Зөвшилцөл, эв нэгдэл чухал
МАН бол, Монгол Улсаа харийн түрэмгийллээс чөлөөлж, тусгаар тогтнуулж Монголын ард түмэнд эрх чөлөө эдлүүлэн, улс орноо удирдан хөгжүүлсэн гавьяатай билээ. 1920 оны зургадугаар сарын 25-ны өдөр хоёр нууц бүлгэмийн гишүүд нэгдэж Монгол Ардын Намыг байгуулж намын мөрийн хөтөлбөр, дүрмийн чанартай баримт бичиг болох “Намын хүний дагаж явах тангаргийн бичиг” гаргасан ба “Монгол Ардын нам” хэмээх соёмбот тамгатай болсон нь түүхийн үнэн юм.
Намын гишүүд, мөрийн хөтөлбөр тангаргаа биелүүлж нууц байдалд ажиллаж Монгол Ардын нам хэмээх улс төрийн байгууллагын зохион байгуулалтад орох анхны алхмыг хийцгээсэн. 1921 оны гуравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд болсон хувьсгалчдын зөвлөлгөөн, намын гишүүдийн хурлаар хөтөлбөр (тангараг)-аа бага зэрэг засамжлан “Монгол Ардын намаас түмэнд тунхаглан зарлах бичиг” хэмээн баталж, Монгал Ардын намын Төв хороог сонгосон нь Монгол Ардын намыг зохион байгуулалтад оруулсан хэрэг юм.
Тэр үед намын гишүүд, нийслэлд ажиллаж байсан гишүүдийг оруулахгүйгээр 26 хүн байсан тухай судалгаа тоо байдаг.. Монгол Ардын намын харилцааны нууц түлхүүрээс үзэхэд намын гадаад, дотоод харилцааны хүрээ чиглэл нь өргөн, идэвхтэй явагдаж байсан нь харагддаг.
Монгол Ардын нам үүсэн байгуулагдсан цагаас эх орноо харийн дайснаас чөлөөлж ардчилсан зacaг төрөө байгуулан бэхжүүлж, ард түмэндээ эрх чөлөө олгох улс эх орондоо нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын бүхий л өөрчлөлт шинэчлэлийг удирдан хөгжүүлсэн 90 гаруй жилийн түүхэн замналыг туулж ирсэн нь түүхийн няцаагдашгүй үнэн үйлс билээ.
1925 онд хуралдсан намын их хурлаас намын нэрэнд “Хувьсгалт” хэмээх үг нэмэн 1921 оны гуравдугаар сарын 1-нд Тронцковекод болсон зөвлөлгөөнөөр Монгол ардын хувьсгалт нам байгуулагдсан гэж үзэж байхаар тогтнож, түүнийг намын “Анхдугаар хурал” хэмээн үзсэн нь уг чанартаа Коментерний явуулаг, тулгалтаар Монгол Ардын намыг зөвхөн хүчирхийлэл хэрэглэхийг зөвтгөсөн утгаар ашиглах гэсэн үндсэн дээр “Хувьсгалт” гэсэн үг нэмэн оруулсан хэрэг.
Ер нь тэр үеэс авахуулаад хоосон хувьсаргах “Урдны харгис дайснуудыг улаан хувьсгалаар сөнөөн дарцгаая” хэмээн сэтгэл нь хөөрч омогшсон залуус уриа лоозон хашгирч тайж нар болон урьдны хуучин төрийн ноёд, түшмэл, явагчдыг занан давшилж байсан даа. Тийм байдлыг нүдээр үзэж чихээрээ сонссон гэрч нь би байна.
Нэг зун манай ойролцоо нутаглаж байсан Загд тайж гуай манайд ирээд хэдэн залуус “Чи харгис” гэж загнаад гарав. Би хүнийг харгислаж байгаагүйг та нар мэднэ дээ” хэмээн бараг нулимсаа унагаж байсан санадаг юм. Ингээд бодохоор “Хувьсгалт” гэдэг бол Монголд хүчирхийлэл, хэлмэгдүүлэлт явагдахын дохио удиртгал хөгжсөн мэт.
Манай намын нэрэнд “Хувьсгалт” гэдэг үг байгаа нь гадна, дотны хүмүүст таагүй сэтгэгдал төрүүлдэг байсан нь нууц биш. Иймээс “Хувьсгалт” гэдэг үгийг намын нэрээс хасч “Монгол Ардын нам” хэмээн уугуул нэрийг хэрэглэх болгосон МАХН-ын их хурлын шийдвэр зөв байв. Намын ихэнх гишүүд болон Монголын олон түмэн иргэд дэмжсэн дээ.
МАН түүхэндээ эв нэгдэлтэй байсан бөгөөд намын дарга асан Н.Энхбаярын түлхээсээр МАХН гэгчийг байгуулснаар намын нэгдэлд хохирол учруулж улс орны зон олны сэтгэл санаа эв нэгдэлд ч сэв суулгав.
Улсын Дээд шүүхээс МАХН гэгчийг бүртгэсэн шийдвэр бол бодит түүхийг зөрчсөн харалган явдал байв. Ер нь энэ нам байгуулагдсан гэх тэр өдрөөс түүх нь эхэлнэ үү гэхээс биш, МАН-ын анх байгуулсан өдөр, туулсан замналд даанч хамааралгүй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, намын дарга байсан хүн маань уугуул намаасаа гарч хэсэг хүмүүсийг дагуулж МАХН гэгчийг байгуулсан нь олон нийтийн сэтгэлийг хоёрдуулсан ноцтой алдаа, улс орны амьдралд таагүй нөлөө үзүүлсэн бусармаг үйл гэхээс өөрөөр үзэх аргагүй.
Н.Энхбаярыг бараадсан намын гишүүн хэдэн нөхдийг гэнэт л МАН-ынхаа дүрэм хөтөлбөр, зорилт, бодлогыг зөвшөөрөлгүй болоод нүүр буруулсан гэж арай үзэж болшгүй. Намын нэрээс “Хувьсгалт” гэдэг үгийг хассанаар МАН-ын зорилго, бодлого уг чанар өөрчлөгдөөгүй хэвээрээ намын гишүүд Монголын олон түмний дэмжлэг хүлээсээр улс орны амьдралд шийдвэрлэх улс төрийн том хүчнийхээ үүргийг урьдын хэвээр гүйцэтгэсээр байна.
Н.Энхбаяр болон түүнийг дагасан гишүүд намын нэрээс “Хувьсгалт” гэснийг хассанд дургүйцэж намын их хурлын шийдвэрийг буруу хэмээн үзэж байсан бол түүнийгээ намын дотор, гадна бүхий л хэлбэрийг ашиглан уг шийдвэрийг өөрчлүүлэх хүртэл тууштай тэмцэл явуулах бүрэн боломж нөхцөл нээлттэй байсан шүү.
Харин тэд, ийм арга сонгоогүйн учир бол ирээдүйн албан тушаал, алдар нэрийн төлөө хий мөрөөдөн зарим нь намын өмнө хариуцлага алдаж ямар нэг зэмлэл хүлээхэд хүрсэндээ гонсойн гомдож зөвхөн хувийн явцуу ашиг сонирхолдоо хэт хөтлөгдсөн хүмүүс байсан нь амьдралын явцад ил болсон биш үү.
Тэдний дотор Н.Энхбаярыг өндөр эрх мэдэлтэй байх үед даган баясч хойноос нь хормойдож нэг ёсондоо барьцаанд орсон хүмүүс байсан бололтой. Хувиа бодсон, арчаагаа алдсан зарим нь хонзогнож Монгол Ардын намын эсрэг юу ч хийж, яаж ч гүтгэн муучлахаас буцахгүй эрээ цээргүй бурж явахыг хараад өмнөөс нь ичмээр.
Энэ бол улс төрийн баримжаа чигээ хэдийнээ алдсан харалган тэр хүмүүсийн оролдох ажил нь даа гэж эрхгүй бодогдоно. МАХН гэгчийн үйл ажиллагаа цаашид хэрхэн өрнөж улс орныхоо ирээдүйн хөгжил цэцэглэлтийн төлөө юу хийж бүтээх нь бүрхэг л байна. “Хувьсгалт” гэдэг нэрээр туг болгосноор Монгол оронд “Хувьсгал” хийхийг оролдох зорилготой юу гэвэл арай ч тийм үгүй байх.
Тус намын хэдэн гишүүн нь УИХ-д сууж, бас хэд нь Засгийн газрын яамдын сайд, орлогч, агентлагт дарганцар болцгоон Ардчилсан намын Засгийн газрын дохио зангаагаар хөдлөн цагийн байдлыг ажсан мэт байдалтай явцгааж байх шив дээ.
МАХН-ын нөгөө хэрэгжүүлэхээр гаргаж дуулиан болгон байсан таван зорилт юу болсон бэ гэдгийг олон түмэн асуух нь мэдээж. Одоо тус намын бодлого улс орны амьдралд төдий л тулхтай байр суурийг эзлэн хэрэгжинэ гэсэн итгэл үнэмшил Монголын олон нийтэд байгаа юм уу. Миний хувьд, МАН-ын олон гишүүний адил итгэл үнэмшил төрдөггүй юм.
МАХН гэгч нь Монгол оронд Ардчилсан намын шинэчлэлийн Засгийн газрын явуулж буй бодлогыг наминчлан дагаж байгаагаас биш түүний алдаа, доголдол болон эдийн засаг, ард түмний амьдралыг сайжруулах талаар тодорхой ахиц гарахгүй улам дордсоор байгаагийн шалтгааныг зөв харж шүүмжлэн засч залруулах талаар өөдтэй санал санаачилга гаргахгүй, тун хариуцлагагүй ажиллаж байна.
Дашрамд дурдахад, тус намынхан Сүхбаатарын талбайг Чингисийн нэрээр нэрлэсэн болон Д.Сүхбаатарын хөшөөг буулгах тухай зэрэгт таг дуугүй байх нь өөрсдөдөө ач холбогдолгүй гэж үзсэнийх болов уу гэж гайхдагаа зөвхөн дурдъя. МАХН-ын удирдлагууд, харин МАН-ын үйл ажиллагаанд хөндлөнгөөс хошуу дүрж шүүмжлэх аядан “сөрөх хүчин” болж байгаа ч юм шиг аяглах нь олон нийтэд яагаад ч таатай сэтгагдэл төрүүлэхгүй байгааг ухаармаар сан.
Н.Энхбаяр бол нам ард түмний итгэл, хүндэтгэлийг хүлээж явсан улс төрийн боловсрол, туршлага, оюуны өндөр чадавхи, мэдрэмж, тэмүүлэлтэй удирдагч байсан хүн. Одоо Монгол орны нийгэм, улс төрийн амьдралд зөвшилцөл, эвлэрэл, нэгдэл л хамгийн чухал шийдвэрлэх хүчин зүйл болоод байгааг ухаарахгүй баймааргүй сэн.
Ер нь ямар ч нам, төрийн удирдах хүмүүс энэхүү бодит нөхцөл байдлыг ухаарч ойлгох цаг үе хэдийнэ болсон. Одоо улс орны амьдрал үүнээс өөрөөр оршин байх аргагүй болжээ. Монгол Улсыг зөвшилцөж нэгдсэн ухаалаг аргаар удирдах удирдлага л ирээдүйн хувь заяаг нааштай шийдвэрлэх нь тодорхой. Энэ нь МАН ба МАХН-ын тухайд бүр ч чухал ач холбогдолтой гэдгийг МАН-д алсээд 70 жил болсон гишүүн би онцгойлон хэлж сануулах үүрэгтэй гаж үзэв.
Цаг хугацааг өчүүхэн ч алдах эрх байхгүй улс орны одоогийн амьдрал биднээс үүнийг шаардаж байна.
Ухаарагтун
Зөвшилцөгтүн
Эвлэрэн нэгдэгтүн
Хүсвэл бүтнэ хэмээн бэлгэдэн ерөөе.
Эрдэмтэн, профессор
Дамбын Цогт-Очир
URL: