“ЦААД ЭЗЭН”-ИЙГ ОЛОХГҮЙ БОЛ “ҮНЭЛГЭЭ” ТАСРАХГҮЙ
“Хас Монгол”, “Цагаан хас” бүлгэмийн залуус Баянгол дүүрэгт байдаг “Эйл хаус” иллэгийн газарт өнгөрсөн сарын 5-нд очиж, тэнд байсан арав гаруй эмэгтэй биеэ үнэлж байсныг тогтоон баримтжуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Саун, иллэг хийх нэрээр охид, бүсгүйчүүдийн биеийг үнэлүүлдэг газар Улаанбаатарт төдийгүй томоохон хот суурин газарт ч олон болсон аж.
Ийм газруудын нэг нь Баянгол дүүргийн V хороонд байрлах “Наранмандал” эмнэлгийн хонгилд байдгийг тэр хавийнхан сайн мэддэг юм билээ. Иллэг хийх нэрээр эмэгтэйчүүд биеэ үнэлдэг гэх сургаар энэ сарын 3-ны 01.00 цагийн үед очлоо. “Наранмандал” эмнэлэг байрладаг гудамж руу ороход “Их ид” цайны газар гэсэн самбар харагдав. Төмөр хашаатай, гэрэлтүүлэг, хаяггүй хаалганы үүдэнд 20 гаруй насны хоёр залуу “Манай найз ийшээ орсон юм. Гарч ирэхийг нь хүлээж байна” гээд зогсож байв.
Хаалгыг нь тогшвол дотроос “Арван минут хүлээж бай” гэх эмэгтэй хүний дуу сонсогдлоо. Тэр үеэр 30 орчим настай залуу харанхуй гудамжаар бүдэчсээр ирлээ. Удалгүй хаалга онгойж, тэр залуутай хамт хонгил руу оров. Тод гэрэлтэй, чийг үнэртсэн бүгчим хонгилд биднийг угтсан 24-25 настай болов уу гэмээр жирэмсэн эмэгтэй “Хэн нь түрүүлж орох вэ. Цагаар уу, минутаар уу” гэж шууд л асууж байх юм. Хамт орсон залуу маань санаа нь зовсон бололтой “Чи түрүүлж орох уу” гэхэд нь “Та ор” гэж хэлээд үлдэв. Угтагч бүсгүй “Тооцоогоо энд хий. Гутлаа тайлаад, углааш өмсөөд тэр өрөө рүү ор” гэж зааж байна. Хаанаас ч юм, эмэгтэй хүний дуу гарч “Хувцсаа тайлаад хүлээж байгаарай” гэх сонсогдов.
Угтагчаас “Танай эмэгтэйчүүдээс хоногоор авч болох уу” гэж асуухад “Болно” гэлээ. Иллэг хийж, алжаал ядаргаа тайлдаг гэх энэ газарт 20 минут саатвал 35.000, цаг нь 70.000, хоног нь 200.000 төгрөгийн үнэтэй гэнэ. Эмэгтэйчүүдийг нь цагаар болон хоногоор авах тохиолдолд тэднээс сонгоод гадагшаа авч гардаг, 20 минут “иллэг” хийлгэвэл энд байдаг өрөөнд орж үйлчлүүлдэг аж. Хонгилд ойролцоогоор таван өрөө лав байна лээ. Булангийн өрөөнд орсон хүний цаг нь дууссан бололтой “Хөөе наадахын чинь цаг дуусчихлаа. Чи ашиглуулаад байна ш дээ. Одоо гар гар” гэж угтагч