Нуралт
1921 оны хоёрдугаар сард, өөрөөр хэлбэл, ардын хувьсгалаас таван сарын өмнө Барон Унгернтэй хамжилцан Нийслэл хүрээг гамингаас чөлөөлсөн монгол цэргийн жанжин, сэргээгдсэн Богд хаант автономит Монгол Улсын Сангийн сайд, тэргүүн тайж Лувсанцэвээн нарын 80-аад хүнийг 1921 оны долдугаар сард устгаснаар ар Монголд далан жилийн гай нүүрэлжээ.
Дараа нь 1921 оны арванхоёрдугаар сард, өөрөөр хэлбэл, хувьсгал мандсан гэх 1921 оны долдугаар сарын 11-нээс хойш дөнгөж таван сарын дараа “Богдын сэм дэмжлэгтэйгээр ардын засгийг эсэргүүцэн босохоор бэлтгэж байсан” гэх зохиомол ялаар Богдын торгон цэргийн дарга саж лам Жамъянданзан нарын 48 гэмгүй хүнийг буудан хороосноор улаан Оросын яргалал улангасчээ. Зөөлрүүлж хэлбэл хэлмэгдэл нээлтээ ийнхүү бурхны шашинт хүлцэнгүй ядуу оронд бадрангуй хийв.
Нээлтээ хийснээс хойш наймхан сарын дараа буюу 1922 оны наймдугаар сард хувьсгалт аллага улам гаарч, халхуудыг цустай нь нилийтэл хутгасан нь оросууд их яарсан болтой. Гэхдээ үүнийг яргалал биш хэлмэгдэл гэж бичих ёстойг би мартах гээд л байна. Цаазлуулагчдын дунд Ерөнхий сайд асан Бодоо, Дотоод яамны сайд да лам Пунцагдорж, Түр засгийн газрын Ерөнхий сайд асан Чагдаржав нар оржээ.
Товчхондоо манай удирдагчид. Үүнээс долоон сарын дараа 1923 оны хоёрдугаар сард Ардын цэргийн жанжин Д.Сүхбаатар сэжигтэй нас барав. Хамгийн хачирхалтай нь Д.Сүхбаатарыг цэргийн яамны тэргүүн сайдаас орон тооны цомхотголоор албан байгууллагын манаач адил халж, гудманд сулдаа ганхах жанжнаар хаяжээ. Ажилгүй болсон цаг мөчдөө хорин хэдхэн настай эрүүл чийргээрээ гайхагдсан цэргийн Жанжин хамрын шуухинаагаар нас барсан нь эргэлзээ төрүүлдэг.
Эхлээд албан тушаалыг нь, дараа нь амийг нь авсан ч юм шиг. Сүхбаатарын үхэлтэй зэрэгцээд шахам 1924 оны дөрөвдүгээр сард Бээжинд Караханы гэрээ гэгч Зөвлөлт-Хятадын хэлэлцээр болж, “Монголыг Хятадын салшгүй нэг хэсэг” гэж хоёр тал хүлээн зөвшөөрч үзэглэсэн. Сарын дараа 1924 оны тавдугаар сард Богд хаан мөн учир битүүлгээр үхсэн. Гуравхан сарын дараа 1924 оны наймдугаар сард Солийн Данзанг буудан хороосон. Дараахан нь гурван улсын Хиагтын гэрээнд томилогдож, Орос Хятадын ихэмсэг дээрэнгүй түшмэдтэй үзэлцэж явсан Ширнэндамдин, егзөр хутагт Галсандаш, манзушир хутагт Цэрэндорж, баатар гүн Гомбо-Идшин гэх зэрэг нөлөө бүхий язгууртныг буудаж, “ноёд”-ын гэх намыг устгасан байна.
Японоос болж монголчууд хэлмэгдсэн. Хүчжиж буй Япон нөлөөллөө тэлж эхэлсэн. Япон Манжгоо улсыг байгуулж, Баргыг автономит улс болгов. Өвөр монголчууд Японыг Хятадын эрхшээлээс чөлөөлөгч ахан дүүс гэж маш баяртайгаар угтсан. Тэдэнд Япон хайр зарлаж, бараа таваар бас бус зүйлээр хангаж, Японы сургууль соёлд Өвөр монголчуудыг олноор илгээсэн. Японы энэ халамжинд Кремль цочсон. Ар Монголын 100 гаруй мянган лам хувраг, арьсны үзэлтэй, Оросын болъщевик намд гомдож өширхсөн олон сэхээтэн-дарга нар, мөн мал хөрөнгөө хураалгасан нударган гэгдэгч малчид юун түрүү Сталин нарын толгойд зурсхийсэн нь мэдээж.
Лам нараа хуйгаар нь устга гэсэн командыг нь Гэндэн Амар нар ил далд эсэргүүцсэн. Тэдний бөөрийг Москвад гаргачихаад хулчгар Х.Чойбалсанд командаа тулгасан. Амиа золих зүрхгүй Х.Чойбалсан өөрөө л амь гарч байвал хичнээн түм буман хүн үрэгдэхийг тэгтлээ тоосонгүй. Ардын дайсныг алаад бай, гүйцэтгэе. Японы тагнуулыг буудаад бай, гүйцэтгэе. Алаад байлаа, буудаад байлаа. Зүв зүгээр мөрөөрөө хязгааргүй тал нутагтаа тархай бутархай аж төрж явсан, гэм нь олон малтай малчид гайхсан харцаар нэг их том хараад л буудуулж байв. Хуврагууд “Бид даанч тамтаггүй явж, сахил санваараа дэндүү бузарласан нүгэлтэй улс. Бидний буудуулах нь зөв өө” гээд буудуулж байсан гэдэг юм.
Дарга нарын хувьд тэд малчид лам нараас арай өөрөөр хэлмэгдэв. Баривчлагдсан дарга нар амь гарахын тулд барьсан дарга, байцааж тамалсан мөрдөн байцаагч нараа орос сургагчийг алах, Чойбалсанг алах даалгавар өгч байсан гэж сөргүүлэн гүжирдэж, нөгөөдүүл нь баривчлагдаж эхэлсэн. Ерөнхийдөө ийм нуралтыг монголчууд өөрсдөө зохиосон нь хачин. Хэцүү үед нөхрийн чанар танигдана гэдэг дээ. Ямар ч гэсэн эх орныхоо төлөө өөрийгөө дэлбэлээд хэдэн сургагч нухчих хүн гараагүй юм даг. Монголчууд харийн хар санааны идэш болгон бие биеэ барьж өгч байв.
Монгол дарга нар өөрсдийгөө хэрхэн хөнөөсний яруу тод жишээ бол Бүргэдийн Лосол. Алтайн гуйлгачин хүү орос худалдаачны ноос угааж, түлш түүж, гал тогоо барьж, мөн баян айлд зарцлагдаж яваад цэргийн албаар дамжин хувьсгалт нам засагт цалинтай ажилд ороод хөөрсөндөө маш идэвхтэй ажилласан. Ядуугийн зовлон хар нялхаас эдэлсэн Лосол үхтлээ зүтгэснээр дэвшээд эхлэв. Лосол хүү “дэвшинэ гэдэг чинь ийм амархан юм уу” гээд зүтгээд байж.
Нам засагт үнэнч гэж жигтэйхний хэрээр ардын дайсныг үзэн ядахдаа гаргууд. Сүүлдээ Дотоод яамны орлогч сайд болсон. Гэвч Лосолын жаргал охорхон байлаа. Шоронд тамлагдсан хүмүүсийн матаас гүтгэлгээр том дарга нар өдөр бүр баривчлагдсаар Лосолд тулж ирэв. Лосол энэ аюулаас бултахын тулд лам нар эсэргүүчүүдийг хайр найргүй яргалсан. Өвөрхангайн зэвсэгт бослого, Ж.Лхүмбийн Дорнод аймаг дахь бүлгийн хэрэг, Жамъянжав, Өлгий, Егүзэр хийдийн лам нарын хэрэг гэгч зохиомол хэрэг үүсгэн гэмгүй хүмүүсийг үй олноор устган итгэл олж авах гэсэн өөдгүй шаар. Онцгой бүрэн эрхтэй комиссын хуралд найман удаа Чойбалсанг орлон сууж 4510 хүний хэргийг тасалж, 3926 хүнд цааз өгч, 584 хүнийг олон жил шоронд хатаахаар шийтгэсэн.
Өчнөөн сүм хийд бурхан тахил судар ном галдан шатааж, үнэнчээ онцгой харуулахаар улангассан авч түүнийг баривчилсан. Тэр бээр ал гэснийг нь алаад, шатаа гэснийг нь шатаагаад байхад баривчилдаг юм бол та нарыг бүгдийг чинь сүйтгэнэ дээ гэж занаад, тухайн үеийн нам засгийн удирдагчдыг бараг бүгдийг мөн Дотоод яамны ногоон малгайт журмын нөхдөө эсэргүү бүлгийн гишүүн гэж гүтгэн цаазлуулаад, өөрөө амь мултрах гэтэл харамсалтай нь түүнд цаазын ял өгчээ. Өч төчнөөн гэмгүй хүн өрөвдөх сэтгэлгүй яргалсан түүний үнхэлцэг цаазын ял сонсоод хагарчих шахсан нь бараг инээдэмтэй. Айсандаа эсэргүүн бүлгийн гишүүн хэмээн цааш нь дарга нарын нэрийг зарлаж гарчээ. Орос сургагч нар түүнийг тусгай тохилог өрөөнд ганцаарангий нь оруулж, сайн чанарын хоол, тамхи зэргээр хангаж, алах ялыг гүйцэтгэх өдрийг хойшлуулж эхэлснээр хүний мөсгүй Лосол амь гарах нь гэж горьдоод, Холбоот улсаас салж Японтой нийлэх зорилго бүхий эсэргүү бүлгийн 300 гишүүн нэрлэж бариулсан. Орос сургагчдын хэрэг бүтсэн учраас түүнийг буудчихсан.
Тэр гомдол хорсолдоо багтран амьсгал хураасан биз. Харин тэр хэнд хорсоо бол? Монголд уу, Оросод уу? Үзэн ядсан нь гарцаагүй. Түүний ольсон 300 хүн нь дээрээсээ П.Гэндэн, А.Амар, Д.Догсом, Д.Лувсаншарав, Г.Дэмид, Б.Баасанжав, Ш.Аюуш, Д.Намсрай, С.Довчин, Д.Дорж, Ж.Сэнгэдорж гэх мэт шилдгүүд бүгд цаазлуулсан. Лосол шоронд байхдаа хэн нь амьд яваад хэн нь үхэх ёстой юм бэ, бүгдийг чинь нэрлэнэ дээ гээд наранд яваа анд нөхдөө занаж, шинээр сайд, орлогч сайдад томилогдсон хүмүүсийг матахаар чих тавин сураглаж байсан гэдэг юм. Орос хэлмэгдүүлэлтэд монгол хүн ингэж арчаагүйтсэн нь юутай шившигтэйв. Лосол хилс хэрэгт баригдсандаа өширхөж, ДЯЯ-ныхан болон нам төрийн удирдлагуудтай хамт унахыг эцсийн зорилгоо болгосон нь гутамшигтай чанар мөн биз?
Ийм сэтгэхүйтэй хүн одоо ч бишгүй бий. Харьд цагаачилсан монголчууд нэг нь нөгөөгөө дээрэмдэж, худалдсан тухай мэдээ гол горойлгох юм. Лосолын санаачилгаар устгасан Өвөрхангайн хуваргууд, Дорнод дахь Лхүмбийн бүлэг, Жамъянжав, Өлгий, Егүзэр хийдийн эсэргүү хэрэг 1990 оны шалгалтаар бүгд бузар гүтгэлэг байсан нь тогтоогдсон. Лосол мэт нь өөрөө үй түмэн хүн хилсээр тоохгүй алж чаддаг атлаа өөрсдөө гүтгүүлмэгц аль болох олон нөхөдтэйгөө хамт алуулахыг хичээх нь зөвхөн монгол хүнд байдаг өөдгүй зан биш биз дээ гэхээс зүрх минь өвдлөө. Ганц Лосол байгаагүй олон Лосол байсан. Ийм өөдгүй хүмүүс хэлмэгдлийг дэврээдэг агаад нөхөддөө, эх орондоо гай тарьдаг ажээ. П.Гэндэн Г.Дэмид Д.Намсрай Д.Лувсаншарав гэх зэрэг хэлмэгдсэн дарга нар бараг бүгд нөхдийнхөө амиар гараа цустсан амьтад байв. Харин эсэргүүн нударган хэмээн өчиггүй буудуулсан лам нар ба чинээлэг малчид нэг ч хүн гүтгэж хөнөөгөөгүй. Гол ялгаа нь үүнд буй юм.
Би түүхч бус зохиолч. Надад түүхчдийн олж үзээгүй сурвалж гэх юм нэг ч байхгүй. Тийм зорилго би өмнөө тавиагүй бөгөөд тийм боломж өчүүхэн надад яахан байх билээ. Харин би бүхэнд эдүгээ илэрхий болсон түүхийн баримтыг тухайн цаг үетэй нь уялдуулан дүгнэхдээ зарим зүйл дээр арай ондоо байр сууринаас уран бүтээлч хүний гаж сэтгэлгээгээр харж, дуу хоолойнхоо сорьцыг шинжлүүлэхээр ардчилсан лабораторид өгч буй нь энэ. Шинжилгээний хариу ямар гарахыг би мэдэхгүй, түүхийн шинжлэх ухаан мэдэх хэрэг. Гэхдээ улс төрд автаагүй түүхийн шинжлэх ухааныг би хэлж байна.
Хэлмэгдэл гэж юу болоод өнгөрснийг дүгнэж, түүхэнд үлдээсэн албан ёсны тайлбар бол шал худал зохиомол ухуулга юм. Гүтгэлгээс ондоо баримт архивт үлдээхгүйгээ оросууд мэдэлгүй яахав. Москвад харин юм бий байх. Монголд өгч болно гэсэн баримтыг сүүлийн жилүүдэд их л харамчаар цувруулан Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаараа билэг сэлт мэтээр баяр ёслолын байдалтай дамжуулдаг дипломат жишиг тогтов. Үүнд нь манай ахмад зүтгэлтнүүд алга ташихыг яалтай. Монголчуудыг яргалсан оросууд өөрсдийнхөө бурууг зөвтгөж, тэдэнд буудуулсан монголчууд ардын дайсан, Японы тагнуул байсан гэж хойч үед рапортлах нь зүй.
Харин тэдний энэ хорон санааг “Монгол түүхийн жинхэнэ үнэн хувилбар” гээд биднийг хүмүүжүүлэх мөрийн хөтөлбөр болгосныг эдүгээ хатуу шүүж, тухайн үеийн хулчгар бялдууч нам төрийн толгойлогчдыг олон нийтээр жигшүүлэх нь зүй. Хамгийн ноцтой нь орос алуурчин-сургагч нарын нүглээ буян болгон хувиргаж үлдээсэн хуурамч баримтыг “түүхийн жинхэнэ үнэн” гээд өдгөө толгой дээрээ залагчид мунхагласаар байна. Тэд Оросын гутлын хоншоорыг долоож амьдрахаас ондооноор амь зуух чадваргүй амьтас байсан юм. Тэгээд одоо нүгэл нь илрэхээр мугуйд хорсолдоо хөтлөгдөн улаан оросыг магтсан тэр чигтээ зүтгэсээр ирээдүйг бузарлаж явна. Нүглээ ингэж арвижуулснаар үр ач нараа л хорлоно.
Ю.Цэдэнбал Москвад гэрийн хорионд цөхөрч суухдаа 1984 оны наймдугаар сарын 20-нд КГБ-ийн дарга Чебриковт захидал бичсэн аж. Тэр захидал хадгалагдан үлджээ. “Нөхөр Чебриков Виктор Михайлович. Эрхэм танаас энэ хэдэн мөрийг ЗХУКН-ын ТХ-нд дамжуулахыг хүсье гээд Зөвлөлтийн эсрэг шулуухан санаа бодолтой эхнэрүүд бий. Жишээ нь, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Жагваралын эхнэр байна.
Тэр бол буриадын цагаач зөвлөлтийн эсрэг үзэлтэн профессор Бямбын Ринченгийн охин юм. Жагварал нь БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга агсан Самбуугаас Ю.Цэдэнбалыг баривчлуулах бичиг авахыг завдаж байсан баримт бий (намын комиссын дарга Дэжидэд бий шиг санагдаж байна). Энэ тухай мэдээлсэн хүн нас барсан (магадгүй, учир битүүлгээр). Одоо үндсэрхэг үзэлтэн, Хятадын талыг баримталсан этгээдүүд толгойгоо өндийлгөх вий гэж санаа зовж байна” гэж мэдээлсэн нь өөртэй нь ижил үхлээ хүлээж буй хамтран зүтгэгч өвгөчүүлээсээ Увсын биш хэдийг дөнгөөд нүд анья гэж үхэхдээ үхэр буугаа тавьжээ. Энэ бол өөрсдийгөө хөнөөх нуралт. Хүний мөс үхэх, согтох хоёр дээр илэрдэг гэдэг дээ.
Ганхийвэл Оросын бууны суманд өөрөө нэгмөсөн ганхийдэг хатуу жишиг тогтжээ. Хөөрхий бидний монголчуудын АРГАГҮЙДЭЛ. Яах ч арга тэдэнд минь байсангүй. Улаан оросын өөдөөс сөрөөд эрх чөлөө тусгаар тогтнолоо эгүүлэн авч чадсан улс гараагүй юмдаг. Дундад Ази, Казах, ар өвөр Кавказ, Балти орчмын улс гээд цөм нухчин дарагдсан. Эдүгээ Чеченийг хар. Украйнд эдүгээ эвгүй хувь заяа нүүрлэв. Монголчууд бүгд Улаан Оросын өөдөөс одоогийн Чечений амиа золиослогч нар шиг тэр үед тэрсэлдсэн бол Оросууд хэдэн цөөхөн бүдүүлэг монголыг 70-80 жилийн тэртээх дэлхийн харанхуй мухарт гудийх ч үгүй хүйс тэмтрэх байсан. Ингэж бодохоор Чойбалсан нарын хулчгар зан оносон ч юм шиг.
Хичнээн аавын хүүгийн алтан амиар тусгаар тогтнолоо авч үлдэх юм бол гээд уйлж байсан нь үнэн ч баймаар. Нэг голд төрж өссөн Лхүмбийгээ Гэндэнд устгахгүй гэх мэдэл алга байв. Гэндэнгийн гавалд орос буу тулгаастай. Москвад хоригдсон Ю.Цэдэнбалыгаа нутаг нэгт Ж.Батмөнх эх орондоо авчрах эрх мэдэлгүйдээ шаналсаар өнгөрсөн. Лхүмбийг барихад тэднийх ядаж Гэндэнгийнтэй айл зусаж байсныг яана. Хэн хэндээ ямар хэцүү байсан бол? Лхүмбийн гэргий Норжмаа: Гэндэн гэрээсээ гараад манайх руу хазганаад ирсэн. Гэрт ороод Гэндэн хоймор суусан. Би цай аягалж өгөөд,
-Яаж байгаа юм бэ? гэсэнд,
-Энэ үг гадагш гарсан байвал чи мэдэх болно. Чи бол багш хүн, учир мэдэх хүн. Лхүмбэ хойшоо явсан биш одоо Дотоодыг хамгаалахын мэдэлд байгаа гэж хэлсэнд би учиргүй чангаар хашгирч уйлсан. Гэндэн,
-Чи уйлж болохгүй… хэ чи эм хүн гэж хэрэгт ордоггүй юм биш шүү дээ Норжмаа минь гэж хэлчихээд гараад явчихсан. Тэгээд 1934 онд улсын наадмын үеэр сонинд Лхүмбэ, Содном-Иш нарын зэрэг хүмүүсийг цаазаар авсан тухай бичсэн байсан. Лхүмбэ эсэргүү болсонд би их гайхдаг байлаа. Гэтэл дараа нь Гэндэн Дэмид зэрэг тэр үеийн томчууд баригдсан. Лхүмбийг тэд барьж шийтгээд дараа нь өөрсдөө Лхүмбэтэй адил болсон доо” гэжээ. Өөр нэг баримтад тамлагдаж зовсон Лхүмбэ Дэмидэд,
-Та нар бүр арчаагаа тасраа юу? гэж уурлан хэлэхэд Дэмид,
-Аргагүй болоод л ингэж байна шүү дээ. Аргатай бол чамайг яах гэж ингэж суулгахав дээ гэсэн байдаг.
Харин Улсын бага хурлын дарга А.Амар Лхүмбийг цаазаар авах тогтоолд гарын үсэг зуруулах гэхэд зуралгүй гүрийсэн нь өршөөлгүй харгислалын үед мөн ч лут зориг шүү. Монгол хүний ийм чанараар үр хүүхдээ хүмүүжүүлэх сэн. Лхүмбийн хэрэгт 53 хүнийг буудаж, 136 хүнийг 10 хүртлэх жилээр хорьж, 126 хүнийг ЗХУ-д цөлжээ. Колымын хөлдүү хойгт хүний ёсноос ангид зовлон туулсан тэд эргэж ирэхчээ болоход 1936 онд Амар Догсом нарын чармайлтаар хувьсгалын 15 жилийн ойг тохиолдуулан Улсын бага хурлаас өршөөл үзүүлж сулласан юм. Гэвч 1937 онд дахин баривчилж, ямар ч гэмгүй хөөрхий тэр олон буриадыг буудан хороожээ.
Лхүмбэ хатуу ширүүн эрүү шүүлтэд тарчилж ухаан алдаж байхдаа ч өөрт тулгасан нэг ч хилс хэрэг хүлээгээгүй бөгөөд “Тэгж сайн нөхөд, гэмгүй хүмүүсийн цусаар гараа угаагаад яахав. Ганц толгойгоороо дуусъя” гэж хэлээд амиа алдсан хүн. Олон хүн сайнтай муутай, ой мод урттай богинотой гэж. Ж.Лхүмбэ Б.Лосол хоёрын хооронд их зөрүү байжээ.
ДХГ-ын орлогч дарга Ц.Гиваапил Бага хурлын дарга А.Амарт бичсэн өргөдөлдөө, гэмгүй хүмүүсийг олон хоног өдөр шөнөгүй ээлжлэн байцааж, тамлан зодож, хилс хэрэг хүлээлгэж буйг, мөн хэргийг чухал нууц хэрэг гээд прокурорыг оролцуулахгүй байгааг, ямар ч хэргийг ялтны мэдүүлгээр баримт болгох ёсгүй, энэ нь хууль зөрчиж буйг мэдэгджээ. Ц.Гиваапил ийнхүү тэмцсэн боловч тэр ганцаардаж басхүү амиа өгсөн юм.
1939 оны долдугаар сард VIII морьт дивиз үүргийн дагуу цуваагаар явж байхад газар шүргэм доогуур долоон онгоц гарч иржээ. Манайхан япончууд гээд таралт хийх гэтэл доогуур ниссэн онгоц бүгд том улаан таван хушуутай байсанд цэргүүд баярлан орос ах нар байна “ура аа” гэж гар даллан хөөрцөглөтөл нөгөө таван хушуутай онгоцууд цувааг сүйртэл бөмбөгдөөд алга болжээ. 90 цэрэг алагдаж, цаана нь хичнээн ч шархадсан юм, 230 орчим агт морь, 80 гаруй үхэр тэмээ үрэгдэж, эд материалын зөндөөн хохирол амсчээ. Оросын онгоцууд монгол дүү нараа бут ниргэсэн нь Баргын морин цэрэгтэй андуурсан алдаа байв.
Оросууд алдаагаа нууж, манай Цэргийн яамны орлогч сайд, Бүх цэргийн жанжны орлогч, Корпус командлагч Ц.Лувсандонойг Японы онгоцуудыг зориуд дуудан бөмбөгдүүлсэн гэсэн гүтгэлэг зохиож, түүнийг тэр дор нь фронтын шугаман дээрээс баривчлан шууд хойш нь Москва дахь Бутырийн шоронд аваачаад эрүүдэн тамалсаар 1941 оны долдугаар сард, манай наадмын өдрөөр цаазалсан байдаг. Андуурч бөмбөгдсөнийг манай удирдлага сайн мэдэж байсан ч айгаад дуугарч чадаагүй нь аргагүйдэл юм биз. Харин одоо ардчиллын үед орлогч жанжныхаа эмгэнэлт хувь заяаг тоохгүй дурсахгүй байгаа нь зэвүүн.
Хөөрхий Лувсандоной гэгч тэр залуу тамлуулж байхдаа, цаазлуулж зогсохдоо яасан их гомдоо бол. VIII дивизийнхэн Японы бус орос ахын том таван хушуутай онгоцууд биднийг бөмбөгдсөн гэж зориглон хэлсэн бол бүгд өнгөрөх байв. Тэд амиа орлогч жанжныхаа амиар аварсан ч юм шиг. Орос нисэгчид ч мөн ялгаагүй амиа тэгж хоохойлсон биз. Хамгийн муухай нь тухайн үед баривчлагдан байцаагдсан цэргийн дарга нарын мэдүүлэг гэгчийг Монгол талаас гаргуулжээ.
Түүнд юу гэж гүжирдсэн бэ гэхээр “Гадна талд Япон, дотоодоос бид нар өөрийн цэргийн хүчийг хоёр талаас хамтруулан Орос цэргийн ангитай байлдаж, тэднийг өөрийн нутаг дэвсгэрийн дотроос хөөн гаргана гэж Лувсандоной хэлсэн. Долдугаар сарын 11-нд улсын их баяр наадмаар Чойбалсанг алахаар даалгасан нь үнэн болно” гэх мэт хуурамч мэдүүлэг До яамныхан бүрдүүлсэн нь бий гэнэ. 1956 оны арванхоёрдугаар сарын 8-нд ЗХУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн 44\022695 дугаар магадлал болон БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын 1962 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 23 дугаар тогтоолоор Ц.Лувсандонойг цагаатгасаар атал долоон жилийн дараа буюу 1969 онд зарим ахмад дайчид, “Лувсандоной эх орноосоо урван тэрсэлж, харийн дайсанд биеэ худалдан, өөрийнхөө эх оронч үй олон хөвгүүдийг дайсны бөмбөгдөлтөд зохион байгуулалттайгаар аваачиж өгсөн” гэж хэлмэгдсэн хөөрхий нөхрийнхөө ясыг гуаглан тоншчээ. Монгол нь монголоо татаж унагадаг нуралт зогсох бол уу.
Нэг өдөр улаантан нөгөө өдөр цагаантан омгорхсон, заримдаа хэн нь ч мэдэгдэхгүй атаман довтлон дайрч алс дорнотын буриад зоны адуу мал хүнс хоолыг хураана. Буриад нарыг алж талах тонон дээрэмдэх нь гаарчээ. Буриадууд ой хөвчид нуугдаж, чимээ гаргахгүйн тулд хүүхдээ уйлуулахгүй, нохойгоо хуцуулахгүй гэж ядаж байжээ. Оросын яргаллаас дүрвэж, элэг нэгт Монголдоо хил даван нүүж эхэлсэн юм. Гэтэл Японоос болгоомжилж суусан Сталины амнаас нүүж буй тэр буриадууд чинь цагаантны оргодол атаман Семёновын үлдэгдэл, хувьсгалын эсэргүүчүүд гэсэн үг унажээ.
Сталин “Буриад нарын нүүдэл суурьшлын асуудал эрхэлсэн комисс” байгуулж даргаар нь ЗХУКН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн Питаковыг томилсон бөгөөд Монголын талын даргаар МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн Ж.Лхүмбэ тавигджээ. Дараа нь Оросын тал дээрх комиссыг татан буулгаад Питаковыг цаазлав. Оросууд Монголд бас эсэргүү Питаков байх ёстой гээд албан тушаал, хариуцсан алба ижил Лхүмбийг егүүтгэж, 2000 шахам буриад зоныг тонилгов. Ерөөд гэхэд л бүх эрчүүд, том биетэй эрэгтэй хүүхдийг хүртэл баривчилж, хөгжлийн бэрхшээлтэй гурван эр хүйстэн үлдсэний хэлгүйг нь хүний оронд баривчлаад явжээ.
Хилсээр баригдаж, аймшигт эрүү шүүлтэд тэсэхүй еэ зовж, бас үхэж өгөөгүйдээ шантарч, мөн гомдож хорссондоо Оросын бууны нохой болж, монголчуудаа тамлаж, ад хөдлөм хийрхэж явсан хувьсгалч нөхдөө гүтгэн баривчлуулж, хонзонгоо авч, хуйгаараа нурж байсан ч гэлээ, харин наранд яваа монгол нь монголоо гүтгэн баривчлуулахыг сэдэж байсангүй. Лхүмбийг гэхэд л ЗХУ-ын Улс Төрийн Нэгдсэн Удирдах Газрын гадаад хэлтэс Улаанбаатараас Сталинд матаж, баривчилсан болохоос санаачлага монголчуудаас гараагүй байна. Ер нь бүгд энэ загвараар баривчлагдаж байсан болтой. Москва ч юм уу, оросын элчин ч юм уу, хэн нэгэн орос сургагч ч юм уу, Монголын удирдлагад үүнийгээ барь, түүнийгээ бууд гэхэд л өөдөөс нь ганхийх эрх байсангүй.
Ийм зан чанарыг жигшнэм. Өөдгүй зангаасаа болж бид бие биеэ харь гүрний хоол болгож иржээ. Ер нь хэлмэгдэлд хэдэн хүн устгасан тоо байхгүй. Жалга ганганд хэдэн арав, зуугаар нь ямар ч тогтоолгүй буудчихсан хүмүүс тооцоонд оролгүй шороонд булагдсан. Үүнийг нуух улс-төр Монголоос одоо ч салаагүй байна.
Цэндийн ДОРЖГОТОВ
URL: