьдруулна хэмээн амлаж сонгогдсон эрхэм түшээд маань хэлсэндээ хүрч байна уу?

Засаг солигдох үед 1300 гаруйтай байсан долларын ханш өнөөдөр бараг 1800 дөхөж, тэр хэрээр өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадан, иргэдийн амьжиргааны түвшин өдөр хоногоор уруудсаар байна. Эдийн засгийн хямралын сүүдэр ААН, байгууллагуудад хүндээр тусан, цалин мөнгөө тавьж чадахгүйд хүрэх, ажилтан, албан хаагчдаа цомхотгох ажиллагаа явагдаж байгаагаас зах зээл дээрх мөнгөний эргэлт эрс багассан нь захын нэг дэлгүүр хоршоогоор ороход л андашгүй харагдахаар. Худалдан авагчид багассан учраас арилжаа наймаа ашиггүй болж, түрээсийн үнээ ч дийлэхгүйд хүрсэн худалдаачид барааны үнээ хямдруулан, зарим нь лангуугаа хураахад ч хүрээд байгаа аж.

Цалин мөнгөний хомсдолд орсон хүмүүс өөртөө байгаа аль өнгөтэй өөдтэй гэснээ ломбарданд тавих нь холгүй болж,  дээрээ ч Засгийн газар нь гадаадад бөөн өртэй, доороо ч иргэд нь банк, ББСБ, ломбарданд өртэй, ерөнхийдөө хаа сайгүй өрийн сүлжээ үүссэн, эмгэнэлтэй дүр төрх харагдсаар.

Ард түмэнд 21 000 тараан, бэлэнчлэх сэтгэлгээнд сургалаа хэмээн шүүмжилж, тэр их мөнгөөр бүтээн байгуулалт хийгээд, улс орноо хөгжүүлээд, сайн сайхан болгочих юм яриад байсан нөхдүүд Засгийн эрхэнд гарсан хэдий ч ёстой л нөгөө “Их санасан газар 9 шөнө хоосон” гэгчийн үлгэр болоод буй. Тухайн цаг үедээ, бараг л муухан хамаатан саднаас дээр, амьдралд нь тус нэмэр болоод байсан 21 000 ч өнөөдөр алга, цалин тэтгэвэр тэтгэмж ч олигтой нэмэгдсэнгүй,  бүх барааны үнэ гэрлийн хурдаар өссөн энэ хямралт цаг үед бага ч гэсэн цалинтай мань мэт нь барьц алдах дөхөж байхад огт орлогогүй хүмүүс хэрхэн аж төрж байгаа нь үнэхээр гайхшрал төрүүлэхээр.

Шинэчлэлийн Засгийн газрын зүгээс хийж хэрэгжүүлж байгаа ажил үйлс арвин байгааг үгүйсгэх аргагүй. Гэвч аливаа зүйл эерэг сөрөг талууд агуулж байдагчлан, бүтээн байгуулалтын явцад шүүмжлэлтэй хандах зүйлс ч байна. Хэдийгээр хийж бүтээж байгаа нь сайн талтай ч, зарим үед хэт хэлбэр хөөгөөд, агуулгаа орхигдуулаад байх шиг. Гадна үзэмжний гял цал зүйлст хөрөнгө мөнгө хэт зарцуулж байгаа нь гэртээ идэх хоолгүй атлаа гангалаад, өр тавьж үнэтэй хувцас авч өмсөөд байдаг, тооцоогүй гэрийн эзэгтэйг санагдуулахаар.

Хэдэн жилийн өмнө, амьдрал одоогийнхтой харьцуулахад арай гайгүй байсан цаг үед, “ард түмний амьдрал үнэхээр хэцүүдлээ, өөрчлөхгүй л бол үхлээ, хатлаа” хэмээн жагсаал цуглаан зохион байгуулж, синдромтдог байсан нөхдүүд одоо л уг нь дуугардаг цаг баймаар! Гэтэл тэд өөрсдөө  дээдсийн хүрээлэлд орчихоороо таг дуугай болчихдог нь хуншгүй… Аливаа юманд хэмжээ хязгаар байдагчлан, ард олны тэсвэр тэвчээр ч туйлдаа хүрэх цаг байх нь гарцаагүй. Сонгогчид бид эрх баригчдаас амлалтыг нь шаардах бүрэн эрхтэй хүмүүс. Хэн ч гэсэн, та ч, би ч ялгаагүй, бүгд л эх орондоо Эзэн шиг байж, гэр бүлдээ “Хүн шиг” амьдармаар байна!

Д.Мигаа


Нийтлэсэн: WEB ADMIN

URL:

Сэтгэгдэл бичих