эмэгтэй эрээ цээргүй хашгирна. “Иллэг” хийгч, хийлгэгч хоёрыг гарахад өрөөнийх нь хаалгаар шагайвал тун давчуу аж. Өрөөнд лаа асааж, ор, угаалгын машин тавьсан харагдав. Угтагч бүсгүй “Түр хүлээж байгаарай” гэснээ хажуу талын том өрөөнд орлоо. Сэм чагнавал “Охид оо, гадуур цагдаагийн шалгалт их байна. Уг нь хоногоор, цагаар явчихвал та нарт амар л даа. Гадаа байгаа залуу хоногоор авна гэнэ. Би оруулаад ирье” гэх нь дуулдав. Дотогш орвол өндөр өсгийтэй ботинк жийсэн, нүцгэн шахам биедээ бүсэлхийгээрээ татсан цагаан нөмрөг өмсөж, үсээ задгай тавьсан 19-25 орчим настай болов уу гэмээр таван бүсгүй зогсож байлаа. “Цагийн дараа хүрээд ирье” гэж хэлээд ямар ч гэсэн тэндээс гарлаа. Надтай зөрөөд костюм, цамц, зангиа болсон хоёр залуу орж ирж, хоёр эмэгтэйтэй цаад талын өрөө рүү орж харагдсан. Мөн 35 орчим насны хоёр залуу орж ирэхэд угтагч нэгийг нь ихэд танимхайрч “Ойрд яагаад ирсэнгүй вэ” гэхийг сонсвол байнгын үйлчлүүлэгч нь бололтой. Гадаа гарвал дөрвөн залуу, цаана нь гурван машин зогсож байлаа. Тэдэнд угтагч “30 минутын дараа хүрээд ир” гэж байгаа нь дуулдав. Эндээс эрчүүдийн хөл тасардаггүй нь илт.
Тэндхийн нэгэн илээч бүсгүйг амардаг өдөр нь гадуур уулзаж ярилцсан юм.
-Би байдаг л нэг амьдралтай айлын охин. Аав, ээж боломжийн орлоготой. Хувиараа бизнес эрхлэх гэсэн ч нэлээд мөнгө дутаж, “Энд мөнгө сайн олдог ажил бий” гэж найз охиныхоо хэлсний дагуу ирсэн. Нээрээ ч овоо хэдийг олчихдог. Гэрийнхэн маань миний юу хийж байгааг мэдэхгүй. Найзынхаа дэлгүүрт ажиллаж байгаа гээд хэлчихсэн. Ер нь бүгдээрээ л гэрийнхнээсээ нууж өөр тайлбар хэлдэг дээ. Би дараа сараас англи хэл, компьютерийн дамжаанд сурах төлөвлөгөөтэй байгаа. Энэ амьдралдаа цэг тавихыг хүсдэг. Манай эндхийн эмэгтэйч үүд ч бүгдээрээ ийм бодолтой. Ийм зам руу хөл алдсан зарим охид илүү их мөнгө олохын тулд нэгнийгээ даган Эрээн, Бээжин, Хонконг руу явдаг. Тэднээс ганц нэг нь буцаж ирдэг ч ихэнх нь сураг тасардаг юм шиг байна лээ. Бид өглөө 08.00 цагаас ажилдаа ирж, 48 цаг үйлчилгээнд гараад, 24 цаг амардаг. Нэг гараанд ойролцоогоор 5-6 охин гардаг, нийт гурван ээлжтэй. Охид өөрсдийн нэрээ хэлдэггүй, бүгд хочтой. Хочийг анх ирэхэд бусад нь өгдөг.
Бүсгүйчүүд орлогынхоо 35.000-аас 20.000, 70.000-аас 40.000, 200.000-аас 120.000 төгрөгийг өөрсдөө авдаг. Өдөрт нэг эмэгтэй доод тал нь 200 мянга, тэрнээс дээш олно. Царай сайтай охид 600 мянгыг хийдэг байсан гэдэг юм билээ. Өдөрт нэг эмэгтэй 5-20, магадгүй тэрнээс ч олон хүнд үйлчилдэг. Энд эмэгтэйчүүдийг үйлчлүүлэгчтэй үнсэлцэхийг хориглодог. Бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэхийг шаарддаг. Манайд янз бүрийн насны эрчүүд орж ирнэ. Ихэнхдээ согтуу байдаг. Ааш авир нь хэцүү, өмнө нь нэг эмэгтэйг согтуу үйлчлүүлэгч нь зодож, уруулыг нь сэтэлж байсан. Манай хамгаалагч нар гадаа машинд сууж байдаг. Хэрүүл зодоон болбол орж ирж тусална. Мөн эмэгтэйчүүд цагаар болон хоногоор гарахдаа хаашаа явж байгаа, хаана очсоноо хамгаалагч нарт утсаар мэдэгддэг гэж ярьсан юм.
Маргааш нь дахин очиж, байдлыг нэлээд ажиглалаа. Эрчүүд орж гарсаар л байсан. Энэ хавьд амьдардаг гэх нэгэн иргэнтэй уулзахад “Залуудаа ийм ажил хийж байсан Саруул гэдэг эмэгтэй тэр газрыг ажиллуулдаг гэсэн. Жинхэнэ нэр нь ч биш байх л даа. Тэндхийн хүүхнүүд тэгж дууддаг. Жил гаруйн өмнө цагдаа нар энэ газрыг хаасан. Сар гаруй хаалгаа барьж байгаад дахин ажиллаж эхэлсэн. Хууль сахиулах байгууллагын нэг том дарга “арыг нь даадаг”, Саруул эргүүлийнхэн, үндсэрхэг үзэлт залууст мөнгө төгрөг өгдөг гэх юм билээ. Би ямар харсан биш, манай эндхийнхэн л ингэж ярьж байхыг сонссон. Хааяа орос, солонгос зэрэг гадаад хүмүүс ирдэг гэсэн” хэмээн ярьснаа “Чи яах гээд сонирхоод байгаа юм бэ. Арай цагдаа, энэ тэр биш биз дээ” гэсээр зугтах шахам явлаа.
Өнгөрсөн долоо хоногт ДОХ-ын гурван тохиолдол зэрэг илэрсэн. Тэд сайн дураараа шинжилгээ өгсөн хүмүүс байсан гэнэ лээ. Хэрвээ иргэдийг нийтээр нь шинжилгээнд хамруулбал ДОХын халдвар тээгчид нэмэгдэх магадлалтай. Аймшигт өвчний нян тээсэн хүн дээрх газарт байвал өдөрт 5-20 хүнд үйлчилж байгаа бүсгүйчүүд, үйлчлүүлж байгаа эрчүүд цаашаа хэдэн хүнд тараах вэ гэж бодохоор айдас төрнө. Ийм маягаар үйл ажиллагаа явуулдаг газар, үйлчилдэг эмэгтэйч үүд цөөнгүй байдаг нь нэгэнт тодорхой. Эрүүл саруул, залуу зандан бүсгүйчүүд амар хялбар аргаар мөнгө олох гэж биеэ үнэлж явааг яах ёстой вэ. Ийм газар ажиллуулах, иргэн нь биеэ үнэлэхийг Монгол Улсад хуулиар хориглосон, буруу бусармаг үйлдэл гэж нийтээр жигшдэг. Гэтэл яагаад биеэ үнэлдэг газар оршин тогтнож, биеэ үнэлэгчид олширсоор байна вэ? Тэдний тухай хууль хяналтын байгууллага мэдэхгүй байгаа гэдэгт би лав итгэхгүй. Хаана нууц янхны газар ажиллаж, хэн гэдэг бүсгүй “илээч” хийж байгааг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тэгээд яагаад тэднийг хориглож, зогсоохгүй байна вэ? Учгийн цаад үзүүрийг эндээс л хаймаар. Тэгвэл “цаад эзэн” нь тодорно. “Цаад эзэн” гуайг олохгүй бол энэ “үнэлгээ” тасрахгүй.
inetmn
URL: