Үнэгүй бүхнээс ТАТГАЛЗ!
Бид цахим ертөнцөд хөл алдахын хэрээр улс дамнасан ноцтой гэмт хэргийн золиос болох магадлал нэмэгдсээр байдаг аж. Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн өөрийн цахим хуудсаараа дамжуулан энэ тухай мэдээлж, та биднийг таагүй хэргийн золиос болохгүйн тулд ямар арга хэмжээ авах, юу хийх ёстой талаар анхааруулга, сэрэмжлүүлгийг өгсөөр байгаа юм. Учир нь цахим ертөнц гэдэг дэлхийг хэрсэн сүлжээ.
Хар, цагаан, шар арьстай хэн ч, ямар ч тивд амьдардаг байлаа гэсэн өөрөө л анхаарал болгоомжтой байхгүй бол энэ хэргийн хохирогч, золиос болох эрсдэлтэйгээрээ бусад төрлийн гэмт хэргээс ялгаатай бас аюултай. Энэ тухай баримт хүргэхэд саяхан Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст манай улсын иргэн хандаж, энэ гэмт хэргийн золиос болсон тухайгаа мэдэгджээ. Иргэддээ сэрэмжлүүлэг болгох үүднээс болсон явдлыг сийрүүлж байна. Хохирогчийг А хэмээн тодотгов.
“Би Facebook хаягаар Лондонд амьдардаг, “Сони электроникс” компанид менежер хийдэг гэж өөрийгөө танилцуулсан гадаадьш иргэнтэй танилцаж чаталж байсан юм. Энэ нь миний англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх гэсэн хувийн бодол минь байсан. Тэгтэл тэр хүн чамд нэг бэлэг явуулсан гэсэн.Үүнээс хурав хоногийн дараа +60164629030 утаснаас мессеж ирж “Малайзаас бичиж байна. Таны бэлгэн дотор их хэмжээний бэлэн мөнгө илэрсэн тул хилээр нэвтрүүлэхэд хүндрэл учирч байна. Таны бэлэгний дугаарыг хурааж авсан. Чөлөөлөхөд 2550 доллар хэрэгтэй. Хэрэв мөнгөө төлөхгүй ажлын гурав хоног өнгөрвөл хүү бодож та өрөнд орно. Ийм учраас мөнгөө төлсөн тохиолдолд таны бэлгийг явуулна” гэсэн юм. Иймээс өрөнд орох нь гэж айхдаа мөнгийг нь төлсөн. Гэтэл мөн л удалгүй “Таны бэлгийг Монголд очтол аюулгүй байлгах үүднээс 2300 доллараар даатгана. Мөн НӨАТ-ын 3000 доллар төлөх шаарддагатай. Хэрэв энэ мөнгийг төлбөл бэлгийг чинь Монгол руу явуулна. Төлөхгүй бол та их хэмжээний өрөнд орохоос гадна таныг олон улсын шүүхэд өгнө” гэсэн. Би айхдаа мөн л зээл авч, мөнгийг нь явуулчихсан. Удалгүй “Таны бэлгийг нэг цагийн дараа явуулна” гэсэн цахим шуудан ирсэн ч орой нь “Таны бэлгэн дотор их хэмжээний мөнгө байгаа учир та мөнгө угаах гэмт хэргээс сэргийлэх зорилгоор сертификат авах ёстой. Энэ сертификат 14700 доллар үүнийг даруйхан төл. Тэгэхгүй бол таныг Олон улсын арбитрийн шүүхэд өгнө” гэсэн цахим шуудан ирсэн. Би энэ захиаг уншаад цагдаагийн ажилтнаас асууж зөвлөгөө авахаас аргагуй болсон. Мөн бэлэг явуулсан гэх хүн рүү холбогдож “Чиний бэлэг надад хэрэггүй. Түүнийгээ буцааж ав” гэсэн. Учир нь тэр хүн энэ хэрэгт бас холбоотой юм шиг санагдсан. Яагаад гэвэл намайг ийн бичтэл тэрбээр “Мөнгөний 7000 долларыг нь би төлье. Харин үлдсэнийг чи төлөхгүй бол маргаашнаас тэд чамайг баривчилж шоронд хийх болно” гэсэн утгатай мессеж мөн цахим шуудан ирүүлсэн. Одоо ч тэр шуудан ирсээр байгаа. Би “Надад төлөх мөнгө байхгүй гэсэнд маргаашнаас эхэлж таныг шүүхэд өгнө. Тэгээд та шоронд суух болно гэсээр байна. Би одоо яах вэ?” хэмээн ярьжээ.
Иймээс цагдаагийнхан энэ хэргийг анхааралдаа авч монголчууддаа хандан “Гадаадын аль нэг байгууллагаас манай улсын иргэнийг ямар нэг асуудалд холбогдуулан шалгах тохиолдолд заавал тухайн улсын төрийн холбогдох байгууллагаар дамждаг учир доорх шиг зүйл тохиолдвол итгэж ямар нэг хариу үйлдэл хийхгүй байх ёстой” хэмээн анхааруулж байна.
Ер нь ганц энэ тохиолдол ч биш өөр зүйлээс болж иргэд хохирч байгаа аж. Тухайлбал, таны цахим шуудан, гар утсанд их хэмжээний мөнгө хожсон, хэн нэгэнд туслаач, та лоттерэйд хожлоо гэх мэт мессежүүд ирдэг бол энэ нь смишинг буюу гар утасны залилангийн гэмт хэрэг юм байна. Эдгээр гэмт этгээдүүд дээрх мессежийг илгээхдээ Google Translate ашиглаж Монгол хэл рүү текстээ хөрвүүлж илгээдэг бөгөөд иргэд өөрсдийн, цаашлаад дансны мэдээллээ явуулснаар хохирогч болдог ажээ. Түүнчлэн сүүлийн үед Фэйсбүүк орчинд өөрийн гэсэн хуудсыг үүсгэж өөр өөрийн чиглэлээр мэдээ, мэдээлэл түгээх болсон. Харамсалтай нь 10,000-аас дээш Like цуглуулсан хуудсууд нууц үгээ алдах тохиолдлууд бүртгэгдэж байна.
Энэ нь гадаад улс оронд түгээмэл байдаг бөгөөд вирус буюу хортой код болон бусад шалтгаанаас өөрийн нууц үгээ бусдад алдаж байна гэсэн үг аж. Тэр ч бүү хэл зарим иргэн өөрийн мэдээллээ алдсан тохиолдолд 100-200 евро төлөх болдог ажээ. ТИЙМЭЭС ЦАХИМ ЕРТӨНЦӨӨР АЯЛАГЧДЫГ СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА.
Т.Тамир
Эх сурвалж: Өдрийн шуудан
URL: