ШӨХТГ ломбардтай холбоотой хуулийн төсөл боловсруулжээ
Шинэчлэлийн Засгийн газрын 11-11 төвд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай оролцож, иргэдийн асуултад хариулах үеэр 5300 гаруй иргэн утсаар болон цахим хэлбэрээр хандаж, мэдээлэл авлаа.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаж ирүүлсэн өргөдөл гомдлын дийлэнх хувийг барилга, орон сууцны чанар, үнэтэй холбоотой асуудал эзэлдэг аж. Орон сууцны метр квадратын үнийн асуудлыг ярьж эхэлснээс хойш нэг тэрбум гаруй төгрөгийн хохирлыг барилгын компаниудаас гаргуулж иргэдэд олгосон байна.
Мөн тус газарт “барьцаалан зээлдүүлэх газраар үйлчлүүлээд хохирлоо” гэсэн гомдол ихээр ирдэг бөгөөд энэ үйл ажиллагааг хянаж зохицуулах хууль байдаггүй байна. Иймээс тус газраас барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний тухай хуулийн төсөл боловсруулжээ.
Уг хуулийн төсөлд ломбард нь үйл ажиллагааны талаар ташаа сурталчилгаа хийх, үл хөдлөх хөрөнгө барьцаалах, иргэний бүх төрлийн баримт бичиг, хуулийн этгээдийн үүсгэн байгуулахтай холбоотой баримт бичиг барьцаалах, насанд хүрээгүй хүнд зээл өгөх, барьцааны хөрөнгөнөөс шалтгаалан зээлийн хүүг ялгамжтай тогтоох, шөнийн цагаар ажиллахыг хориглосон зүйл заалтуудыг оруулж өгсөн гэлээ.
URL: