“ОЮУТОЛГОЙ”-той ӨСӨЛТ БА “ОЮУТОЛГОЙ”-гүй УНАЛТ
Монгол Улс багтдаг Зүүн Азийн бүс нутаг эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлдэг. Тэгвэл манай улс эдийн засгийн өсөлтөөрөө бүс нутагтаа төдийгүй бусад улс орнуудыг өнгөлж байна. Сүүлийн дөрвөн жилд Монголын эдийн засгийн өсөлт хоёр оронтой тооноос буураагүй. 2011 онд 17.2 хувиар өссөн бахархам түүх манай улсынх. Монголын эдийн засгийн өсөлтийн хурд саарах, ширүүсэх эсэхийг олон улсын болон дотоодын санхүүгийн байгууллагууд таамаглаж, урьдчилан зарлаад байгаа. 2014 онд 9.5 хувиар өснө гэж Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Ян Хансен саяхан мэдээлэв.
“Оюутолгой” компани өнгөрсөн оноос зэсийн баяжмалаа экспортолж эхэлсэн нь эдийн засгийн өсөлтөд сайнаар нөлөөлнө гэсэн тодотгол үүнийг дагаж байна. Түүнчлэн тус банкны эдийн засагчид Монголын эдийн засаг ирэх оноос буцаад 10-аас дээш хувиар өснө гэсэн өөдрөг таамаг дэвшүүлж буй. Азийн хөгжлийн банкныхан “Азийн хөгжлийн төлөв-2014″ тайландаа “Монгол Улсын эдийн засгийн цаашдын төлөв БНХАУ болон дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас ихээхэн хамааралтай хэвээр байх бөгөөд болзошгүй гадаад цочролоос хамгаалах “зөөлөвч”-ийг одоо баримталж буй бодлогууд бүрдүүлж чадахааргүй байна” хэмээн дүгнэжээ.Олон улсын валютын сангийнхан 2013 онд Монголын эдийн засаг 11.8 хувиар өснө гэж бараг л онож “буудсан”. Тэгвэл тус сангийнхан “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайландаа 2014 онд Монголын эдийн засаг 11.7 хувиар өснө гэж төсөөлөөд буй. Түүнчлэн Дэлхийн банкнаас Зүүн Ази, Номхон далайн улирлын тоймыг өчигдөр танилцууллаа. Тайландаа Малайзын эдийн засаг 4.9, Филлиппинийх 6.6, Мъянмарынх 7.8, Вьетнамынх 5.5 хувиар өснө гэж таамаглаж буйгаа дурджээ. Харин Монголын эдийн засгийн өсөлтийн талаарх төсөөлөл алга.
Тус банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн ахлах эдийн засагч Берт Хофман “Монголын эдийн засагт “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны санхүүжилт эхлэх явдал маш чухал” гэсэн юм.Монголын эдийн засагт үлэмж нөлөөтэй “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны санхүүжилт эхлэхгүй хэр удах нь өсөлтийн хурдыг тодорхойлно гэж үзэж байгаа юм болов уу. Олон улсын байгууллагууд Монголын эдийн засгийн өсөлтийг ингэж таамаглаж буй бол мөнгөний бодлого барьж, эдийн засаг өсөж, буурахад хамгийн гол нөлөө үзүүлэх эрх дархтай Монголбанк ихээхэн гундуу төсөөлөв.
Төвбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал 2014 онд эдийн засаг 6-7 хувиар өсвөл сайнд тооцогдоно гэж үзэж байх юм. Яг одоогийн эдийн засгийн суурь нөхцөлд тулгуурлаж таамаглал дэвшүүлбэл ердөө дөрвөн хувиар өсөх гэнэ. Дөрвөн хувийн өсөлтийг зөвхөн хөдөө аж ахуйн салбар бүрдүүлэх аж. Тэгэхээр энэ жил хөдөө аж ахуйгаас бусад салбар “сул зогсолт” хийх бололтой. Гэхдээ шинэ он гараад дөнгөж эхний улирал шувтарч байгааг мартах учиргүй.Дахиад нэг улирал өнгөрөхөд Монголын эдийн засгийн суурь нөхцөл өөрөөр эргэсэн байхыг ч үгүйсгэхгүй. Учир нь “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны санхүүжилтийн хоёр тэрбум ам.долларын түрүүч зах зээл рүү цутгаж эхэлбэл эдийн засаг эерэг хүлээлтээр цэнэглэгдэх юм. Энэ мега төслийн дараагийн шат хөдөлбөл хөрөнгө оруулагчид Монгол руу эргэнэ гэж итгэж буй. “Оюутолгой”-н санхүүжилт Монгол руу ам.доллар урсгах цорго болж буй гэлтэй. Энэ цоргоны хавхлага хаалттай удах тусам Монголын эдийн засгийн өсөлт удааширна. Хэр хурдан нээгдэнэ, тэр хэрээр эдийн засгийн өсөлт хурдсах нигууртай. Өөрөөр хэлбэл, Монголын эдийн засгийг өсөлтийг хурдасгах хүч “Оюутолгой”-д байна гэсэн үг.Монголбанк төгрөгийн ханшийг өнөөгийн түвшинд сул байлгаж, ханшийг чангаруулах хэмжээний ам.доллар зах зээлд орж ирвэл хамж авах стратеги баримтална гэсэн. “Оюутолгой”- н санхүүжилт эхэлбэл орж ирсэн ам.долларыг Монголбанк худалдаж аваад бодит эдийн засаг руу төгрөг нийлүүлнэ.
Харин эхлэхгүй бол Төвбанкнаас бодит эдийн засагт мөнгө нийлүүлэх боломж олдоход бэрх. Мөнгөний дутагдалтай эдийн засаг өсөхг үй. “Оюутолгой”-н санхүүжилт эхлэхгүй бол эдийн засаг унана, эхэлбэл өснө. Өөр зам харагдахгүй байна. Харин цэнхэр гаригийн эдийн засаг гурван хувиар өснө гэсэн таамаглалыг Дэлхийн банкны эдийн засагчид гаргажээ. Эх дэлхийг тойрон бүрхсэн 200 гаруй орны заримынх нь эдийн засаг өсөж, заримынх нь агшиж байдаг зүй тогтолтой. Гэвч дундажлаад үзвэл 1-3 хувиар тэлсэн байх нь элбэг. Ази тив, тэр дундаа Зүүн Азийн эдийн засаг сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж буй. Өсөлтийн хурдыг нь дэлхий нийт нүд салгалгүй харж, хөрөнгө оруулагчдын мөнгөний гуйвуулга энэ зүг рүү хандаж байна. Малайз, Сингапур, Солонгос, Япон, Лаос, Камбож, Хятад, Монгол зэрэг улсаас бүрдсэн энэ бүс нутгийн эдийн засаг 2013 онд 7.1 хувиар тэлснээр хамгийн хурдан өсөлттэйд тооцогдсон юм. Азийн хөгжлийн банк 2014 онд энэ бүс нутаг эдийн засгийн өсөлтийн хурдаа хадгалах магадлалтай гэж таамаглав. Зүүн Азийн бүс нутгийн улс орнуудын эдийн засаг 2009-2013 онд дунджаар найман хувиар өсөж байсантай нь харьцуулбал хурд нь саараад буй юм.Дэлхийн хөндөгдөөгүй ашигт малтмалын нөөцийн гурван нэгийг газрын хэвлийдээ агуулдаг Африк тивийн эдийн засгийг Зүүн Азийнхаас ч хурдацтай өсөх боломжтой гэж Олон улсын валютын сангийнхан таамаглаж байна. Гэвч “хар тив”-ийн хөгжил дэвшил, үйлдвэржилт Зүүн Азийг бараадахааргүй хол хоцорчээ. Зүүн Азийн эдийн засгийн тулгуур багана нь Хятад юм. Энэ бүсийн хамгийн том эдийн засаг нь БНХАУ бөгөөд өсөлтийн хувь нь сүүлийн жилүүдэд тасралтгүй “өндөрт” буй. Өнгөрсөн онд 7.7 хувиар өссөн нь ч чамлах үзүүлэлт биш. Дэлхийн банкныхан энэ жил Хятадын эдийн засгийн өсөлт удааширна гэсэн таамгийг дэвшүүлжээ.
Гэхдээ огцом биш, аажмаар уруудах гэнэ. Тус банкны эдийн засагчдын тооцоолсноор Хятадын эдийн засаг 7.6 хувиар өснө гэж таамаглаж байна. “Хүрхэрч буй луу”-гийн хотжих үйл явц эдийн засгийн өсөлтийг сааруулахгүй байх бүрэн боломжтой аж. Зүүн Азийн бүс нутгаас Хятадыг хасаж тооцвол бусад улс орны эдийн засаг дунджаар таван хувиар өснө гэж Дэлхийн банкнаас төсөөлөв.Зүүн Азийн Хятадаас бусад улсын эдийн засаг өнгөрсөн жил дунджаар 5.2 хувиар өсөж байжээ. Ерөнхийдөө өсөлтийн хурд саарна гэсэн таамаг Зүүн Азийг бүрхэв. Саахалтын хот айлын маань чадал чансаа ямаршуухан байх нь монголчуудад бас нөлөөтэй. Ялангуяа Хятадын эдийн засгийн өсөлт саарч байгаа нь Монголын хувьд эмзэг сэдэв юм. Хятад хэмээх хэрэглээний их далай Монголын зэс, алт, нүүрс, төмрийг дангаараа худалдан авдаг. Эдийн засаг саарвал манай түүхий эдийн үнэ унах аюултай. Зэсийн үнэ унавал “Рио Тинто” “Оюутолгой”-н санхүүжилтийг эхлүүлэхгүй гүрийчихэж мэдэх юм.
Т.ЭНХБАТ
URL: