“Дөл түшиг” ХХК иргэдийг “хулхидаж” их хэмжээний хохирол учруулжээ
Хятад эзэнтэй “Дөл түшиг” ХХК иргэдийг “хулхидаж” их хэмжээний хохирол учруулж байгаа ноцтой үйлдэл нь илэрчээ. Тодруулбал: Өнгөрсөн баасан гаригт ирсэн “Дөл түшиг” ХХК-иас арматур, катенг авах үед зарж буй бүтээгдэхүүнээ жинлүүлэхгүй байсан, тухайн бүтээгдэхүүн нь бичигдсэн хэмжээнээс дутсан гэх гомдлын дагуу өнгөрсөн даваа гарагт ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатар бусад албаны хүмүүсийн хамт тухайн компанийг шалгасан байна.
Гомдол гаргасан иргэн Г.Отгонбаатар: -”Арматур төмөр, катенг зах зээлийн үнээс арай бага байсан тул утсаар холбогдон очиж үзэхийг хүссэн. Гэтэл үзэх шаардлагагүй, мөнгөө дансаар шилжүүл гэсэн. Тэгээд мөнгөө шилжүүлээд авахдаа хэмжиж үзэх гэтэл худалдаж байгаа хятад нь “Манайх маапаангүй. Пүүлүүлэхгүй.
Авах албагүй бол больчих” гэсэн. Мөнгөө шилжүүлээд, нэгэнт энд ирчихсэн болохоор авахаас өөр арга байгаагүй. Замдаа пүүлүүлээд үзтэл тонн тутмаас 80 кг дутсан. Манайх 11 тонн арматур төмөр, 1716 кг катенг авсан. Бидний хувьд тийм ихээр аваагүй байхад ийм хэмжээний дутаж байна. Гэтэл эднийхээс хичнээн хүн ингэж зөрүүтэйгөөр үйлчлүүлж, хохирч байгааг мэдэхгүй. Тиймээс шалгуулахаар өргөдөл өгсөн.” гэж ярьсан юм.Тиймээс уг гомдолын дагуу ШӨХТГ-ынхан “Ургах наран хороолол”-ын урд байрлах “Дөл түшиг” ХХК-д очиход “Манай компанийн зүгээс асуудал байхгүй. Тонн арматур тутмаас төмрийн хорогдол гэж 20 кг зөрүү гардаг. Бүх газрын пүү ийм л байдаг. Худлаа гэвэл та нар утасдаад “пүүлээд авья” гээд хэлээд үз. Тэгж өгдөг газар гэж хаа ч байхгүй”. Тиймээс манайх шалгуулаад байх шаардлагагүй.” гэсэн байна.
Харин ШӨХТГ-ынхан иргэн Г.Отгонбаатарын авсан 1760 кг бүхий катенгийг авч Баянзүрх дүүрэгт байрлах “Авто пүү” гэсэн газарт очиж хэмжүүллээ. Гэтэл 80 кг дутсан байна.
Тиймээс ШӨХТГ-ынхан тус компанийг хариуцан ажилладаг хүнийг өнгөрсөн даваа гараг 15.00 цагт байгууллага дээр ирж уулз хэмээн дуудсан ч ирээгүй аж. Мөн Өчигдөр 10.00 цагт ир гээд бас ирээгүй гэнэ. Тиймээс тус коданид мэдэгдэх хуудас илгээжээ.
Ийнхүү мэдэгдэх хуудас илгээгээд Хятад эзэд ирэхгүй бол тогуулийн арга хэмжээ авч эхлэх гэнэ. Өөрөөр хэлбэл, дуудсан цагт ирээгүй учир албан тушаалтныг сая төгрөгөөр торгох эрх зүйн орчин байдаг аж. Харин тус компанийн хууль бус худалдааны арга хэрэглэсэн учир Өрсөлдөөний хуулийн дагуу тус компанийг 10 хүртэл сая төгрөгөөр торгож хариуцлага хүлээлгэж болох юм байна.
Ойрын өдрүүдэд барилгын ажил эхэлсэнтэй холбогдуулан арматур, катанг төмөр худалдан авч байгаа иргэд, аж ахуйн нэгжүүд газар дээр нь харж байгаад хэмжүүлж авах шаардлагатай болжээ.
URL: