Энэ шоу юу эсвэл…

Оюутолгой олз уу, эсвэл гарз уу. Зургаан жилийн туршид яригдсан Оюутолгойг энэ парламент шийдвэрлэж чадсан. Гэхдээ Монголд ашигтай гэрээ болж чадсан уу, үгүй юу. Хариу нь эргэлзээтэй. Эрдэмтэд дуу нэгтэйгээр Монголын талд ашиггүй гэрээ болсон тул цуцлах санал тавьдаг. Хэдийгээр УИХ-ын гишүүд цуцлахыг эсэргүүцдэг ч ашиггүй гэрээ болсон талаар асуудал хөнддөг. Харин Засгийн газар, тэр дундаа гэрээг үзэглэсэн гурван сайдад хэзээ ч хир халдааж байгаагүй.
Үнэхээр ч манай улсын баталсан хууль Оюутолгойд үйлчилдэггүй. Давуу эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж буй. Эцэстээ Оюутолгойн гэрээг сайжруулахаар болсон билээ. Энэ дагуу өнгөрсөн таван сарын хугацаанд Хувь нийлүүлэгчдийн гэрээнд ямар өөрчлөлт болон хөрөнгө оруулагч талуудын хувьцааг худалдах, шилжүүлэхийг хязгаарласан гэрээнд өчигдөр гарын үсэг зурав.
Төслийн хүрээнд хийгдэх нийт санхүүжилт болон зээлийн хувь хэмжээ 9.9 хувь нэмэх нь АНУ-ын инфляци байсныг өөрчлөн Лондонгийн банк хоорондох зээлийн хүү буюу LIBOR нэмэх нь 6.5 хувиар тооцохоор болжээ. Хэдийгээр өөрчлөлтийг өнөөдөр танилцуулж байгаа ч 2011 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн энэ тохиролцоог мөрдөх гэнэ. АНУ-ын инфляциар тооцох нь хамгийн эрсдэлтэй гэж үзсэн тул LIBOR тооцохоор хоёр тал тохиролцсон нь энэ.
LIBOR гэдэг нь Лондонгийн банк хоорондох зээлийн хүү бөгөөд Английн банкуудын холбооны гишүүн дэлхийн 204 банкны тодорхой хугацаатайгаар аливаа валютын зээл авахад төлөх дундаж хүү аж. Дэлхий нийтэд хамгийн тогтвортой хүү хэмээн нэрлэгддэг. LIBOR-ын дундаж жишиг нь хоёр хувь. Энэ оны зургаадугаар сарын 1-ний байдлаар 1.2 хувь байлаа. Хэдийгээр хүү буурсан боловч Хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгагдсан хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн гэх мэдээлэл бий.
Анх хөрөнгө оруулалтыг 2.7 тэрбумаар тусгасан байсан. Гэтэл зургаан тэрбум ам.доллар болж өссөн гэх. Хэрэв энэ үнэн бол хүү буурсан ч хөрөнгө оруулалт нэмэгдэхэд Монголын талд ашиггүй. Харин ч өмнөхөөсөө дордсон байж мэдэх талаар эрдэмтэд ярьж байна. Түүнчлэн гэрээнд өөрчлөлт оруулахдаа дэлхийн эдийн засаг, санхүүгийн байдлаас шалтгаалан хэрэв Лондонгийн банк хоорондох зээлийн хүү компани болон хувь нийлүүлэгч талуудад өндөр өртөгтэй болсон тохиолдолд компани санхүүжилтийн эрсдлээс хамгаалах үүднээс санхүүжилт болон зээлийн хүүгээ долоон жил тутам дахин судалж хэлэлцэхээр болсон талаар өчигдөр гурван сайд мэдээлж байсан.
Гэрээнд орсон бас нэг өөрчлөлт нь Монголын тал төсөлд шаардлагатай нийт мөнгөн хөрөнгийн өөрт ноогдох хэсгийг ямар ч үед гаргах эрхтэй боллоо. Өмнө нь, төслийн гол санхүүжүүлэгч “Айвенхоу” группын санхүүжилтийн төлөвлөгөөнд сөргөөр нөлөөлөхгүй, манай талаас нийлүүлэх санхүүжилтийн нөхцлийг “Айвенхоу Майнз Лимитед” хүлээн зөвшөөрсөн, Монголын олсон санхүүжилт хөрөнгө оруулагч талаас хийсэн санхүүжилтээс илүү таатай нөхцөлтэй байвал дээрх эрхээ эдлэхээр тусгасан байв. Энэ удаад Монгол хэдийд ч, ямар нэгэн шалгуур хангалгүйгээр төсөлд санхүүжилт хийх эрхтэй болжээ.
Мөн манай талын санхүүжилт хийх нөхцлийг бүрдүүлэх үүднээс жил бүрийнхээ үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийг батлахдаа ирэх 12 сарын хугацаанд төсөлд шаардлагатай мөнгөн хөрөнгийн хэрэгцээний тухай ТУЗ болон хувь нийлүүлэгч талуудад танилцуулж байхаар гэрээнд нэмэлтээр оруулжээ. Монгол Улсын Засгийн газар өнөөгийн нөхцөлд Оюутолгой төсөлд санхүүжилт хийх боломжгүй байгаа ч ирэх 50- 60, түүнээс ч илүү жилийн хугацаанд өрнөх олборлолтын ажилд ямар нэгэн шалгуур хангалгүйгээр хөрөнгө оруулах эрхтэй болж буй юм.
Гуравдагч этгээдээс авах төслийн санхүүжилтийн тухайд компани нь олон улсын банкны зах зээлээс Оюутолгой төслийн хувьд үр өгөөжтэй, зохистой гуравдагч этгээдийн төслийн санхүүжилтийг тэргүүн ээлжинд авч ашиглах заалтыг нэмж тусгажээ. “Айвенхоу Майнз Лимитед” хөрөнгө оруулалтын нэлээдгүй банк, институтэд хандаж, бага хүүтэй санхүүжилт олохыг хүссэн боловч үр дүнд хүрээгүй. Уг нь зуучлагчаар дамжуулалгүй, шууд банк, санхүүгийн институтээс төслийн санхүүжилтийг авах нь илүү үр дүнтэй. Гэвч энэ санаа хэрэгжээгүй. Иймээс компанид үр ашигтай байхын тулд гуравдагч этгээдээс санхүүжилт авах байв. Иймд гэрээнд энэ талаар тодорхой зааж, цаашид гуравдагч этгээдээс санхүүжилт авах тохиолдолд ямар нэгэн зуучлагчаар дамжуулах, санхүүжилтийн өртөг зардалд аливаа хураамж ногдуулах, давхар ашиг хийхийг хоригложээ.
Мөн “Оюутолгой”-н хувьцаанд өөрчлөлт оруулах, бусдад шилжүүлэхдээ заавал Монгол Улсын Засгийн газарт мэдэгдэж, тохиролцсоны үндсэн дээр шилжүүлж байхаар өөрчилжээ. Мөн давуу эрхийн хувьцааг бий богосноор Монголын талын эзэмшлийн 34 хувь буурна, буурахгүй гэх маргааныг цэглэх үүднээс Хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгагдсан байсан давуу эрхийн хувьцаатай холбоотой заалтыг хассан байна. Иймээс ямар ч тохиолдолд Монголын талын эзэмших 34 хувь буурахгүй гэдгийг гурван сайд амлаж байлаа.

Л.Нинжсэмжид


URL:

Сэтгэгдэл бичих