МАН “Давхар дээл”-ийг эсэргүүцэн жагсана
УИХ-ын Хаврын чуулган эхэлж буйтай холбогдуулан МАН-аас Засгийн газраа хянаж чадахгүй УИХ-тай болсныг шүүмжилж, “Давхар дээл”-ийг дан болгохыг эрх баригчдаас шаардан жагсаал зохион байгуулахаар болжээ. Энэхүү эсэргүүцлийн жагсаал маргааш 10.00 цагт Чингисийн талбайд эхлэх гэнэ. Жагсаалд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, нарийн бичгийн дарга Х.Булгантуяа тэргүүтэй тус намынхан оролцох аж.
Монгол Ардын Намын зүгээс улс эх орныхоо тусгаар тогтнол, язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдлын төлөө өөрийн намын байр суурийг өнөөгийн эрх баригч хүчинд удаа дараа тууштай илэрхийлэн, улс төр, нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй тулгамдсан асуудлуудыг хамтын хүчээр шийдвэрлэх асуудлаар бүтээлч санал санаачилгуудыг гаргасан. Гэвч “Шинэчлэлийн” Засгийн газрын зүгээс огтхон ч анхаарч үзээгүйгээс улмаас ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтсоор байна. Н.Алтанхуягийн Засгийн газар 19 гишүүнтэй. Тэдгээрийн 17 нь давхар дээлтэй. Давхар дээлийг тайлах асуудлыг өнгөрсөн жилээс ярьсан ч өнөөдрийг хүртэл шийдэлд хүрээгүй л байна. Тиймээс Засгийн газрын “давхар дээл”-ийг тайлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг хэрэгжүүлэх цаг болсон хэмээн үзэж, энэ асуудлыг УИХ-аас яаралтай шийдвэрлүүлэхийг шаардаж МАН-аас уг жагсаалыг зохион байгуулахаар болсон байна.
URL: