Цэвэрлэх байгууламжийг цэвэрлэх газар алга

2013091810385762БАЙГУУЛАМЖААС ГАРЧ БУЙ БОХИР УС СТАНДАРТААС ӨНДӨР БАЙНА

 

Шинэ цэвэрлэх байгууламж барих нь нэн түрүүнд тулгамдаж буй асуудал хэмээн Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн хэлж байсан. Төв цэвэрлэх байгууламжид Мэргэжлийн хяналтын газраас улиралд нэг удаа шалгалт хийдэг байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хийсэн шалгалтаар тус газрыг хүчин чадалдаа тохирсон хэмжээний бохирыг цэвэрлэдэг гэжээ. Байгууламжаас гарч байгаа усанд химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ 9.4-12.6 дахин их, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ 8.82-9.8 дахин их гэсэн дүгнэлт гарсан байна. Мөн Ус сувгийн удирдах газрын харъяа цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир усны шинжилгээг сүүлийн гурван жилийн шинжилгээний дүнгээр харьцуулахад төв цэвэрлэх байгууламж стандартад заасан хэмжээнээс өндөр байгаа аж.

Ийнхүү бохирдолтын хэмжээ их байгааг мэргэжлийн хүмүүс тайлбарлахдаа иргэд болон аж ахуйн нэгжүүд химийн найрлагатай бүтээгдэхүүн ихээр хэрэглэх болсонтой холбодог. Тэрхүү бохирдолтыг 98 хувь хүртэл цэвэрлэх техникийн хүчин чадал хүрэлцэхгүй байгааг албаныхан хэлсээр байгаа юм. Мөн Сонгинын гүүрийн ойролцоо исэлдэх чанар, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, химийн хэрэгцээт хүчилтөрөгч, шим бохирдлын үзүүлэлтүүд, гэдэсний бүлгийн савханцрын бохирдол их байгааг шалгалтаар илрүүлсэн байна. Цэвэрлэх байгууламжийн ойролцоо амьдардаг оршин суугчид өвөлдөө утаанд, зундаа бохирын үнэрт хордож байгаагаа хэлж байлаа.

Горимын дагуу ажиллаж чадахгүй байгааг тэд хүлээн зөвшөөрдөг ч энэ нь үндсэн болон туслах тоног төхөөрөмж, шугам хоолой хаалт арматурууд хуучирч зэвэрсэн, барилга байгууламжуудын дотор засал, хаалга, цонх, шал  элэгдэж муудсан, зарим худаг таггүй байгаагаас хог шороо орох, хүн мал унаж гэмтэх нөхцөл бүрдсэнтэй холбон тайлбарлаж байна. Мэргэжлийн хяналтынхан цэвэрлэх байгууламжийн шугам сүлжээнд байнга үзлэг шалгалт явуулж, гурван жил тутам засвар үйлчилгээ хийгээгүй, илэрсэн зөрчлийг арилгаагүйг тогтоосон байна. Зөрчлөө арилгаж чадахгүй байгаа нь өнөөх л тоног төхөөрөмжийн элэгдэл хэмээн албаныхан тайлбарлалаа. Энэ нь шинэчилж, сайжруулах зайлшгүй шаардлага тулгарч буйг илтгэнэ.

 

ТУУЛ ГОЛЫН БОХИРДОЛТ НЭМЭГДСЭЭР

 

Нийслэл болон аймгуудын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжуудийн цэвэрлэгээний үр дүн хангалтгүй байгаагаас Туул голын усны бохирдолын төвшин нэмэгдэж байгаа тухай ярьдаг. Мөн цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир усыг хаядаг орчны хөрс гэдэсний бүлгийн нянгаар бохирдсон байгаа нь хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх төвшинд хүрсэн байна. Нийслэл хотын  ариутгах татуургын төвлөрсөн  шугам сүлжээнд ахуйн болон үйлдвэрийн бохир уснаас гадна хурын болон хөрсний усыг цэвэрлэлгүйгээр шууд нийлүүлж байгаа нь төв цэвэрлэх байгууламжид хүчин чадлаас илүү ачааллыг үүсгэдэг тухай Төв цэвэрлэх байгууламжийн албаны инженер Ц.Болд хэлсэн юм. Энэ нь ус цэвэрлэгээний төвшинд муугаар нөлөөлж, бохир усыг стандартын дагуу цэвэрлэж чадахгүйд хүргэж байгаа аж.

Нийслэлийн цэвэрлэх байгууламжууд хүчин чадлаа харилцан адилгүй ашигладаг ба тоног төхөөрөмж хуучирсан, цэвэрлэгээний төвшин шаардлагын хэмжээнд хүрэхгүй байгаа нь бүрэн цэвэрлэгдээгүй бохир ус голын усанд  нийлж байгал орчныг бохирдуулж байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч Т.Отгон хэллээ. Тэрээр арьс шир боловсруулах, ноос, ноолуур угаах үйлдвэрүүдийн бохир ус төв цэвэрлэх байгууламжийн биологийн цэвэрлэгээний үйл ажиллагааг доголдуулж, цэвэрлэгээний чанар, үр дүнд муугаар нөлөөлж байгаа гэв. Тоног төхөөрөмж муудсанаас гадна хана, тааз нь хэзээ нурахыг мэдэхгүй ч ажиллагсад нь бохироо гараараа цэвэрлэн ажиллаж байгаа талаар бид өмнө нь хүргэсэн. Байгуулагдсан цагаасаа хойш дорвитой засвар үйлчилгээ хийж байгаагүй. Өөрийн хөрөнгөөр урсгал засвар хийсээр өдийг хүрсэн тухай ч ярьдаг. Тиймээс шинэ цэвэрлэх байгууламж барихыг хүлээж буй. Харин тэрхүү байгууламжаа барих 50 га газар бэлэн аж.

Нийтлэлч: Ч.Оюунчимэг

Эх сурвалж: Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих